“Гамлет” жүжгийн тендер зарлалаа

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

“Гамлет” жүжгийн тендер зарлалаа

У.Шекспирийн алдарт “Гамлет” жүжгийг энэ оны намар УДЭТ-т тоглох гэж байна. Энэхүү дэлхийн сонгодог бүтээлийг УДЭТ-ын тайзнаа  хоёр дахь удаагаа тоглох гэж байгаа бөгөөд анх удаа 1979 онд Төрийн шагналт Ч.Чимэдийн орчуулгаар Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Галсанжав найруулж, Гамлетийн дүрд Ардын жүжигчин Л.Жамсранжав тоглож байсан юм.

Харин энэ удаа “Гамлет” жүжгийг Монголын театрын урлагийн нийт уран бүтээлчдийн дунд нээлттэй тендер зарлан тоглох гэж байгаагаараа онцлогтой юм. У.Шекспирийн жүжигт тоглож, түүнийг найруулна гэдэг дэлхийн нийт уран бүтээлчдийн хувьд нэр төрийн хэрэг болдог ба энэ том хүсэл мөрөөдлийг нь биелүүлэх боломжийг УДЭТ-ын зүгээс нийт уран бүтээлчдийн дунд ийнхүү нээлттэй олгохоор болжээ. Учир нь дэлхийн сонгодог бүтээл тэр тусмаа “Гамлет” жүжгийг бүтээнэ гэдэг бол театрын төдийгүй уран бүтээлч хүний нэр хүндийн асар том илэрхийлэл мөн хариуцлага болдог билээ.

Энэхүү “Гамлет” жүжгийн тендер, уралдаант шалгаруулалтанд төсөл бичиж, багаар оролцох ба багууд УДЭТ-т мэдэгдэл, материалаа өгч шалгаруулалтанд оролцох нь ээ. Шалгарсан төслийн багийн уран бүтээлийг УДЭТ-аас 100 хувь санхүүжүүлж, энэ оны намар У.Шекспирийн “Гамлет” жүжгийг тайзнаа тоглох юм байна. .

Хэрвээ та энэхүү тендерт оролцохыг хүсвэл энэ сарын 25-ны дотор УДЭТ-т багийн төлөөллөө илгээж мэдүүлгээ өгөх бөгөөд ирэх зургадугаар сарын 11-ний дотор УДЭТ-т битүүмжилсэн материалаа илгээх хэрэгтэй гэнэ. “Гамлет” жүжгийн шалгаруулалт ирэх зургадугаар сарын 25-ны дотор болно хэмээн театрын зүгээс мэдээллээ.

УДЭТ-т авах төслийн материалын бүрдүүлэлт

1. Багийн бүрэлдхүүний анкет / нэр, нас, боловсрол, ажил үүрэг, урьд өмнөхийсэн уран бүтээл/

2.    Тайзны скиз макет
3.    Хувцасны скиз
4.    Найруулагчийн төлөвлөгөө
5.    Маркетингийн төлөвлөгөө төсөв
6.    Төслийн нийт төсвийг хавсаргах юм байна.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж