Компьютерийн загварчлалд тулгуурласан судалгаагаар салхин паркууд бичил цаг уурт нөлөөлж болохыг эрдэмтэд 2004 онд тогтоож байжээ. Харин энэ удаад уг судалгаа бодит ажиглалтаар баталгаажиж байгаа юм. Салхин турбинууд ажиллаж байх үедээ атмосферийн халуун хүйтэн агаарыг хооронд нь холих нөлөөлөл үзүүлдэг байна. Турбины роторын эргэлт өндөрийн дээд түвшний агаарыг газрын гадаргад буулгаж, доод түвшний агаарыг дээш нь хөөргөх замаар холилт үүсгэдэг ажээ.
Мөн шөнийн дулааралт болон өдрийн сэрүүсэлтийн аль нь голлох вэ гэдэг нь салхин паркийн байрлалаас хамаардаг байна. Эрдэмтэд бичил цаг агаарын өөрчлөлтөд хүргэх нөлөөллийг бууруулах 2 аргачлалыг санал болгож байна. Эхнийх нь бага хэмжээний агаарын холилт үүсгэх салхин сэнсийг зохион бүтээж агаарын босоо чиглэлийн холилдолтыг бууруулах юм. Удаах арга нь агаарын байгалийн холилдолт бүхий газар нутагт салхин ферм байгуулж бичил цаг уурын өөрчлөлтийг багасгах (конпенсацлах) юм.