Хуучирсан мэдээ: 2012.05.15-нд нийтлэгдсэн

Таны ямар нэг бараа сонгох нь таны эрхийн асуудал, өөрийн тань мэдэх хэрэг гэж бодож байна уу. Тэгвэл үгүй юм аа. Дандаа таны мэдэх зүйл биш худалдагчийн мэдэх зүйл ч гэж байна. Чаддаг юм бол та, махны лангуунаас хонины гуя дангаар нь авчих л даа. Цаад худалдагчид “Юу гэж дан гуя өгч байдаг юм, дагалдуулж энэ хүзүүг ав, эсвэл энэ ястайг ав” гээд л нэг тааруухан зүйл дагалдуулахаа бодно. Тэрийг нь авахгүй гэвэл, “энэ мууг нь тэгээд хэн авах юм” гээд л загнана. Үнэндээ ийм зүйлийг байх ёстой зүйл мэт бодох болсоор удаж байна. Махны тухай ярихаа болиод намын тухай ярья. Тэд ч бас бидэнд муугаа шахах гэж байна даа.

Удахгүй ирэх сонгуульд нэр дэвшигчдийн нэрс тодорно. Мөн намыг төлөөлөн УИХ-д суух нэр дэвшигчдийн жагсаалт ч ил болно. Ингээд нам бүр 28 хүний нэр бүхий жагсаалтаа олонд танилцуулж, сонгогчид намд хэр их санал өгнө, тэр хэмжээгээр өнөөх 28 маань эхнээсээ сонгогдох магадлал нь өснө. Улс төрийн гол намууд нийт сонгогчдын 30 гаран хувийн санал авлаа гэж үзэхэд жагсаалтын эхний 10 гаран хүн л сонгогдох боломжтой ч гэх тооцоо гарчээ. Иймд жагсаалтын урдуур хэнийг, ямар шалгуураар, хэн жагсаах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Урдуур, хойгуур хэрхэн эрэмблэгдэх вэ гэдгээс илүү жагсаалтанд хэнийг ямар байдлаар оруулах вэ гэдэг ч сонирхол татаж байна.

Харамсалтай нь энэ жагсаалтанд сонгогчдын сонгохыг хүсэхгүй “дархлагдсан, даварсан, тойргоос зугтаж ирсэн нөхөд” орж ирэхгүй байх гэсэн ямар ч найдлага алга. Энэ жагсаалтанд хэнийг оруулах вэ гэдгийг намын удирдлагын таван хуруунд багтах цөөн нөхөд  шийдэж байгаа цагт энэ мэт “дархлагдсан нөхөд” орж ирэх нь тодорхой. Мэдээж намын нүүр царай болох улс төрчдөө багтаах ч гуя дагуулж хүзүү өгч л орхино. Намын гол хүмүүс нь аль нэг тойрогт өрсөлдөж суудал авчрах үүрэгтэй тул тэд энэ жагсаалтанд багтахгүй нь тодорхой. Тэгэхээр ядаж энэ жагсаалт нь өнөөх тойрогт дэмжлэг авч дийлдэггүй эмэгтэйчүүдэд илүү ээлтэй байдлаар яагаад гаргаж болохгүй гэж.  Тэтгэвэртээ гарах цаг нь өнгөрсөн Ц.Нямдорж, Д.Лүндээ, амлалтаа биелүүлэх нь битгий хэл ам ангайж олигтойхон санаа ч гаргаж үзээгүй Д.Загджав, хэрэгтэй хэрэггүй зүйл ярьж цаг бардаг Н.Ганбямба, үзэгдэж харагддаггүй, “өвчтэй” гэх бүртгэлээр дөрвөн жилийг барсан С.Баяр гээд л намын жагсаалт үргэлжлэх байх даа.

Ардчилсан намд ч ялгаагүй гараас нь юм гарахаа больчихсон атлаа гавъяаныхаа амралтанд суух дүргүй настнууд, дарга дагаж навсагнаж үүгээрээ үнэнчээ харуулсан ноход /уучлаарай нөхөд/ УИХ-ын суудалд санаархаж байна. Эднийг намын удирдах байгууллагын шийдвэр гээд гаргаад ирж болохгүй мэт. Угтаа бол УИХ-д ард түмний сонгохыг хүссэн л хүн гарч ирэх ёстой болохоос Н.Алтанхуяг, С.Батболд нарын хармааны хүмүүс, хальс яс мэт махны дагуулууд хэрэггүй. Уг нь өнөөх адлаад, Үндсэн хууль зөрчсөн болохоор нь унагачихсан гээд байгаа УИХ-ын сонгуулийн хуулийн заалт энэ 28-ийн жагсаалтыг жинхэнэ утгатай болгох байсан аж. Энэ удаагийн сонгуульд хэрэглэх боломжгүй болсон уг заалтаар бол эхлээд тойрог бүрт нэр дэвшигчид өрсөлдөөд, тодорхой хувийн, тодруулбал нэлээдгүй хувийн сонгогчдын дэмжлэг авсан хэрнээ цөөн санал дутсан нэгнийг гишүүн болгох байсан юм. Тэр заалтаар бол намын жагсаалтыг аль нэг намын дарга нарын үзэмжээр биш, сонгогчдын өгсөн үнэлгээгээр тодруулах байсан юм.

Сонгогчдоор үнэлүүлэхээс айж байсан нөхдийн хувьд зол болж энэ заалт хүчингүй болж тэднийг удирдлагын хэмжээнд цөөхөн хүн л шийдэх болсон. Шийдэх болсон гэж андуурч. Тэд аль хэдийн шийдсэн сурагтай. “Би тойргоос гарч ирэхгүй, жагсаалтаас гарч ирэхээр болсон. Тэгэхээр сонгуулийн сурталчилгаа энэ тэр гэж санаа зовох зүйл байхгүй ээ хөө” гэж хэзээний яриад явцгааж байна. Намын бага хурал, ҮЗХ-ны хурал болоогүй байгаа ч аль эрт жагсаалт тодорхой болчихсон юм биш үү.

 
Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж