-Хууль бусаар хорьж байгаагаа даруй зогсоо
-Намаа удирдах, Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох боломжоор хангуулах
-Хуулийг хүн бүрт ижилхэн үйлчлүүлэх боломж олго.
Энэ бол МАХН-ын дарга Н.Энхбаярын өлсгөлөн зарлахдаа тавьсан гол шаардлага. Яг л өдөр шөнө хоёр шиг бие биеэ үгүйсгэсэн шаардлага. МАХН-ын гишүүд даргынхаа амь насаа золин тэмцсэн шаардлагуудыг эрх баригчид хүлээн зөвшөөрөв хэмээн ялалтын марш хадааж байна. Гэхдээ үүнийг хуульчид хийгээд өмгөөлөгч нь шаардлагыг бүгдийг хүлээн авсан гэж үзэхгүй байгаа бөгөөд Н.Энхбаяр тав дахь буюу батлан даалтад гаргах шаардлага нь биелэгдсэн учраас өчигдрөөс өлсгөлөнгаа зогсоосон гэж байгаа. Тиймээс “эрүүл мэнд муудав” гэсэн айдсаар бүдгэрээд байсан иргэн Н.Энхбаярын тавьсан шаардлагуудыг саная. Тэрээр өөрөө ч энэ шаардлагаа биелүүлэхийн төлөө хатуу тэмцэнэ гэж байгаа юм билээ.
Хуулийн өмнө хүн бүхэн тэгш эрхтэй байх, сонгох сонгогдох эрх бол яалт ч үгүй Үндсэн хуулийн тулгуур гол зарчмын заалтууд. Гэтэл шаардлагын гол санаа нь харин Үндсэн хуулийн, өөрөөр хэлбэл өөрийнхөө тавьсан шаардлагын цөмийг тас няц цохив. Монгол Улсад хүн болгон хууль биелүүлэх тэгш эрхтэй л юм бол хэн нэгэн ямар нэгэн мэдэгдэл хийснээрээ хууль зөрчсөн гэж бусдыг яллаж, эсвэл улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөв гэж өөрийгөө томьёолж тунхаглах боломж байхгүй. Бүр энгийнээр хэлчихэд улс төрийн хэлмэгдүүлэлт болж, иргэн Н.Энхбаярыг хууль бусаар хорьж байгаа эсэхийг зөвхөн шүүхээр л тогтоох ёстой. Иргэн Н.Энхбаяр ч, Ерөнхийлөгч Н.Энхбаярт ч шүүхээс дээгүүр эрх, хуулиар шалгуулж шүүлгэхгүй гэх эрх дарх байхгүй. Тэр тусмаа улс төрийн хэлмэгдүүлэлт мөн эсэх, хууль зөрчсөн үйлдэл гаргасан эсэхийг өлсгөлөн зарласнаар тогтоодог асуудал огт биш нь тодорхой. Гэтэл иргэн Н.Энхбаяр хуулиасаа дээгүүр шаардлага тавих нь юуны учир вэ? Лав л хууль мэдэхгүйн зовлон биш.
Жишээлбэл, намаа удирдаж сонгуульд оролцох түүний шаардлага. УИХ-ын сонгуулийн хуулиар яллагдагчаар татагдан эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа хүн сонгуульд нэр дэвших ёсгүй. Энэ заалтыг улстөрч Н.Энхбаяр мэдэхийн дээдээр мэднэ, иргэн Н.Энхбаяр сонгуульд нэр дэвшиж болохгүй, харин намаа удирдаж бол болох байх. Гэтэл яллагдагчаар татагдаж байсан ч гэсэн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр учраас сонгогдох эрх олго гэж шаардах…?
Өчигдөр ил болсон бас нэг мэдээллээр бол иргэн Н.Энхбаяр яллагдагчаар татах тогтоолыг сонсохоос “татгалзсан” байна лээ, чихээ дарж… Магадгүй Н.Энхбаяр яллагдагчаар татах тогтоолыг сонсоогүй учир, яллагдагч мөн, биш гэсэн маргаан удахгүй дэгдэх ч юм билүү. Ер нь жирийн иргэн болгоны мөрдөж байгаа хуулиар бол яллагдагчаар татаж байгаа тогтоолыг уншиж танилцуулахад хангалттай, заавал гарын үсэг зуруулж, тэмдэглэгээ хийх үүрэггүй байдаг аж. Харин жирийн иргэн өөрийг нь яллагдагчаар татсан тогтоолыг сонсохгүй гээд, Н.Энхбаяр дарга шигээ чихээ дараад, мөрдөн байцаагчаа элдвээр доромжлоод, өрөөгөө тойроод алхаад байвал яах бол? Лав л АТГ-ынхан шиг камераар бичлэг хийгээд хараал доромжлолоос нь дээш гарч ярих гэж хоолойгоо шахан тогтоол уншиж, эелдэг зан гаргахгүй л байх. Энэ Н.Энхбаярын хүсээд байгаа хуулийг хүн бүрт ижилхэн үйлчлүүлэх боломж мөн үү?
Иргэн Н.Энхбаярын дээрх дөрвөн шаардлагыг биелүүлэх ёстой юу, иргэн та бодоод үзээрэй. Үндсэн хуулийн томьёоллоор өнгөлсөн ч Үндсэн хуулиасаа давсан энэ шаардлагыг өлсгөлөн зогсоох болзолтойгоор биелүүлнэ гэвэл ёстой л Үндсэн хуульт ёсоо үгүйсгэсэн хэрэг биш үү?