Далан давхрын урдуурх зам 50 хувьтай байна
Олон жилийн турш энхэл, дон хол замаар зорчиж жолооч, зорчигчын бухимдалыг төрүүлдэг байсан зам бол “Далан давхар”-ын урдуурх зам юм. Харин энэ замыг засах ажил одоогийн байдлаар 50 хувьтай явж байгаа аж. “Хүчит Шонхор захаас Хувьсгалчдын гудамжны уулзвар хүртэлх буюу олны нэрлэж заншсанаар “Далан давхар”-ын урдуурх замын ажил 50 хувьтай үргэлжилж байна. Төлөвлөгөөт хугацаандаа ашиглалтанд орно” гэж Нийслэлийн авто замын газрын хэвлэл мэдээллийн ажилтан Д.Оюунгэрэл ярьсан юм. Сурвалжлага хийхээр очиход замыг шинэчлэх ажил ид өрнөж байлаа. Энэ замыг урсгалаар нь хааж байгаад замын ажлыг эхлүүлсэн аж. Хэдийгээр зам засах ажил өрнөж байгаа нь сайн хэрэг ч иргэдэд багагүй саад болдог тухай тэд ярьж байна. “Шороогоор шуурахаар үнэхээр ядаргаатай байдаг. Замын бүх шороо бүх айлууд руу хийсдэг. Зам засч байгаа нь сайн ч энэ л хэцүү байна” гэж Чингэлтэй дүүргийн иргэн З.Батгэрэл ярив. Ямар ч байсан төлөвлөсөн хугацаандаа буюу энэ зун гэхэд энэ зам ашиглалтад орох аж.
Гэр хорооллын болон орон сууцны туслах замуудыг шинэчлэхээр болжээ
Нийслэлийн таван дүүргийн гэр хороолол болон орон сууцны хоорон дахь замыг шинэчлэхээр болсон билээ. Тендерийн үнэлгээний ажил өнгөрөгч дөрөвдүгээр сарын 16-ны өдөр эхэлсэн юм. Одоогийн байдлаар сонгогдсон 16 багц ажлын 14 эхэлчихсэн явж байгаа аж. “Тухайн хороодуудад сонгогдсон хэсэгт ажлууд эхэлчихсэн байгаа. Энэ жил эдгээр газруудад хийсэн бол дараа жил ч өөр газруудад засвар үйлчилгээний ажил эхэлнэ гэж ойлгож болно” гэж Д.Оюунцэцэг ярьсан юм. Туслах замуудыг засах, шинэчлэх ажилд 8,3 тэрбум төгрөг зарцуулж байгаа ажээ. Ирэх намар гэхэд засч шинэчилж байгаа замууд бүрэн ашиглалтад орох юм.
Нарны гүүр арваннэгдүгээр сард ашиглалтад орно
Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж байгаа “Нарны гүүр”-ийн ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Өнгөрөгч есдүгээр сард Ерөнхий сайд наадмаас өмнө ашиглалтад оруулахыг захиж байсан ч төлөвлөгөөний дагуу арваннэгдүгээр сард ашиглалтад орохоор болжээ. Гүүр ашиглалтанд орсноор замын ачаалал 50 гаруй хувиар буурах хандлагатай байгаа. Мөн энэ гүүрээр өдөрт 50 гаруй мянган автомашин зорчих судалгаа гарсан тухай Улаанбаатар хотод төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих төслийн удирдагч Б.Мандат ярьж байна.
Шинээр баригдаж байгаа тус гүүр нь хөдөлгөөний дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай, хүнд даацын машин явах боломжтой, 30-аас 55 метрийн алгасал бүхий металл дам нуруутай байх аж. “Нарны гүүр”-ний хөрөнгө оруулалт болгож Японы талаас эхний ээлжинд 1,5 тэрбум иенийг оруулсан бөгөөд тэд энэхүү хөрөнгөөр гүүрний ажлын 65 хувийг хийж гүйцэтгэсэн байна.
Энэ зун аль замыг шинэчлэх вэ?
Энгельсийн гудамжны 0,29 км авто замын өргөтгөлйн ажил мөн хэдхэн хоногийн дараа эхлэх юм. Өөрөөр хэлбэл Дунд голын гүүрээс Чингисийн өргөн чөлөөний Цагаан хаалга хүртэл замыг шинэчлэх ажээ. Харин 120 мянгатын уулзвараас Зайсан хүртэлх 1,7 км замыг энэ сарын сүүлээр эхлүүлэх юм байна.
Урт цагаанд үйлдвэр үйлчилгээ эрхэлдэг хүмүүсийн бухимдалыг төрүүлээд байгаа Баруун сэлбийн гудамжийг Төмөрчний гудамжтай холбох 0,24 км замын ажил хэмжилтийн шатандаа явж байгаа аж. “Урт цагаанд үйлчилгээ эрхэлдэг хүмүүсийг энэ талбайгаас нь хөөгөөд байгаа юм шиг сэтгэгдэл иргэдэд төрүүлээд байгаа. Ийм юм огт байхгүй. Замын хоёр талаар үйлчилгээ хийх боломжоор нь бүрэн хангасан л байгаа шүү дээ” гэж Д.Оюунцэцэг ярьсан юм. Үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг хүмүүсийн эсэргүүцлээс болж замыг шинэчлэх ажил бага зэрэг саатсан байна.
120 мянгатын уулзварыг тэр чигт нь дөрвөн зам болгохоор төлөвлөж байгаа аж. Одоо байгаа цэцэрлэгийг алга болгоод дөрвөн зам болгох гэж байгаа юм. Үүнээс болоод түгжрэл нэмэгддэг гэсэн судалгаа гарчээ.
Хөгжлийн банкны санхүүжилтийг хүлээж байгаа маш олон төсөл, хөтөлбөрүүд байгаа аж. Зүүн дөрвөн замын уулзварт олон давхар зам барихаар төлөвлөж байгаа ч чухам хэзээ ашиглалтанд орох нь одоогоор тодорхойгүй л байна. Мөн Тасганы овоог холбох явган хүний гүүрэн гарц хөрөнгө оруулалтаа хүлээж байгаа аж. Хэдийгээр дахин зургаан гүүрийг ашиглалтанд оруулах гэж байгаа ч хөрөнгө оруулалт нь дутаж байгаа юм.
Зургадугаар бичил хорооллын урд талын замыг шинэчлэх ажил ч Хөгжлийн банкны санхүүжилтээс шалтгаалаад хэзээ эхлэх нь тодорхойгүй байна.
Энэ зун Нийслэлийн болон Улсын төсвөөс санхүүжих маш олон зам, гүүр барих ажил биднийг хүлээж буй. Өмнөх жилүүдээс илүү олон замыг нэг зун барих учир жолооч таныг зам засварын ажлыг тохируулан зорчихыг хүсье.