Мөнхийн ялагч байж гэмээнэ “МанЮ”-г гүйцнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.15-нд нийтлэгдсэн

Мөнхийн ялагч байж гэмээнэ “МанЮ”-г гүйцнэ

Премьер лигийн хамгийн баян клуб “Манчестер Сити” өнгөрсөн жилийн аварга “Манчестер Юнайтед”-ын өмнө гишгэж, аваргын цом хүртлээ. Гэхдээ тэд хөрш багийнхаа санхүүгийн амжилттай эн зэрэгцэхийн тулд хол зам туулах шаардлагатай тухай спортын бизнесийн салбарын шинжээчид бичиж байна.

Ням гаригийн орой “Квинс Парк Рейнжерс”-ийг талбайдаа хүлээн авч, 3:2 харьцаатай буулган авснаар “Манчестер Сити” 44 жилийн дараа Английн хөлбөмбөгийн топ төвшинд аваргын цом гардсан. Эдин Жеко, Серхио Агуэро нар шүүгчийн мэдлийн нэмэлт цагт гоолдсоноор эцсийн мөчид ялалт байгуулж, ижил 89 оноотой боловч гоолын зөрүүгээр “Юнайтед”-ын өмнө алхаж чадсан юм. “МанЮ”-гийн тухайд Премьер лигийн сүүлийн тойрогт “Сандерланд”-ыг талбайд нь 1:0-ээр буулган авсан билээ.

Английн хөлбөмбөгийн түүхэнд рекорд амжилт болох лигийн 19 түрүүтэй “Юнайтед” өнгөрсөн сард “Forbes” сэтгүүлээс нийтэлсэн жил бүрийн ээлжит жагсаалтыг найм дахь удаагаа тэргүүлсэн. Тус сэтгүүлээс “МанЮ”-гийн хөрөнгийг 2,24 тэрбум ам.доллараар үнэлсэн бол “Сити” жагсаалтын 13-т эрэмбэлэгджээ. Хэдийгээр Шейх Мансур бин Зайед аль-Нахьян 2008 онд “Манчестер Сити” клубын эзний суудалд заларч, багаа сайжруулж, топ төвшний өрсөлдөөнд авчрахаар өнгөрсөн хугацаанд нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн ч түүнийхээ үр шимийг хүртэх, ашиг, орлогын тал дээр өрсөлдөгчөөсөө нэлээд зайтай тасарчээ. 

Английн Ливерпулийн их сургуулийн спортын бизнесийн профессор Том Кэннон гэгч “Юнайтед бизнесийн хамгийн агуу загвартай баг. Тэдэнд мөнгөний урсгалыг өөрсдийн зүг эргүүлэх гурван үндсэн чиглэл бий, тоглолтын тасалбарын орлого, телевизийн шууд дамжуулах эрх болоод арилжааны чанартай арга хэмжээ. Английн өөр ямар ч баг тэдэнтэй дүйцэхгүй” хэмээжээ.

Дэлхий даяар 330 сая гаруй хөгжөөн дэмжигчтэй “Манчестер Юнайтед” мэргэжлийн бүхий л төрлийн спорт багуудаас хамгийн өндрөөр үнэлэгдсэн баг. Тэд Хойд Америкийн Бейсболын лигийн “Нью-Йорк Янкис”, Америк хөлбөмбөгийн лигийн “Даллас Ковбойс” багаас даруй 385 сая ам.доллараар илүү үнэлэмжтэй гэдгийг “Forbes” нэгэнт зарласан.

Тэрбумтан эзний ивээл

Абу Дабигийн хунтайжийн гэр бүлийн гишүүн, тэрбумтан Шейх Мансур “Ман Сити”-г Тайландын Ерөнхий сайд асан Такшин Шинаватрагаас худалдан авсан цагаас “шинэ аваргууд”-ын тавилан эргэсэн юм. Тэд өнгөрсөн улиралд FA Cup буюу Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээнд түрүүлж, 35 жилийн дараа анхны цомоо гардсан. Түүнчлэн анх удаа Аваргуудын лигийн өрсөлдөөнд хүч сорьсон, хэдий хэсгийн шатнаас хасагдсан ч “Сити”-гийн бас нэгэн түүхэн амжилт тэр байлаа. Харин өдгөө тэд Премьер лигийн 20 жилийн түүхэнд аваргын цомд хүрсэн тав дахь баг болж байна /Өмнө нь, “Манчестер Юнайтед”, “Блэкбурн Руверс”, “Арсенал” болон “Челси” багууд түрүүлж байв/. Тэд үүнийхээ шанд нэлээд хэмжээний мөнгөн шагнал авсан, дээр нь багийн удирдлага “Квинс Парк Рейнжерс”-тэй хийсэн сүүлийн тоглолтод хожвол тоглогч бүрийг 400 мянган ам.доллараар урамшуулахаа амласан нь тэднийг хэр баян гэдгийг илчилнэ.

“Энэ бүгд зөвхөн эхлэл байгаасай гэж хүсч, найдаж байна. Бид шинэ түүхийн суурийн тавилаа” хэмээн Манчини шийдвэрлэх тоглолтын дараа хэлсэн байна.

Үнэхээр шинэ түүхийн эзэд болсон “Сити”-гийн амжилт их мөнгө амлаж, эгнээндээ нэгтгэсэн Карлос Тевез, Давид Сильва, Серхио Агуэро нартай салшгүй холбоотой. Өдгөө “Сити” Испанийн “Барселона”, “Реал Мадрид” зэрэг “акулууд”-ын хамт дэлхийн хамгийн өндөр цалинтай спорт багуудын эгнээнд дээгүүрт бичигдэж байна. Тэдний тоглогчдын дундаж цалин 7,4 сая ам.доллар. Харин “Юнайтед” түүнээс хоёр орчим сая ам.доллараар бага гэнэ.

Санхүүгийн хүч

“Хэн ч тэдний санхүүгийн хүч чадалтай эн зэрэгцэхгүй, хэн ч шүү. Гэхдээ үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тиймдээ ч бид огт өөр замаар явж байна” хэмээн “МанЮ”-гийн дасгалжуулагч Сэр Алекс Фергусон тавдугаар сарын 6-нд болсон “Сити”, “Свонси”-гийн тоглолтын өмнө хэлж байжээ.

Хэдийгээр “Сити” тоглогчдоо шагнах, тэдний цалингийн тал дээр “Юнайтед”-аас хувь илүү ч “Deloitte” фирмийн судалгаагаар ашиг орлогын хэмжээгээр хотын өрсөлдөгчөө гүйцэхэд өдий төдий хугацаа шаардлагатай болох нь харагджээ. Тус фирмээс гаргадаг “Мөнгөний лиг”-ийг “Реал Мадрид”, “Барселона” тэргүүлж, “Юнайтед” гуравт бичигдсэн бол “Сити” 12 дугаар байрт жагсчээ. 2010-11 оны улиралд “Улаан чөтгөрүүд”-ийн орлогын хэмжээ 367 сая еврод хүрсэн бол “Сити”-гийнх 169,6 сая еврогоор хэмжигдэж байна.

“Юнайтед” гэсэн дэлхийн брэнд байна. Харин “Сити” хараахан үүнийг хэрэгжүүлж чадаагүй л байна. Тиймдээ ч “МанЮ”-г дэмжих, тэдэнтэй хамтарч ажиллах сонирхол бүхий дэлхийд данстай олон компани бий.

“МанЮ” бол брэнд

“Сити”-гийн гол спонсор бол Абу Дабигийн үндэсний агаарын тээврийн “Ethihad Airways” компани. Өнгөрсөн жил тэд клубын талбайг өөрсдийн нэрээр нэрлэж, өмсгөл дээр нь логогоо тавиулахаар 10 жилийн хугацаатай 482 сая ам.долларын гэрээ байгуулсан. Ойрхи Дорнодод “Сити”-тэй өрсөлдөх хөлбөмбөгийн баг гэж үгүй, гэхдээ Абу Дабигийн хилээс гаднахыг тольдох нь зүйтэй гэдгийг спортын бизнесийн шинжээчид тэдэнд зөвлөдөг.

Ямартай ч “Сити” санхүүгийн ашиг орлогын хувьд гол өрсөлдөгчтэйгээ эн зэрэгцэхийн тулд мөнхийн ялагч байх ёстой. Аваргын цом, түрүү арилжааны чанартай элдэв гэрээ, ашигтай саналыг даллах нь зүй ч “Манчестер Юнайтед” гэх брэндийн нэр хүнд огтхон ч ганхдаггүй. Учир нь тэд үүнийг олон жилийн уйгагүй хичээл зүтгэл, амжилтын дүнд бий болгосон юм.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж