УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдсан ч сэтгүүлчдэд албан ёсоор мэдээлэл хийсэнгүй. Тиймээс ямар асуудлыг бүлгээр хэлэлцсэн нь тодорхойгүй байна. Гэхдээ бүлгийн ажлын албаныхны өгсөн мэдээллээр бол тус бүлэг өнгөрсөн баасан гаригийн ээлжит бус хуралдаанаас МАХН-ын дарга Н.Энхбаярын эрүүл мэндийн байдалтай холбоотойгоор Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригт нарт хандан хүсэлт гаргажээ.
Түүнд “Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэвтэж буй Улсын клиникийн нэгдсэн II эмнэлгийн дарга Г.Баясгалангийн мэдээллийг сонсч, эмч нарын багийн дүгнэлттэй танилцлаа. Дүгнэлтээс үзэхэд хуурай өлсгөлөн зарласан Н.Энхбаярын эрүүл мэндэд цаг алдалгүй яаралтай арга хэмжээ авахүй бол амиа алдаж мэдэхээр байна. Иймд энэ хүний амь насыг аврах үүднээс эмнэлгийн зүгээс тавиад байгаа батлан даалтад гаргаж, эмчилгээг хэвийн явуулах боломжоор хангах хүсэлтийг дэмжих нь зүйтэй гэж МАН-ын бүлэг үзлээ. Тиймээс Н.Энхбаярын цагдан хорих арга хэмжээг зогсоож, түүнд хуулийн дагуу авах арга хэмжээг хэвийн нөхцөлд явуулахыг хүсч байна” гэсэн байна.
Г.Дарь