Хүний тархийг “Аватар робот”-той нэгтгэвэл урт наслана

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

Хүний тархийг “Аватар робот”-той нэгтгэвэл урт наслана

Дээрхийн гэгээнтэн Далай лам хиймэл тархи-оюун ухаанд хэрхэн ханддаг тухай, шинжлэх ухаан, оюуны бясалгалын харилцан үйлчлэлийн талаар “Аватар”, “Орос 2045” хөдөлгөөний удирдагч Д.Ицковт ярилцлага өгчээ.

-“Аватар” төслийн су­дал­гаа завсрын шатанд ч ашигтай. Одоогоор илүү төгс хиймэл эрхтэнг бүтээж, хараагүй хүмүүст хараа оруулах, дүлий хүмүүсийг сонсголтой болгох боломж­той гэсэн?

-Өнөөг хүртэл шинжлэх ухаан техникийн асуудалд илүү анхаарч, хүний оюун ухааныг бараг сонирхдоггүй байсан. Сүүлийн жилүүдэд байдал өөрчлөгдөж байгаа тул ирэх 10 жилд шинжлэх ухаан илүү амжилтад хүрэх байх. Гэхдээ өөрөө боддог робот бүтээж чадсан уу? Бид мэдээллийг программд /машинд/ оруулаад техно­логийн ачаар робот бүтээж байгаа. Гэхдээ тэр робот боддог уу, бодол санаагаа эргэн тойрныхонтой хуваал­цаж чадах уу.

-Минийхээр робот ухам­сар­гүй. Хүний тархийг “Ава­­тар-робот”-той нэгт­гэвэл 200 ба түүнээс цааш наслах боломжтой гэж байна?

-Хүний бие болон оюун ухаан, тархийг роботтой хослуулах, нэгтгэх ёстой. Энэ бүрэн боломжтой.

-Хэрэв тархийг робот­жуулсан биед шилжүүлбэл шинэ хүн бий болж, тэр нь илүү урт наслах байх даа?

-Роботод хоол хүнс хэрэггүй, иймээс бүтээсэн шинэ хүн илүү хямд тусна. Амьдрахын тулд хүнд хоол хүнс, орон гэр, хувцас, их цалин хэрэгтэй. Харин роботон биетэй хүн хавьгүй хямд өртөгтэй гэж би бодож байна /инээв/.

-Манай “Аватар” төсөл цэргийнхнээс огт өөр, илүү хү­мүүнлэг зорилготой. Бид эдгээр технологийг илүү хямд төсөр болгон, элитүүд, цэргийнхэн төдийгүй бүгдэд хүртээмжтэй бол­гохыг зорьдог. Хү­ний ухамсрыг биеэс салгаж, биологийн болон биологийн бус өөр биед шилжүүлж болох уу?

-Өнөөдрийн тех­ноло­гийн түвшинд энэ тийм ч амаргүй. Гэхдээ хөгжил дэвшил урагшилж, технологи хөгжсөөр байгаа. Ямар ч тохиолдолд судалгааг цаашид явуулах нь зүйтэй. Шинжлэх ухааны эрэл хайгуул эхлээд тодорхой бус байдаг. Харин эрдэмтэд туршилтыг тууш­тай явуулсаар, олон, гайхал­тай нээлт хийсээр байна. Иймээс урагшаа!

-Баярлалаа, тэгэхээр та ухамсрыг биеэс салгаж болно гэж үзэж байна уу?

-Тийм, тэгэх боломжтой. Йогийн хоёр урсгал бий. Ухамсрыг хөгшин биеэс ангижруулж, шинэ, залуу биед суулгасан жишээ Төвөд, Энэтхэгт байдаг. Заримыг нь би үнэн бодитой гэж үздэг. Тэр бүү хэл ухамсар хүний биеэс амьтанд шилжих боломжтой. Үнэндээ энэ нь сүнс шилжих, дахин төрөх, төрөл арилжих итгэл үнэмшил дээр суурилсан буддизм болон индуизмын бусад эртний уламжлал юм. Мөн чанартаа дээд буюу нарийн ухамсар нь биологийн биеэс тусгаар байх боломжтой. Тухайлбал, хүн нас барах үед. Түүнээс гадна бясалгаж байхдаа ухамсар нь биеэс ангижрах боломжтой.

-Тархи шилжүүлэн суулгах, хувийн ухамсрыг дамжуулах, хиймэл тар­хийг бүтээх нь өвчтэй, үхэж байгаа хүмүүст тустай ч, нөгөө талаас сөрөг үр дагавартай гэдэг. Та “Аватар” технологийн ёс зүйн талаар ямар санаа бодолтой байна?

-Энэ нь судалгааны зорилго, агуулгаас л ха­маарна. Хүн төрөлхтөнд ашиг тустай шинжлэх ухааны туршилт, судалгаанд би эерэг ханддаг.

-Ирээдүйд “Аватар” технологийн ачаар хүмүүс төгс бус биологийн биеэс хамааралгүй болбол яах бол?

-Ийм туршилт, судалгаа нь ухамсрын боломжийг олж мэдэх сайн арга зам. Ихэнх хүмүүсийн хувьд ухамсар бол тархин дотор явагддаг процесс. Харин энэ судалгааны ажлын дүнд оюун ухаан, ухамсар хэдэн түвшинтэйг олж тогтоож байна. Яг эртний Энэтхэгийн сэтгэл судлал шиг. Тархи үхэхээр мөхдөг ухамсрын түвшин бий. Мөн өөр түвшний, өөр төрлийн ухамсар ч байдаг. Ийм ухамсар нь биднийг мөрөөдөх үед эсвэл гүн нойронд байхад ажиллаж байдаг. Тийм байдлаар хүний тархи үхсэний дараа ч нарийн ухамсрын түвшин оршсоор, үргэлжлүүлэн амьдар­­саар байдаг. Ий­мээс иймэрхүү туршилт ухаан буюу ухамсрыг гүнзгий ойлгоход тустай.

-Эртний судар болон шашны зүтгэлтнүүдийн ярианаас би зөн билэг, ухамсрын хүчээр бодит ертөнцөд нөлөөлж, бас ямар ч программгүйгээр машиныг хүртэл хянаж болно гэж дуулсан?

-Энэ нь ухамсар, сүнсний хүчээс хамаарна. Шаматха бол төвлөрсөн ухаан буюу төвлөрсөн хүч. Юунд ч сатааралгүйгээр оюун ухаанаа нэг зүйл дээр төвлөрүүлсэн үед энэ боломжтой. Энэ үед хүмүүс бид өөрийн, тодорхой нэгэн энергийг ашигладаг. Жишээ нь хижээл нэгэн эр энэ энергийн тусламжтай элсийг сарниулж чадаж байсан. Үүнийг бясал­галаар, оюуны хүчээр дам­жуулан хийдэг. Бясалгалын ачаар мөн далдыг харах чадвараа хөгжүүлж, хүний бодлыг уншиж болдог.

-Таныхаар хувь хүний ухамсар гэж юу вэ?

-Бидний ухамсар биеийн байдлаас хамаар­даг учраас боломж нь хязгаарлагдмал. Гэхдээ бид ухамсрыг хөгжүүлэх энергиэ ашиглаж болно. Ингэснээр ухамсар илүү гүн, нарийн түвшинд хүрч, биднээс хамаарахаа болино. Энэ нарийн түвшинд оршиж чадаж байвал хүний боломж маш ихээр нэмэгдэнэ.

Эрдэмтдийн “Аватар” төсөл

Энэ төсөл дөрвөн үе шаттай.

-Эхний шатанд гадаад дүр төрхөөрөө хүнээс ялгагдахгүй робот бүтээх, түүнчлэн хүнээс роботод, роботоос хүнд мэдээлэл дамжуулах төгс интерфейс “тархи-компьютер” зохиох юм.

-Төслийн хоёрдугаар шатанд үхлийн ирмэг дээр байгаа хүмүүст зориулан тархины үйл ажиллагааг хангах систем бүтээнэ. “Аватар”-ыг ашиглан, хүн үргэлжлүүлэн амьдарч болох юм. Олон хүн тархи үхсэнээс бус харин дотоод эрхтнүүд ажиллагаагүй болох,мөн бие махбодын өвчнөөс болж нас бардаг. Тэгэхээр тархийг аварч чадвал тэр хүмүүс амьдарна. Хэрэв хүний тархийг “Аватар-робот”-той нэгтгэвэл хүн 200 ба түүнээс дээш жил амьдрах боломжтой.

-Гуравдугаар шатанд хиймэл тархи бүтээж, хүний ухамсрыг тийш нь шилжүүлэх боломжтой болох аж. Хүний биологийн амьдрал дуусах үед тэр өөрөө шийдвэр гаргах юм. Тэгээд энэ ертөнцийг орхих уу эсвэл хиймэл биед үргэлжлүүлэн амьдрах уу гэдгээ шийднэ. Цаашид роботжуулсан бие, хиймэл бие зэрэг нь нано роботуудаас ч бүрдэх боломжтой.

-“Аватар” төслийн дөрөвдүгээр шатанд голограммтай төстэй бие бүтээх юм.

АНУ-ын Батлан хамгаалах яамны “Аватар” төсөл

Хэдэн сарын өмнө АНУ-ын Батлан хамгаалах яамны хэтийн ирээдүйн судалгааг удирдах газар /DARPA/ өөрийн “Аватар” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ нь цэргийн үйл ажиллагаанд зориулсан роботуудыг бүтээхэд чиглэсэн байна.

Эх сурвалж: “Өглөөний сонин”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж