Нохой тэжээх моодонд орсон ч татварыг нь төлөх дургүй

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

Нохой тэжээх моодонд орсон ч татварыг нь төлөх дургүй

Өнөөдөр хотын төв гудамж төдийгүй, Төрийн ордны хашаанд ч золбин нохой таарах нь энгийн үзэгдэл. Нийслэлд нохой элбэгшжээ. Хорооны хэсгийн ахлагч нар хариуцсан хэсгийнхээ айлуудын тэжээвэр нохойны тоог гаргаж Нийслэлийн статистикийн газарт дүнг нь нэгтгэдэг.

Өнгөрсөн оны эцсийн тооллогоор нийслэлийн хэмжээнд 12 үүлдрийн 42 мянган гэрийн тэжээвэр нохой тоологджээ. Энэ тийм ч баттай тоо биш учраас үүнээс ч илүү байх магадлалтай гэнэ. Нийслэлийн хэмжээнд жилийн жилд 12 мянган нохой устгадаг гэх. Тэгсэн хэрнээ золбин нохойн тоо улам өссөөр байгаа гэнэ. Золбингуудыг устгах нэрийдлээр айлын уяатай нохойг гэрийнхнийг нь эзгүйгээр буудчихдаг тохиолдол олон бий. Үүнийг нь хүмүүс ярихдаа гэрийн тэжээвэр нохой золбин нохойноос цэвэрхэн гэж үздэг учир хятадууд махыг нь ашигладаг гэж ярих юм. Өнгөрсөн өвөл Сүхбаатар дүүргийн IX хороонд ийм тохиолдол хэд хэд гарчээ.

Сүүлийн жилүүдэд манайхан зөвхөн гэр хороололд биш орон сууцанд нохой тэжээх нь ихэссэн. Нийслэлд нохой худалдаалдаг найман ч цэг байдаг. Энэ нь ашигтай бизнест тооцогддог болжээ. Нохой, муур тэжээгч иргэд cap бүр 2000 төгрөгийн татвар төлдөг. Үүнийг нь байрны мөнгөтэй нь хамт авчихдаг юм байна. Энэ татварт зөвхөн орон сууцанд амьдрагсдын нохой л хамаарагддаг ажээ. Хороодын хэсгийн ахлагчид, гэрлийн байцаагчдыг айлгадаг ганц юм нь нохой гэнэ. Цахилгаан эрчим хүч хулгайгаар ашигласан зарим айл нохойгоо сул тавьчихаад хаалгаа тайлж өгөхгүй аргаа барахдаа хэсгийн ахлагчийг дагуулж очоод ч нэмэр болдоггүй гэж ярих юм билээ. Тэр бүү хэл байцаагчид нохойд уруулсан тохиолдол олон гардаг. Нийслэлийн мал эмнэлгийн газраас гэрийн тэжээвэр нохойнд жилд нэг удаа вакцин хийх ёстой байтал иргэд нохойгоо авч очиж хийлгэдэггүй гэх юм билээ. Үүнээс болж нохой галзуурах, элдэв өвчин тараах тохиолдол гардаг. Өнгөрсөн жил Баянзүрх дүүргийн XXI хороонд золбин нохой галзуурч хүмүүс хашааны буланд шахаж байж модоор цохиж алсан гэж ярьж байна. Нэг вакцины үнэ 8000 төгрөг. Харин золбин нохойг устгахаас өөр аргагүй. Нохойн устгалыг дулааны улиралд хийх аргагүй гэнэ. Нохой жилдээ нэг гөлөглөдөг байсан бол одоо хоёр гөлөглөдөг болсноос золбин нохой өсөх шалтгаан бий болжээ. Нийслэлийн хот тохижилтийн газраас устгалын анчинд хоёроор нэг нохой гэж тооцон сум олгодог аж. Харин устгасан нохойны арьсыг тушаах учиртай. Түүнийг өвчих хүн олддоггүй учир жалга гуунд устгачихдаг гэнэ.

Нохойг шөнө устгаж болохгүй, өдөр устгах нь бэрхшээлтэй, хүн машин ихээр холхиж байдаг учир хэр баргийн хүн энэ ажилд оролцохыг хүсдэггүй гэж байна. Дүүргүүдэд тоо толгой нь олширч байгаа золбин нохойг устгах аргаа нийслэлийн холбогдох удирдлагууд одоо хэр нь олж чадаагүй бололтой. Баянзүрх дүүргийн нийгмийн ажилтан Б.Түвшинжаргал хэлэхдээ “Манай гэр хороололд нохойгүй айл байхгүй. Заримд нь 2-3 нохой бий гээд бод. Тэднээс татвар авах аргагүй. Зарим нь хоногийнхоо хоолыг дөнгөн олж байж олон нохойтой байхыг нь яана. Хөдөөнөөс нүүж ирэхдээ бас нохойтой ирнэ. Үүнээс шалтгаалж, золбин нохой элбэгшээд байгаа юм гэлээ. Нийслэлд амьдарч байгаа хүн бүхэн нохой тэжээх эрхээ эдэлж байгаа бол татвараа төлж, вакцинд хамруулж үүргээ биелүүлж байх шаардлагатай байна.

Н.ЛХАГВА

"ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж