БНСУ-ын Ерөнхийлөгч Мьянмарт айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

БНСУ-ын Ерөнхийлөгч Мьянмарт айлчилж байна

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Бакийн албан ёсны айлчлалтай холбогдуулан Мьянмар аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан гэнэ.

Азийн орнуудтай дипломат харилцаагаа бэхжүүлэх зорилготой хоёр өдрийн албан ёсны айлчлалынхаа хүрээнд БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Бак Мьянмарын Ерөнхийлөгч Тейн Сейнтэй уулзахаар эхлээд Мьянмар руу ниссэн талаар ерөнхийлөгчийн албанаас мэдээлсэн гэнэ.

Ли Мён Бакийн айлчлал Мьянмарт цэргийн дарангуйллаас ардчилсан тогтолцоонд шилжиж буй шилжилтийн үед дэх сүүлчийн айлчлал болж байна. 

БНСУ-ын Ерөнхийлөгч Мьянмар дахь айлчлалаар хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, эрчим хүч, эрдэс, түүхий эд болон бусад олон салбарт хамтран ажиллах асуудлыг хэлэлцэх гэнэ.

Маргааш буюу мягмар гаригт БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Бак Мьянмарын сөрөг хүчний лидер Аунг Сан Су Кийтэй уулзах аж. Ерөнхийлөгч, ардчиллын төлөө тэмцэгч хоёрын уулзалт болох тус улсын хуучин нийслэл Янгуныг цагдаа нар бүрэн хамгаалалтад авч, харуул хамгаалалтыг чангатгаад байгаа гэнэ.

Ялангуяа Аунг Сан Су Кийн аав, Мьянмарын генерал агсан Аунг Саны бунхныг өндөр хамгаалалтад авчээ.

1983 онд БНСУ-ын Ерөнхийлөгч агсан Чун Ду Ханыг тус бунханд зочлох үеэр амь насанд нь халдах оролдлого гарч байсан аж. Бөмбөгдөлтөд өртөж амиа алдсан 21 хүний 17 нь БНСУ-ын төрийн албан тушаалтнууд байжээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч агсан Чун Ду Хан тухайн үед Мьянмарын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч генерал Аунг Саны дурсгалд хүндэтгэл үзүүлэхээр бунхан руу явж байсан ч замын түгжрэлд саатсанаас амьд гарсан аж.

Бунханд бөмбөг дэлбэлсэн Умард Солонгосын гурван цэргийн нэг нь баривчлагдах үедээ өөрийгөө буудаж, нөгөө нь шоронд өөрийгөө дүүжилсэн аж. Харин гуравдахь нь 2008 онд Янгуны шоронд нас барсан юм байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж