ХАА-н тооллогыг орон даяар хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

ХАА-н тооллогыг орон даяар хийнэ

Хөдөө аж ахуйн тооллогыг манай улс анх удаа орон даяар хийхээр төлөвлөж буй талаар Монголын Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байна. Монгол Улсын Статистикийн тухай хууль болон Засгийн газрын 137 тоот тогтоолын дагуу хөдөө аж ахуйн тооллого, түүвэр судалгааг тавдугаар сарын 25-наас зургадугаар сарын 15-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулахаар боллоо.  Одоогийн байдлаар тооллогын өмнөх бэлтгэл ажлуудыг базааж байгаа бөгөөд 130 тоологч ажиллахаар төлөвлөж буй юм байна. Бэлтгэл ажлын хүрээнд энэ сарын 1-3-ны хооронд нийслэл болон хөдөө орон нутагт тооллого явуулах тоологчдыг бэлтгэх сургалтыг хийсэн юм.  

 Хөдөө аж ахуйн тооллого, түүвэр судалгаагаар газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг өрх, аж ахуй нэгж, байгууллага бүрэн хамрагдах бөгөөд ингэхдээ нэлэнхүй аргаар явуулах гэнэ. Нэлэнхүй арга нь түүвэр судалгаанаас илүү хамрах хүрээтэйгээрээ онцлог ажээ. Тооллогын үр дүнд хөдөө аж ахуйн салбарын үндсэн үзүүлэлтүүдээс гадна хөдөөгийн хөгжил, байгаль орчин, ус, газар ашиглалт, цөлжилт, загас, ойн аж ахуйн талаархи мэдээлэл, түүнчлэн хөдөө аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж буй өрхийн үйлдвэрлэл, орлого, зардал, хүнсний хомсдол, хангамж, санхүү, мал эмнэлгийн үйлчилгээ зэрэг бусад нэмэлт мэдээллийг цуглуулах боломж бүрдэж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой ажээ.

Олон улсын хэмжээнд ХАА-н тооллогыг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага үүсэн байгуулагдсанаас хойш хийж, гишүүн орнуудтайгаа ХАА-н статистик мэдээллийн хамралт, үнэн зөв байдал, чанарыг дээшлүүлэхэд хамтран ажилласаар иржээ. Тус байгууллагаас ХАА-н тооллогыг 2006-2015 онд явуулах Нэгдсэн хөтөлбөрийг боловсруулж, улс орнуудыг ач холбогдол бүхий мэдээлэл цуглуулж байхыг уриалдаг байна. Харин манай улс анх удаа ийнхүү хөдөө аж ахуйн нэгдсэн мэдээ, мэдээллийг цуглуулах нь түүнд чиглэх бодит ажлыг өрнүүлэх амжилттай эхлэл болох гэнэ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж