Ардуудыг ацан шалаанд унагасан сонголт

Хуучирсан мэдээ: 2012.05.15-нд нийтлэгдсэн

Ардуудыг ацан шалаанд унагасан сонголт

Иргэд “Нэг сая төгрөгөө авсан нь дээр үү, эсвэл хувьцаа авсан нь зөв үү” гэж толгойгоо гашилгаж байна. Хувьцаа гэхээр цэнхэр, ягаан тасалбараар ойлгодог монголчуудын хувьцааны талаарх мэдлэг, мэдээлэлгүйг нь далимдуулж  Засгийн газар иргэдэд хувьцаагаа авах уу, эс бөгөөс нэг сая төгрөгөө авах уу гэдэг сонголт үлдээсэн нь тэднийг ацан шалаанд унагаж байна. Хувьцаа авсан нь дээр үү, сая төгрөгөө авсан нь ашигтай юу гэдгийг албаны хүмүүс ч тодорхой хариулж чадахгүй байгаа. Яваандаа, цаашдаа хувьцаа ашигтай гэхээс өөрөөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигч болсноор хэзээнээс ногдол ашиг хүртэх, хувьцааных нь үнэ цаашдаа хэд болж өсөх талаар тодорхой, тоймтой тооцоог хэн ч гаргаагүй байгаа билээ.

Нөгөө талаас нэг сая төгрөгөө гурав хувааж авлаа гэхэд /ядаж байхад бүтнээр нь олгохгүй/ инфляци ийм өндөр байгаа үед аманд ч үгүй хамарт үгүй  гэгчээр хоол, унд хувцас хунар төдийхөнд зарцуулагдаад л дуусах нь ойлгомжтой. Зарим нэг нь хадгаламжиндаа тал хагасыг нь хийлээ гэхэд тал хагас нь эргээд инфляци болно гэдгийг ч төв банк аль хэдийнэ олж харчихаад бодлогынхоо хүүг хүртэл нэмчихсэн шүү дээ.

Засгийн газраас хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг бэлнээр, харин оюутан залууст сургалтын төлбөр хэлбэрээр, үлдсэн хүмүүст “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцаа өгөхөөр болсон. Эхний ээлжинд нэг сая төгрөгөө бэлнээр авахаар бүртгүүлсэн 270 гаруй мянга орчим хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгөх мөнгийг гурав хувааж,сонгуулиас өмнөхөн тараахаар Засгийн газар шийдвэрлэсэн боловч өнөө, маргааш хэмээн хойшлуулсаар буй уг мөнгийг өгөх эх үүсвэр байхгүй байгаа гэнэ.

Ядаж байхад төв банкнаас мөнгө гаргуулж, “Хүний хөгжил сан”-гийн гурав, дөрөвдүгээр сарын мөнгийг тараасан нь олон нийтэд баригдчихсан болохоор  “Эрдэнэт” үлйдвэрээс улсын төсөвт оруулах мөнгийг хүлээж байгаа гэдгээ ч Сангийн яамныхан мэдэгдээд буй.. Уг нь Засгийн газар Тавантолгойн нүүрсний экспортоос орж ирэх урьдчилгаа мөнгөөр хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг нь олгохоор төлөвлөж байсан юм билээ.

Нэмэр дээр нэрмээс гэгчээр Засгийн газарт бас нэг шийдвэрлэх асуудал тулгараад байна. Саяхан Засгийн газраас хувьцаа авахгүй гэсэн иргэд тавдугаар сарын 20-ноос өмнө нэг сая төгрөгөө бэлнээр авах хүсэлтээ хороо болон сумынхаа Засаг даргын Тамгын газарт бүртгүүлэхийг анхааруулсан. Энэ хугацаанд нэг сая төгрөгөө авна гэж бүртгүүлээгүй иргэдэд  автоматаар хувьцааг нь олгохоор болно гэдгээ ч мэдэгдсэн байгаа. Тиймээс хувьцаа биш нэг сая төгрөгөө бэлнээр авах хүсэлтээ цөөнгүй иргэн холбогдох газарт нь өгөөд байгаа юм билээ. Хөдөө орон нутгийнхэн бараг л тэр чигтээ хувьцаа авахгүй, сая төгрөг авах хүсэлтэй байгаа гэнэ. Харин эдийн засагчдын зүгээс хувьцаа авах нь дээр шүү гэдэг зөвлөгөөг өгч буй.

Хэрвээ хувьцаа авбал иргэдэд ямар ашигтай гэж. Энэ асуултад Монголын хөрөнгийн биржийн мэргэжилтнүүд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа ирээдүйд нэг биш нэлээд сая төгрөг болно гэдгийг тайлбарладаг. Гэхдээ хамгийн гол бэрхшээл нь   “Эрдэнэс Тавантолгой”-н IPO гадаад, дотоодын зах зээлд хэзээ гарах нь ойлгомжгүй, нэрлэсэн ханшаа хэдээр тогтоох нь тодорхой бус байгаа явдал.  Цаашлаад стратегийн хөрөнгө оруулагчдыг баруун Цанхид ажиллуулах уу эсвэл “Эрдэнэс Тавантолгой” компани өөрсдөө ашиглах уу гэдгээс нь хөрөнгийн зах зээлд гаргахаар бэлтгэж байгаа хувьцааны ханш нөлөөлөх юм гэсэн.  Зургаан тэрбум тонныг коксжих нүүрсний нөөцтэй Тавантолгойн орд газарт хөрөнгө оруулах сонирхол гадаадынханд тун ч их байгаа. Гэхдээ стратегийн хөрөнгө оруулагчаар хэнийг тодруулах,  Монгол Улс хэнтэй хамтарч ажиллах вэ гэдэг нь гацаанд орсон. Энэ асуудал сонгуулийн шоу, улс төрийн хийрхэл, хэлцэл дунд хэдийнэ мартагдчихаад байгаа юм. Тиймээс л иргэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцаа ямар ч ач холбогдолгүй үнэгүй цаас, үүнийг авснаас сая төгрөгөө авсан нь дээр гэдэг шийдэлд хүрээд байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт болсон "Mining Mongolia-90" үзэсгэлэнгийн үеэр “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Энэбишээс  тус компанийн IPO гаргах ажил ямар шатандаа байгааг сонирхсон юм. Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа гаргахад хүндрэл учруулж буй дөрвөн шалтгаан байгааг дурдсан бөгөөд эхнийх нь хувьцаа эзэмшигчдийн асуудал. Засгийн газраас Монголын иргэн бүрт “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг гаргахаар төлөвлөсөн бөгөөд тус компанийн хувьцааг хэдэн хүн эзэмших вэ гэсэн тоо нь  тодорхой болсны дараа  хөрөнгийн бирж дээр гаргах гэнэ.  Тодруулбал, иргэд хэдэн хувийг  Засгийн газар, аж ахуйн нэгж  хэдэн хувийг эзэмших, хэчнээн хувьцаа гаргах гэдгээ тодорхой болгох ёстой гэнэ. Хоёрдугаарт, дэд бүтцийн төслүүд. Аль ч компанийн үнэт цаасны үнэлгээнд дэд бүтэц эерэг сөргөөр нөлөөлдөг. Тиймээс дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэсний дараа олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргах нь компанийн үнэлгээнд эерэг нөлөөтэй хэмээн үзэж буй аж. Өөрөөр хэлбэл, цахилгаан станц, боловсруулах үйлдвэрээ барих, авто зам тавих ажлыг яаравчлах шаардлагатай байгаа юм байна. Гуравдугаарт, баруун Цанхийн талбайгаас "Эрдэнэс Тавантолгой" компани эдийн засгийн ямар ашиг хүртэх вэ гэдгийг тодорхой болгосон тохиолдолд компанийн үнэлгээ бүрэн гарна. Дөрөвдүгээрт, олон улсын санхүүгийн зах зээл сүүлийн хоёр  жилд тогтворгүй байгаа нь “Эрдэнэс Тавантолгой”-н IPO гаргах ажилд бас тодорхой хэмжээгээр нөлөөлж буй аж. Тэрбээр хэрвээ иргэд хүлээснээрээ хүлээж байгаад хувьцаагаа бирж дээр гарсан хойно нь авбал 2-3 жилийн дараа нэг сая төгрөг биш, нэлээд хэдэн саяар тоологдох мөнгөтэй болохыг тайлбарласан.

Тэгвэл "Си Пи Эс интернэшнл" компанийн захирал Б.Мөнхдөл “Засгийн газрын зүгээс иргэдэд бэлэн мөнгөө авах уу, хувьцаагаа авах уу гэсэн сонголтыг санал болгож байгаа нь шударга бус санагдаж байна.Засгийн газрын зорилго нь зах зээлийн үнээс нь маш хямдаар иргэдээс хувьцааг нь худалдаж аваад компаниудад нэг сая төгрөгөөс илүу үнээр нь зарах гэж байгаа юм. Зөрүүгээр нь Засгийн газар өөрсдөө мөнгө босгох гэж байна” хэмээн хардаж буйгаа нууж хаалгүйгээр ярьсан байна лээ. Харин зарим компаниудын зүгээс ямар ч үнэ цэнэгүй хувьцаа авснаас нэг сая  төгрөгөө авсан дээр гэх мессежийг тарааж, иргэдээс хувьцааг нь үнэгүй авах гэсэн нэг далд сурталчилгааг хийгээд эхэлчихэж.

За яахав, нэгсая төгрөгөө бэлнээр авчихаж болно гэхэд Сангийн сайдын хэлснээр  лав л энэ жилдээ багтаж өгөх  эсэх нь тодорхойгүй байна лээ. Сангийн сайдын хэлснээр 2008 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг 2012 оны сонгуулийн дараа байгуулагдах Засгийн газар үүрэх болно гэсэн үгийг анхааралдаа авахад илүүдэхгүй биз. Энэ ажил лав хоёр, гурван Засгийн газрыг дамнаж үргэжлэх бололтой юм билээ шүү. Тэгэхээр жилийн дараа авах сая төгрөг болоод жилийн дараа олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны алийг сонгох вэ гэдгээ ёстой л долоо хэмжиж нэг огтолж байж шийдэх хэрэгтэй болох нь дээ.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж