Таван давхар орон сууцны нэг давхрыг “идсэн” үү

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

Таван давхар орон сууцны нэг давхрыг “идсэн” үү

Улаангомд баригдсан төрийн албан хаагчдын орон сууцыг мэдэхгүй хүн бараг ховор үлдсэн байх аа. 24 айлын орон сууцны энэхүү барилгыг бариулсныхаа төлөө аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нар шүүхээс ял сонсчихоод байна. Тиймээс л Увсынхан төдийгүй Улаанбаа­тарынхан хүртэл энэхүү 24 айлын орон сууцтай холбоотой хэргийг анхааралтай ажиглаж байгаа ажээ.
Э.Цасчихэр, Д.Батсайхан нарыг энэхүү орон сууцны барилгыг барих нэмэлт санхүүжилтийг шийдэж өгсөн гэж буруутгаад байгаа юм. Харин олон нийтийн дунд үүнээс ч илүүтэй хар явж байгааг энд тодотгоё. Тодруулбал, таван давхар орон сууц барихаар төлөвлөж байсныг нь Э.Цасчихэр, Д.Бат­сайхан нар болиулж, нэг давхар барих мөнгийг нь хуваагаад “идчихсэн” гэх яриа. Үнэхээр таван давхар байр бариулах тендер зарлаж, гэрээ байгуулчихаад дөрвөн давхар орон сууц бариулсан бол дээрх хоёр эрхэмд хариуцлага тооцох нь зүйн хэрэг. Гэхдээ арай ч бүхэл бүтэн орон сууцны барилгын нэг давхарыг албан тушаалаа ашиглаад хуваагаад идчихнэ гэж баймааргүй юм даа. Тиймээс зарим баримт олсноо уншигч тантай хуваалцъя гэж бодлоо.  

2007 оны наймдугаар сарын 9-ний өдөр Увс аймгийн Засаг дарга Л.Тогоо, “Ундарга констракшн” компанийн захирал Д.Ган-Эрдэнэ нарын гарын үсэг зурж баталгаа­жуулсан “Төрийн албан хаагчдын 24 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэт­гэх гэрээ” бүрэн эхээрээ миний өмнө байна. Энэ гэрээнд гарын үсэг зурсан талуудыг хара­хад л уг орон сууцны тендерийг Э.Цасчихэр зарлаж, гэрээг Э.Цасчихэр байгуулсан гэх яриа гүтгэлэг болох нь нотлогдож байна. Тэр үед Э.Цасчихэр намын ажил хийж явсныг Увсын ард түмэн мэднэ. Хамгийн гол нь гэрээний 5-д “Уг барилга нь Увс аймгийн Улаангом суманд байршилтай баганан суурь, тоосгон хана, цутгамал төмөр бетон хучилт, хавтгай дээвэр бүхий 4 давхар барилга юм…” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, таван давхар орон сууц барих хөрөнгө төсөвлөж өгчихөөд дундаас нь нэг давхрыг нь Увсын хоёр дарга идчихсэн гэдэг үнэндээ явуургүй гүтгэлэг болох нь эндээс тодорхой харагдаж, батлагдаж байна.

Л.Тулга

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж