Гадаадын
хөрөнгө оруулалтыг зохицуулах болсон нь зарим чухал салбарт худалдагч
болоод худалдан авагч нь нэг субьект болох боломжтой болсонтой
холбоотой. Тодруулбал, хилийн цаанаас манайхаас нүүрс авдаг нөхөр энд
нүүрс олборлогч компанитай болчихно гэсэн үг. Ийм тохиолдолд нүүрсийг
боломжит хамгийн бага үнээр гаргах нь тодорхой. Хэдий худалдан авагч биш
байлаа ч тэдэнд болоод бидэнд стратегийн ач холбогдолтойгоор нөлөөлнө
гэсэн үг. Иймд стратегийн гэх аж ахуй нэгжүүдэд юуг хамаарах вэ гэдгээ
тогтоож, дараа нь эдгээр салбарт гадаадын хөрөнгө оруулалт хийхээр бол
тодорхой хязгаар, зөвшөөрлийн тогтолцоонд хийх шаардлага тулгарчээ. Ийм
шаардлага байгааг өмнө нь олонтаа хэлж байсан боловч үл анзааран явсаар
өдийг хүргэж. Гэнэт нэг тохиолдол болонгуут “хэрхэх билээ” хэмээн
сандралджээ. Энэ тохиолдол нь Өмнөговь аймгийн Овооттолгойд үйл
ажиллагаа явуулдаг “Саусгоби сэндс” компани хяналтынхаа хувьцааны 60
хувийг Хятадын хөнгөн цагаан үйлдвэрлэгч төрийн өмчит “Чалко” компанид
худалдсаныг хэлээд байгаа юм. Тодруулбал, “Айвенхоу майнз”-ын охин
компани “Саусгоби сэндс” нь хяналтынхаа хувьцааны 60 хувийг хятадуудад
889 сая ам.доллараар зарж, Оюутолгой төслийг дээрх мөнгөөр
санхүүжүүлэхээр болж. “Саусгоби сэндс” компанийн зүгээс уг үйлдлээ
“Хувьцааны худалдах үйл ажиллагаа Монголд биш Канадад явагдах тул Монгол
Улсын Засгийн газраас зөвшөөрөл авах шаардлагагүй” хэмээн тайлбарлав.
Тухайн үед Ашигт малтмалын газрын даргын үүргийг гүйцэтгэгч М.Ариунбаяр
гэгч “Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуульд энэ талаар ямар нэгэн
зохицуулалт байхгүй. Өнөөдрийн мөрдөж буй хууль эрх зүйн орчин болохгүй
байна. Яаралтай өөрчлөх цаг болсон байна” гэж байж. Ингээд Монголоос
хөнгөн цагааныхаа түүхий эдийг авдаг компани, Монголд хөнгөн цагааны
түүхий эд олборлодог компани нь нэг эзэнтэй болох боломж бий болов.
Ингээд л хуулийн төслийг яаравчлан боловсруулах, хэдэн жилийн өмнө энэ
талаар өргөн бариад мартагдсан хуулийн төслийг эргэн сэргээх ажилд
орцгоож удалгүй нэг төсөл бэлэн болгожээ.
Төсөл бэлэн болов
Эхэнд
боловсруулагдсан энэ төсөлд юуны өмнө Стратегийн аж ахуй нэгжид юуг
хамааруулах тухай хүрээг тогтоожээ. Энд ашигт малтмал, эрчим хүч, зам
тээвэр, банк санхүү болоод үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх, дэлбэрэх
материалын үйлдвэрлэл, нислэгийн аюулгүй байдлыг хангах, телевиз, радио,
хүнсний, эрчим хүч, зам, тээвэр, хот, суурины ус хангамжийн эх
үүсвэрийн нөөцийг ашиглах, арьс шир, ноос, ноолуур бэлтгэх, боловсруулах
гээд нэлээд олон үйл ажиллагааг багтаахдаа тухайн аж ахуйн нэгжийн зах
зээлийн үнэлгээ нь 100.0 тэрбум төгрөгнөөс дээш компанийг хамааруулжээ.
Түүнчлэн зөвхөн гадаадын төрийн өмчийн ч биш, гадаадын хувийн өмчийн
хөрөнгө оруулалтыг хүртэл 49 хувиас хэтрүүлэхгүй байхаар тусгасан байна.
Үүгээр зогсохгүй Монголын зарим түүхий эдийн үнэнд нөлөөлж болзошгүй
хэлцэл хийх зэрэгт Засгийн газраас зөвшөөрөл авч байх тухай заалтууд ч
хийж. Ийнхүү “Сайсгоби сэндс” болоод “Чалко” нарын тохиолдлыг шийдэхээр
боловсруулагдсан төсөл илүү өргөн хүрээтэй болов.
Бусад улсад ямар хязгаарлалт байдаг вэ?
Стратегийн
ач холбогдолтой салбараа хамгаалахын тулд бусад орны хөрөнгө оруулалт,
үйл ажиллагаанд хязгаарлалт хийх нь энгийн зүйл аж. Өөрөөр хэлбэл,
гадаадын хөрөнгө оруулалтыг хориглох, хязгаарлах талаар дэлхийн бусад
улс орнуудын баримталж байгаа бодлого, хандлагаас үзэхэд хязгаарлалтууд
үндсэндээ стратегийн ач холбогдолтой салбаруудад голдуу тавигдаж байна.
Тухайлбал, ОХУ-д 2007 онд Улс орны батлан хамгаалах болон аюулгүй
байдлыг хангах стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжүүдэд гадаадын
хөрөнгө оруулах тухай хуулийг баталсан бол ХБНГУ-д 2007 онд гадаадын
хөрөнгө оруулагч нь стратегийн компаниудад хувьцаа эзэмшихийг
хязгаарласан өөрчлөлт оруулсан байна. Мөн АНУ-д агаарын тээврийн
компаниудад гадаадын хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшихийг хориглосон
байдаг аж. Хязгаарлалт хийсэн орнууд үүгээр дуусахгүй бөгөөд олон орон
өөр өөрийн гэсэн хязгааралтын хуулийн орчин бий болгосон аж.
Эсэргүүцэлтэй тулав
“Стратегийн
ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг
зохицуулах тухай хуулийн төсөл” гарч ирсэн даруйд шүүмжлэлд өртөв.
Томоохон уул уурхайн компаниуд төлбөрийг нь төлж хэвлэл, мэдээллийн
хэрэгслээр “эсэргүүцэл” гарч эхлэв. Хуулийн төсөлд санал ирүүлсэн
Худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг байгууллага ч “энэ хэвээр батлагдвал
аюултай” хэмээн анхааруулав. Гадаадын хөрөнгө оруулалтад тавьж буй
босгыг доогуур тогтоож хэмээн буруутгав. “Хуулийн төслийн дагуу 100
тэрбум төгрөгөөс дээш өртөг буюу үнэ цэнэтэй бизнесийг “стратегийн” гэж
үзэж, гадаадын өмчлөлд 49 хүртэл хувиар хязгаарлалт тогтоож байгааг
ялангуяа уул уурхайн салбарт хөрөнгө босгох ажиллагаанд саад учруулна”
хэмээв. Мөн “хуулийн төсөл нь эдийн засгийн өргөн хүрээнд үйлчлэхээр
болж “стратегийн” гэж ангилагдсан салбаруудад оруулах хөрөнгө оруулалтын
талаар шийдвэр гаргах эрхийг эрхийг Засгийн газарт олгож байна. Өргөн
хүрээ гэж гадаадын өмчлөл эсвэл бизнесийн хяналт нь жижиг том гэлтгүй
хязгаарлагдаж болно гэсэн үг. Энэ нь шинээр орж ирэх гадаадын хөрөнгө
оруулалтыг даруй үргээх магадлалтай” хэмээн дүгнэв.
Шүүмжийг хүлээж авав
Хуулийн
төсөл ажлын хэсгийн хуралдаанаас Аюулгүй байдал, гадаад бодлогын
байнгын хорооны хуралд шилжив. Дараа нь чуулганы хуралдаанд орж ирэв.
Энэ хооронд анхны санаанаасаа нэлээд өөрчлөгдөв. Тухайлбал, үндэсний
аюулгүй байдалд стратегийн ач холбогдолтой салбар гэдэгт нэлээд олон
салбар байсныг цөөрүүлэн эрдэс баялаг, банк санхүү, хэвлэл мэдээлэл,
харилцаа холбооныход л хамааралтай болов. Үүнтэй холбоотойгоор
стратегийн ач холбогдолтой 16 үйл ажиллагааг төсөлд тусгасан байсныг
бүхэлд нь хасав. Мөн зах зээлийн үнэлгээ нь 100.0 тэрбум төгрөгнөөс дээш
аж ахуйн нэгж нь стратегийн аж ахуйн нэгжид хамаарна гэсэн заалтыг ч
хасахыг дэмжицгээв. Олон нийтийн зүгээс шүүмжлээд байсан маргаантай
заалтуудыг ийнхүү үгүй болгов. Зарчмын өөрчлөлтөөс онцловол, “Стратегийн
ач холбогдол бүхий аж ахуйн нэгжийн Монголын талын хувь хэмжээ 51
хувиас доошгүй байна гэснийг энэ салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж
ахуйн нэгжийн гадаадын хөрөнгө оруулагчын хувь хэмжээ 49 хүртэл байх
бөгөөд илүү гарах тохиолдолд Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их
Хурал шийдвэрлэх гэж өөрчлөнө” хэмээн өөрчилжээ. Ийн өөрчлөгдсөнөөс хойш
УИХ-ын хуралдааны танхимд шүүмжлэл, санал төдийлэн гараагүй бөгөөд энэ
төслийн хэлэлцүүлэг үргэлжилсээр л байна.
УИХ-ын гишүүн гадаад харилцааны сайд Г.Занданшатар:
Бизнесийнхэн
хуучин мэдээлэлтэй учраас эсэргүүцээд байгаа юм шиг байна. зөвшөөрөл
авах журамд шилжиж буй болохоос биш хориглосон зохицуулалтанд орж буй
хэрэг биш.
УИХ-ын гишүүн Д.Зоригт:
Гол нь зөвшөөрөл өгөх процедур хүнд сурталгүй байх талаар хуулийн төсөлд тусгаж өгөх хэрэгтэй.
УИХ-ын дэд дарга, хуулийн ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд:
Гадны
компани 15-49 хувь хүртэл хувийн хөрөнгө оруулалт хийвэл Засгийн газар,
үүнээс дээш бол УИХ-аас зөвшөөрөл авах заалт орж ирсэн. харин гадны
төрийн өмчийн оролцоотой хөрөнгө оруулалт бол нэг хувь байсан ч
зөвшөөрөл авна.
Б.МАНДАХ