МАХН-ын гишүүд болон МАХН-ын дарга Н.Энхбаярын гэр бүлийнхний хүсэлтээр түүнийг батлан даалтад гаргах тогтоолыг өнөөдөр Сүхбаатар дүүргийн Шүүхээс гаргасан билээ. Үүний дараа Сүхбаатар дүүргийн шүүхийн Тамгын газрын дарга н.Батсайхан Нэгдсэн II эмнэлэг дээр ирж, Н.Энхбаярт тогтоолыг танилцууллаа. Тэрбээр “Сүхбаатар дүүргийн шүүхийн тавдугаар сарын 14-ний өдрийн 386 тоот захирамжаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг түүний эхнэр О.Цолмон, хүү Э.Батшугар, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, МҮНН-ын дарга М.Энхсайхан нар батлан дааж авсан болно. Н.Энхбаярыг шүүхийн шийдвэрийн дагуу батлан даалтад гаргаж байгаа тул энэ үеэс эхлээд цагдаагийн хамгаалалтыг буулгаж байна” гэсэн мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө.
Шүүхийн тогтоол гарсны дараа МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва тэргүүтэй гишүүд II эмнэлэг дээр ирсэн байлаа. Мөн Н.Энхбаярын ар гэрийнхэн, түүний эхнэр, хүүхэд, аав, ээж нь II эмнэлэгт хэвтэж буй өрөөнд нь уулзахаар орсон юм.
Сануулахад, Улсын Дээд шүүхээс МАХН-ын дарга Н.Энхбаярыг Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүх шийдвэр гаргаад байгаа. Уг хэргийг хуульд заасны дагуу Дээд шүүхээс Нийслэлийн прокурорын газарт хүргүүлэх юм. Үүний дараа Нийслэлийн прокурорын газраас Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлэх юм байна.
Д.ЖАРГАЛ