Н.Энхбаяргүйгээр амьдрахсан

Хуучирсан мэдээ: 2012.05.15-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяргүйгээр амьдрахсан

УИХ, Засгийн газрын хууль зөрчих тохиолдол болгоны ард өнөөх Ц.Нямдоржийн нэр явдаг шиг, телевизийн суваг бүрт, сонины хуудас бүрт өнөөх Н.Энхбаяр байсаар л байх юм. Хаан байхдаа бүх л сувгаар гарч байсан түүнийг хатавчинд аваачиж шалгаж хорьсон ч байдал хэвээрээ. Бүр байчихаад айлын таван настай хүү өглөө сэрэхдээ “өнөө Энхбаяр чинь үхээгүй юу” гэж асуусаар сэрж байх юм. Арван жилийн охид бие биенээсээ “тэр банди гэснээс, Энхбаяр сонгуульд өрсөлдөх нь үү” гэж ч асууж байх шиг.

Суваг солих бүрт өнөөх нөхрийн дагалдагчид “суллаач” гэж, барьж хорьсон нь “суллахгүй” гэж мэдээллээд л, түүний төлөө амиа золиослоход бэлэн байгаагаа нэг хэсэг нь хэлцгээгээд л, зурагтын мэдээ дуусахдаа хүртэл “та бүхэнд МАХН-ын дарга Н.Энхбаярын эрүүл мэндийн талаар цаг тухайд нь мэдээллэх болно” гэдэг болов. Түүний өөрийнх нь телевиз бүр улаандаа гарчихсан. “Дуун дундуур дараараа ярьдаг FM” гэдэг шиг кинон дундуур гэнэт таслаад “шуурхай мэдээ” гэж ирээд л Н.Энхбаяр хэзээ мөдгүй үхэх гэж байна л гэх юм. Зурагтын сувгийг ч яах вэ сольж болно. Гэтэл суваг солиод байхад солигдож өгдөггүй Н.Энхбаярыг яалтай вэ.

Дээхэн үед Н.Энхбаярыг Монгол Улсын “хаан” байхад Баабар нэг удаа “Зурагтаа асаасан ч Н.Энхбаяр, сонин уншсан ч Н.Энхбаяр, радио сонссон ч Н.Энхбаяр. Одоо бүр индүүгээ залгахаас айдаг боллоо, Н.Энхбаяр гараад ирэх вий гэж” хэмээн инээж байсан даа. Зурагтаар “Мал өссөнд Н.Энхбаярын гавъяа их бий” гэж ярьдаг байсан юм чинь яах вэ дээ. Одоо ч гэсэн мөнгөө төлж худалдаж авсан сонинд маань бас л Н.Энхбаяр. “иргэн Н.Энхбаяр”, “сэжигтэн Н.Энхбаяр”, “Монгол Улсын гуравдахь ерөнхийлөгч Н.Энхбаяр” л гэнэ. Эрх нь зөрчигдсөн хүн Монголд ганцхан тэр юм шиг, Монгол Улс уртаашаа ганцхан хоригдолтой ч юм шиг. Түүнийг л ганцхан шалгаад байцаагаад байгаа мэт гадны байгууллагууд хүртэл эсэргүүцэл бичиг илгээгээд. Гэм зэмгүй гурван сайхан залууг түймрийн гал дунд чармай нүцгэн аваачиж амийг нь үйчихсэн Засгийн газар чив чимээгүй сууж, УИХ-ын эрхэм гишүүд нь харин “Н.Энхбаярын утсан чинээ улаан амийг…” хэмээн Ерөнхийлөгчөөс гуйж байх ч шиг. Энэ ч арай дэндэнэ ээ.

Н.Энхбаяргүй юм Монголд байхаа болилоо. Түүнийг ерөнхийлөгч байх үед “Авлигын загалмайлсан эцгийг шалгаач” гэж бичиж байсан нөхдүүд өнөөдөр эргээд “яагаад шалгаж байгаа юм бэ” гэж шүүмжлээд л. “Баривчлах нь зүйтэй” гэж байснаа мартаад “сулла” гээд л. Хэвлэлийнхэн ч тэр болгоныг нь шүүрч тавьсаар, телевизийнхэн эфирийнхээ хамаг цагийг өгсөөр байгаад хүссэн хүсээгүй түүнийг “ардын баатар” болгож орхилоо. “Өвөл боллоо цас орлоо. Дэлдэн туулай даарч байгаа даа” гэж дуулж байгаа цэцэрлэгийн жаалуудтай зэрэгцэн эмээ нар “өлсөж байгаа Н.Энхбаярыг бодохоор хоол орохоо болилоо” гэж хямраад. Хөхүүл хүүхдээ гэртээ үлдээгээд ирсэн эх хүн хүртэл “Н.Энхбаярын төлөө амиа өгөхөд бэлэн” гэж өлсөөд л. Ингэсээр түүнийг ямар учраас хуулийнхан шалгаж байгаа билээ гэдгийг сонирхох хүнгүй болсон нь Н.Энхбаярын төлөвлөгөө амжилттай хэрэгжсэнийг харуулж байгаа хэрэг. Өнөө их үнэн шударгын илэрхийлэл болсон дөрөв дэх засаглал, хэвлэл мэдээллийнхэн хүртэл түүнд ашиглагдчихаж.

Ингэхэд, Зүлгэн дээр гэрээ бариад, зүгээр нэг амьдарч болдоггүй юм гэхэд, зүгээр л… Н.Энхбаяргүйгээр амьдрах юмсан.

Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж