“Дэндүү давчуу” замуудыг яах вэ?

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

“Дэндүү давчуу” замуудыг яах вэ?

Би лав ажлаа төлөвлөж чадахаа байлаа. Яг одоо даваа гаригийн өглөө, ажлын шинэ долоо хоног эхэлж байна. Эрч хүч, шинэ санаа оноо толгойд эргэлдэх ч ажилдаа явна, унаанд сууна гэхээс үстэй толгой арзайна.  
Товлосон цагтаа гэрээсээ гарсан ч товлосон цагтаа хүрэх газраа очих эсэх маань даанч найдваргүй. Илүү суудалтай микроавтобусанд сууж таарвал, хүнээ дүүргэж байж замдаа гардаг микроавтобусанд 15 орчим минут саатна. Ажилдаа хоцорч байснаас түрүүлж очсон нь дээр гэж бодоод 8.30-д гэрээсээ гардаг байсан бол 8.00 гэдэг цүнхээ үүрээд явдаг боллоо. Хагас цагийн зөрүү бол гэртээ ганц нэг ажил амжуулаад авах л хугацаа. Өглөө бүр такси барих боломжгүй. За энэ ч бага хэрэг. Үүнээс өөр асуудал байна аа. Манай гэр төвлөрөл багатай газар байдаг тулдаа орой харихдаа “Дэндүү давчуу” дууг амандаа үглэхгүй. Харин бидний хэлж заншсанаар III, IV хорооллоос ажилдаа явдаг хүнд “Classic gym” хамтлагийн “Дэндүү давчуу” дуу санаанд орно. Өглөө бүх хүн ажил руугаа гүйлдэх үед тэдний гэрийн үүдэнд баахан том оврын автобус түгжирсэн байхтай таардаг гэнэ. Нэгдүгээр хорооллын чиглэлийн автобуснууд олны ярьж заншсанаар Модны-2-ийн гэж нэрлэдэг давчуу замаар явдаг болсон нь оршин суугчдад ийм асуудал нэмжээ. Нэг өглөө унтаад босоод ирэхэд зам таглаад нэг байшин баригддаг байсан бол нүдээ аниад нээхэд явах замын чиглэлээ өөрчлөх хэрэг гарч байна. Эндхийн оршин суугчид автобуснуудын түгжрэлээс гарчихвал ажилдаа ирэх зам дардан шахуу. Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол дахь ажилдаа очихдоо дөнгөж гэрээсээ гараад 500 метр орчим явган явж түгжрэлээс гарна. Тэгээд л нэг унаатай залгана даа. Энэ хооронд нийт замдаа зарцуулах цагийн бараг 1/3-ийг хороочих нь тэр. Баянзүрх, эсвэл Сонгинохайрхан дүүргээс хотын төвд ажилтай хүн 09.00 цагт амжина гэдэг бэрх. Хаа очиж өглөөгүүр замын хөдөлгөөн ачаалалтай байлаа ч таг машинууд зогсчихно гэж үгүй, аажуухан боловч урагшилсаар. Харин ажил тарах үеэр баруун зүгийн хөдөлгөөн зогсчих шахна. Арай хийж ажилдаа ирсэн бол харих гэж баахан түгжирнэ. Нийтийн тээвэрт унтах нь холгүй явсаар нэг юм автобусны буудалд хүрнэ. Зарим таксинууд бол явсан км-ээр биш, хэрэглэсэн бензинийхээ үнийг шингээж төлбөрөө авах нь бий.
Монгол Улсын Хөдөлмөрийн хуулиар ихэнх байгууллага, аж ахуйн нэгжийн ажлын цаг 18.00 цаг гээд дуусна. Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороололд гэртэй хүн бол бараг үндэсний телевизийн “Цагийн хүрд”-тэй уралдаж харивал их юм.
Энхтайваны гүүр гэж сайхан түгжирдэг зам байна. 16.00 цагаас эхлээд “дэндүү давчуу” болно. Такси барилаа гэж очих газраа хүрэхгүй, алхлаа гээд зорьсон газраа очихгүй. Хувийн тэрэгтэй хүмүүс зам зуур түгжирсээр бензинээ барах юм гээд л машин барьснаасаа илүү зовлон ярина гээч.
Замын түгжрэлийг Замын цагдаагийн газар, хотын захиргаа, Нийтийн тээврийн зохицуулалтын газар зэрэг байгууллагууд нийлээд ч, хамтраад ч шийдэж чадахгүй байгаа. Харин дуу, шүлэг л болж байх шив.
Урин цаг ирж манайхан замаа засч эхэлж байна. Өнөө түгжирдэг замууд маань цагийн хуваарьтай хаагдаж, өөр зам дээр ачаалал нэмэгдэх нь. Нэг л өдөр нэг хэсэг замыг хаачихдаг болохоор гэрээсээ гараад хаагуур яаж явахаа мэдэхгүй “таавар” таах хэрэг гарна. Эргэн тойрныхон чинь “Өнөөдөр аль замыг хаана гэсэн бэ, хаагуур явбал арай бага түгрэх бол?” гэж бие биеэсээ сураглаж байгаа биз.Утаатай ч гэсэн Улаанбаатартай хайртай оршин суугчид бид энэ зун шороо бужигнасан хотдоо хэрхэн зорчих болсныг та мэдсэн үү. Өнөө л сурсан зангаараа ажилдаа гардаг, явах зам чинь тойруу, тэгээд ачаалалтай замд саатна гэдгээ тооцоолоод ажлаа сайн төлөвлөөрэй гэж зөвлөх байна.
Ингээд бага ч гэсэн танд тус болох үүднээс ойрын хугацаанд хаагуур зам хаалттай байх мэдээллийг хүргэе. Гурвалжингийн гүүрийн засварын ажил наймдугаар сарын 25-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Энэ хугацаанд ачааны автомашинууд Геологийн төв лабораторийн зүүн талын замаар Баянхошуу урдуур, хойгуур Хувьсгалчдын гудамж, Их тойруу гэсэн чиглэлүүдээр явж болно. Мөн Сонсголонгийн зам, ТЭЦ IV-ийн урдуур, Хан-Уул дүүргийн замуудаар явж болно.
Харин уг гүүрийн хойно байрлах Гурвалжингийн аюулгүйн тойргийн засварын ажил энэ сарын 15-нд дуусах төлөвлөгөөтэй байгаа.
Энхтайваны өргөн чөлөө  буюу аравдугаар хорооллын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх 1.6 км замын засварын ажлыг хийхдээ дөрөв хуваан хөдөлгөөнийг хааж, замын хөдөлгөөнийг зохицуулах юм байна. Энэ сарын 1-21-нд 25 дугаар эмийн сангийн уулзвараас Төмөр замын соёлын ордны уулзварыг хаана. Дараа нь 24-нөөс эхэлж ирэх сарын 5-ны  өдрийн  хооронд аравдугаар хорооллын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хаана. Гуравдугаар ээлжинд ирэх сарын 10-ны өдрөөс долдугаар сарын 1-нийг хүртэл Төмөр замын соёлын ордны уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх замыг хаана. Хамгийн сүүлд нь долдугаар сарын 15- 30-ны  өдөр Амарсанаагийн гудамжны уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, засвар хийснээр энэ чиглэлийн зам арай чөлөөтэй болно.
Харин их тойруугийн зам буюу 100 айлын уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх замын ажил ирэх сарын 15-ныг дуустал үргэлжилнэ.Энэ үеэр Баянбүрдийн тойргоос “Хүрд” ХК-ний уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг хоёр удаа хаах юм байна. Ингэхдээ эхний ээлжинд энэ сарын 14-17-ны өдөр хүртэл,  дараагийн удаа 21- 24-нд энэ замыг хэсэгчлэн хаах ажээ.
Мөн 100 айлын уулзвараас “Өлзий” төвийн уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг  хоёр удаа хаана.Эхний ээлжинд ирэх сарын 4-7-ны өдөр, хоёрдугаар ээлжинд зургадугаар сарын 11-14-нд хаана. Түүнчлэн Хөгжим бүжгийн коллежийн зүүн талын уулзвараас хойш хойд их тойруу хүртэлх замын ажлыг өнгөрсөн сарын 21-ний өдрөөс эхлүүлсэн бөгөөд энэ  ажил энэ сарын 29-ний өдрийг дуустал үргэлжилнэ. Харин замын хөдөлгөөнийг энэ сарын  14- 17-нд хаах ажээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж