Юань гүрний үеийн хатан, нярай хүүхдийн муми олджээ

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

Юань гүрний үеийн хатан, нярай хүүхдийн муми олджээ

Юань гүрний үеийн монгол хатан, нярай хүүхдийн муми олдвор Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 4-р багийн нутагт Дунд нурууны Шүүтийн өвөлжөөний хадны агуйд эртний хүний муми маягаар хадгалагдаж байгаа олдвор байна, түүнийг яаралтай судалж өгнө үү хэмээн тус сумын Засаг дарга Б.Идэрмөнх МУИС-ийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургуульд өөрийн биеэр хүсэлт хүргэж өгчээ.

Энэхүү мэдээллийн мөрөөр МУИС-ийн НШУС-иас археологич, доктор У.Эрдэнэбат ахлагчтай судалгааны багийнхан 2012 оны дөрөвдүгээр сарын 11-18-ны хооронд тухайн газарт очиж, малтлаг шинжилгээ хийжээ. Археологичид Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутаг дахь Дунд нурууны Шүүтийн агуйгаас гадна Бургаст, Гозгор толгой хэмээх газраас Монголын дундад зууны үеийн түүхэнд холбогдох хадны оршуулгын нийт 3 дурсгалыг малтан илрүүлж, шинжилсэн байна.

Харин Шүүтийн агуйд давсан дотор оршуулсан байсан эртний хатмал шарилыг  тонож сүйтгэсэн байсан ба оршуулганд хэрэглэсэн гэрийн хана, модон эмээлийг эвдэж хаясан байжээ. Булшнаас үлдсэн хүний яс болон дээл хувцасны үлдэгдлийг  археологичид  авчран судалж байгаа юм байна.

Бургаст хэмээх газраас олдсон хадны оршуулгаас XIII-XIV зууны үеийн 60 гаруй настай эрэгтэй хүний шарил  дээл хувцас, бүсний арал, нумын модны үлдэгдэл  зэрэг олдсон бол, Гозгор тогой хэмээх газраас Юань гүрний үеийн монгол хатныг дөнгөж төрсөн нярай хүүхэдтэй нь хамт  оршуулсан байсыг олсон ажээ. Нярайг нэхий өлгийд боосон байжээ. Булшийг хэдийгээр нутгийн иргэд ухаж төнхөн, зарим эд зүйлийг эвдэж үгүй хийсэн боловч үлдсэн эд өлгийн дурсгал нь Монголын Эзэнт Гүрний түүхтэй холбогдох, манай оронд төдийгүй дэлхийд анх удаа биет байдлаар олдож байгаа ховор олдворууд гэнэ.

Булшнаас олдсон эд зүйлсээс товч дурьдвал XIII-XIV зууны үеийн монгол хатан хүний богтаг малгайн үлдэгдэл, сувдаар хэлхэж  хийсэн сүйхэн чимэг, ювуу, тана эрдэнийн унжлагатай зэс ээмэг, бүтэн цас толь, модон сам зэрэг байсан байна. Түүнээс гадна Гозгор толгойн хадны оршуулгаас улаан чий будагтай бүтэн модон аяга олдсон нь ёроолдоо хар бэхээр бичсэн дөрвөлжин үсгийн бичээстэй энэ нь уг аягны эзний овгийн үсэг байж болзошгүй бөгөөд одоогоор ур бичгийг “ХИЯН” гэж уншаад байгаа юм байна. Хэрвээ энэ нь буруу биш бол Гозгор толгойн хадны хонгилд оршуулсан залуу хатан нь Чингис хааны Алтан ургийн Хияд Боржигин овгийн хүн болж таарна хэмээн судлаачид үзэж байгаа ажээ.

Шинээр олдоод байгаа уг олдворуудыг сэргээн засварлах, цэвэрлэн бэхжүүлэх ажлыг Соёлын өвийн төвд тусгай мэргэжлийн сэргээн засварлагч нар хий байгаа гэнэ. Үүний дараагаар 2012 оны өвөл гэхэд “Чингис хааны монголчуудын археологийн дурсгалууд” сэдэвт үзэсгэлэнд тавьж олон нийтэд толилуулах ажээ.

Манай улсын нутаг дэвсгэрт одоогийн байдлаар археологичдын  судалсан хадны ба агуйн 70 гаруй оршуулга бүртгэгдсэн байдаг байна. Гэтэл сүүлийн жилүүдэд ашигт малтмал,уул уурхай хэтэрхий замбараагүй хөгжиж, газар сайгүй ухаж байгаа нь нэг талаар эртний ховор эд өлгийн зүйлийг сүйтгэж, дахин хэзээ ч давтагдашгүй, нөхөн сэргээгдэшгүй гарз учруулж болохыг анхааран үзэж энэ чиглэлээр тусгай бодлогоор судлагаа шинжилгээг түлхүү хөгжүүлэх, хадгалж хамгаалах шаардлагатай байгаа талаар МУИС-ийн НШУС-ын доктор, профессор С.Төмөр-Очир, доктор профессор Г.Эрдэнэбаяр, доктор У.Эрдэнэбат зэрэг судлаач эрдэмтэдийн төлөөлөгчид хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж