Өсвөрийн шигшээ багтай болъё

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Өсвөрийн шигшээ багтай болъё

Хөгжүүлж чадвал ялж, дийлж болдгийг Монголын спортынхон олон жишээгээр нотолж байгаагийн нэг нь арваадхан хоногийн өмнө тохиосон өсвөрийн жүдочдын байлдан дагуулал байлаа.
Тайландын Бангкок хотод болсон жүдо бөхийн өсвөр, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын охид, хөвгүүд долоон алт, гурван мөнгө, 11 хүрэл медаль хүртсэн амжилтаар Азийн жүдочдыг алмайруулав. Хорин долоогоос хорин нэг нь медальтай ирж байгаа ийм үйл явдалд талархал илэрхийлж, 2016, 2020 оны олимпийн тухай эргэцүүлэн бодоход хүргэсэн дүү нартаа халуун баяр хүргэе. Гэхдээ элэг зүрхэндээ эх орноо гэсэн чин сэтгэлийн үр суулгаж, ээж, аавынхаа энгэрт эрхэлж суух насандаа спортын дэвжээнд “дайтаж” яваад ирсэн тэдэнд маань “Баярлалаа” гэдэг үг багадах юм шиг санагдлаа.
Олимпийн аварга Э.Бадар-Ууган анхны медалиа өсвөрийн боксчдын “Олимпийн гараа” тэмцээнээс хүртэж байсан юм. Аавынхаа ятгалгаар боксчны амьдралд хөл тавьсан эхний жилдээ энэ тэмцээний рингнээс өнөөдрийн олимпийн аварга нулимстай бууж байснаа ярьдаг. Энэ ялагдал, тэр тэмцээний дараа, ирээдүйн олимпийн аварга боксчин “Дараа жил би заавал түрүүлнэ дээ” гэж шүд зуун өөртөө хэлсэн нь жаал хүүгийн амьдралдаа анх удаа өөртөө тавьсан зорилго байсан гэдэг. Анхны тэмцээн, эхний ялагдлынхаа дараа  ихэр татан уйлж суусан энэ түүхийн тухай аварга ярихдаа “Тэр нулимс намайг олимпийн аварга болгосон” хэмээн нэг бус удаа дурсч байсан юм.
Яг үүнтэй адил өнөөдөр их спортын хатуу хөтүүг өөдөсхөн биедээ үүрч яваа хүүхэд Монголд мянга мянгаараа байгаа. “Би олимпийн аварга” болно гэж битүүхэндээ мөрөөдөж яваа мянга, мянган бяцхан зүрх бидний дэргэд цохилж байгаа. Энэ үгээр юу хэлэхийг хүссэн бэ гэвэл, ирээдүйд биднийг олимпийн тэнгэр дор цэнгүүлэх залуу үеэ дэмжиж, өсвөрийн шигшээ баг байгуулах цаг нь болсон юм уу гэсэн санаа юм. Өсвөр, залуучуудын гаргасан амжилт, спортоор хичээллэх хүсэл сонирхол Бээжингийн олимпиос хойш эрс нэмэгдсэн нь ч их спортын энэ хүрээлэл рүү анхаарал хандуулах нөхцөл байдал бий болсныг батална.
Олон улсын олимпийн хороо бодлогоороо өсвөр, залуу үеийн тамирчдаа бэлтгэж, тэднийг дэмжих зорилгоор түүхэндээ анх удаа хүүхдийн олимпийн наадмыг ирэх наймдугаар сард зохион байгуулах гэж байна. Олимпийн хошой аварга Елена Исинбаеваг элчээ болгосон “Сингапур-2010” хүүхдийн анхдугаар олимпод дэлхийн өнцөг булан бүрээс шилэгдсэн 3600 гаруй өсвөрийн тамирчин оролцоно. Одоогоор манай улс энэ олимпийн наадамд өрсөлдөх гурван эрхтэй /жүдо, триатлон, чөлөөт бөх/ болоод байгаа. Өсвөрийн гэсэн тодотголтой тэмцээнүүдэд төдийлөн ач холбогдол өгдөггүй байсан шат шатны доголдлуудыг бодохоор энэ тоо чамлахааргүй амжилт юм. Гэхдээ өсвөр үеийнхэндээ өсвөр үед нь илүү сайн анхаардаг байсан бол олимпийн эрхийн тоо эрс нэмэгдэх боломж байсан.
Дэлхий нийтээрээ өсвөр үеийн спортын боловсролд ийм өндөр хүчээр анхаарал хандуулж байгааг бодсон ч, Монголын спортын зарим холбоодын санаачлага, менежментийн үр дүнд ил тод харагдаж байгаа өсвөрийнхний амжилтыг харсан ч одооноос тэднийг зохион байгуулалтад оруулж, өсвөрийн шигшээ багийг байгуулъя гэсэн Монголын жүдо бөхийн холбооны санаачлагыг дэмжмээр байна.
Залуучууд, насанд хүрэгчдийн шигшээ багийнхныгаа хангалттай хэмжээнд авч явж дөнгөхгүй байгаа Монголын спортод өсвөрийн шигшээ баг гэсэн нэр илүүц юм шиг сонсогдож байгаа бол эндүүрэл юм. Өсвөрийн шигшээ багийг эхний ээлжинд цалингүйгээр байгуулж, гол нь тэднийг гадаад, дотоодын тэмцээнд тасралтгүй оролцуулах нөхцөл бололцоогоор хангах нь том алхам байх болно. Тиймээс Монголын спортыг цус сэлбэх өсвөр, залуу үедээ итгэл, найдвар өгөхийг их спортынхондоо уриалмаар байна.
Магадгүй, сэтгүүлчид ч гэсэн өсвөрийн тэмцээнийг сурвалжилж, тэднийг дэмжиж, урамшуулах талаар хэвлэж, нийтэлсэн нь эргээд бодоход чамлалттай л санагдаж байна. Спортын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн бид ч гэсэн ирээдүйн спортын оддын төлөө өнөөдрөөс эхлэн хөрөнгө оруулалт хийхэд болохгүй нь юу байхав. Монголын спортоос үеийн үед дэлхийн одод төрөх болтугай.

Б.Бадмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж