Б.Цолмон: Лхагваа бичээд, Лхагваа дуулж байгаа юм чинь яаж муу дуу байх юм бэ?

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Б.Цолмон: Лхагваа бичээд, Лхагваа дуулж байгаа юм чинь яаж муу дуу байх юм бэ?

 Хуучны
хүрэн ширээ, зургаар дүүргэсэн хана, хоёр ширхэг том толь…Агуу
“Соёл-Эрдэнэ”-ийн өрөө ашгүй “амьд” үлджээ. Харин төгөлдөр хуур нь
харахаас нүд хальтирмаар болчихож. Яг л шүдгүй хүн шиг болж.

Өнгөрсөн
долдугаар сарын 1-нд болсон үймээнд Монголын урлагийн энергийн төв
болсон энэ өрөө өртөж, хулгайчид хамаг хөгжмийн зэмсгийг нь хага цохиж,
хугалж, эвдэлж орхиод авахыг нь аваад зайлсан. Улсын филармони шатаж,
Уран зургийн галерей устахаа шахсан тэр өдөр “Соёл-Эрдэнэ”-ийн өрөөнд
бас л гал гарахаа дөхсөн. Гэхдээ нэг хэсэг үүдээ барьсан “Соёл-Эрдэнэ”
хамтлагийн өрөө одоо үүдээ нээжээ. Харамсалтай нь, хамаг хөгжмөө
алдчихсан болохоор хөл хөдөлгөөн багатай болчихож. ”Соёл-Эрдэнэ”
хамтлагийн бөмбөрчин Б.Цолмон өрөөгөө эргэхээр иржээ. Бидний яриа
өөрийн эрхгүй хамтлагийнх нь хамгийн үнэ цэнэтэй баялаг болох
хөгжимнөөс нь салгасан долдугаар сарын 1-ний үймээнээс эхэллээ.

-Санасныг бодоход танай өрөө бас ч гэж гайгүй байна. Гэхдээ хамаг хөгжим чинь алга. Ханхайгаад эвгүй санагдаж байна?

-Тэр
аймшигтай үймээний дараа орж ирсэн бол чи бараг л ухаан алдана. Ямар
аймаар байсан гэж санана. Хэдэн гитарнуудыг минь хугалахыг нь хугалаад,
энэ хавиар эвдэлж сүйтгэж болох бүрэн бүтэн юм юу л байна, бүгдийг нь
хагалаад хаячихсан байсан. Ахынх нь бөмбөр бол авах юмгүй болсон ш дээ.
Өөрийн мэдэлгүй уйлсан. Би одоо энэ тухай ярихыг ч хүсдэггүй юм. Хүнээс
тийм авир гарч байна гэдэг чинь аймаар биз дээ. Итгэмээргүй.

-Би
бол таныг яриасай гэж бодож байна. Та нар, “Соёл-Эрдэнэ”-ийнхэн тэр
үймээний хохирогчид биз дээ. Өнөөдөр ингээд өрөө чинь өөрийн гэсэн
хөгжимгүй, та жишээ нь бөмбөргүй, уран бүтээлээ хийж чадахгүй байгаадаа
бухимдаж байгаа биз дээ?

-Бухимдах юу ч биш биз дээ. Бухимдаад яах юм. Зүгээр надад нэг л юу бодогдсон.

-Юу?

-Манай
залуучууд үнэхээр оюуны хоосролд орсон юм байна гэж санагдсан. Урлагийг
ойлгодог, бүр шүтдэг ч хүн байдаг. Огт юман чинээ санадаггүй ч хүн
байдаг л байх. Гэхдээ л урлаг, хөгжим гэдэг чинь хүний хүмүүжлийн асар
том илэрхийлэл. Өнөөдөр хөгжим рүү хөлөө саваад өшиглөж байгаа хүн
байна гэхээр миний санаанд нэг л буухгүй байгаа юм. Харамсалтай нь,
байна л даа. Байхаар барахгүй байна. Энэ чинь Монголын залуучуудын нэг
хэсэг оюуны хоосролд орсны нэг жишээ мөн биз дээ. Хөгжим ард түмний л
өмч байдаг. “Халуун элгэн нутаг” дууг Ардчилсан намынх, “Төрийн дуулал”
Хувьсгалт намынх гэж би л лав сонсоогүй. Хөгжим, урлаг өөрөө ард түмний
л өмч байдаг. Ард түмний л ухамсар, соёл, мэдрэмжээр хөглөгдөж, төрж
байдаг. Эргээд нийгмийг хүмүүжүүлж байдаг зүйл биз дээ. Тэгж
бодохоор… Мэдэхгүй би ямар ч байсан таван тийшээ тарж бутарсан
бөмбөрөө хараад уйлсан. Цоомоо тэрийг дахиад худалдаад авчихаж болно л
доо. Гэхдээ тэр сүйрэл нь өөрөө аймаар байсан. Энэ чинь
“Соёл”-Эрдэнэ”-ийн өрөө ш дээ. Бодвол залуучууд голдуу хүмүүс энэ
үймээнд оролцсон байх. Гэтэл тэр залуучуудын аав, ээжийг энэ муу
“Соёл-Эрдэнэ”-ийнхэн, энэ өрөөнд сэтгэл зүрхээ, авьяасаа буцалгаж, энэ
өрөөнөөс хөглөж, хөглөгдөж явсан хүмүүс хүмүүжүүлж байсан байхгүй юу.
Тийм биз дээ. Тэр төгөлдөр хуурыг хар л даа. Монголын сор болсон уран
бүтээлчид энэний ард сууж, сор болсон уран бүтээл энэ төгөлдөр хуураас
төрсөн. Одоо ингээд музейн үзмэр болчихсон байгаа биз дээ. Аймшигтай
үзмэр. Бүр лоомоор ч юм уу, төмрөөр ч юм уу хөшөөд, хагалаад үйлийг нь
үзсэн байгаа биз дээ.

-Та
тэр өдрийн үймээнийг хувь хүнийхээ үүднээс аль өнцгөөс нь харсан бэ.
Зохион байгуулалттай байсан эсвэл ард түмний бухимдал дээд цэгтээ
хүрсэн гээд таамаг бол олон л байгаа?

-Арай ч
өнөөдөр орой энийг, энийг галдан шатаана гэж хүмүүс цуглаагүй байлгүй
дээ. Тиймэрхүү цуглаан, жагсаал болдог л байсан биз дээ. Харин тэр өдөр
хүмүүс тэсэрсэн. Тэрийг нь чоно борооноор гэдэг шиг мэргэжлийн хулгайч,
луйварчид маш овжноор ашигласан байх. Манай өрөөнд утааны хамгаалалттай
баг үлдсэн байсан. Хулгай хийхээр зориуд ирсэн хүмүүс тийм багтай ирнэ
биз дээ. Төгөлдөр хуур, бөмбөр эд нарын эвдэрснийг нь харахад лоом ч юм
уу тиймэрхүү багажаар цохиж, хөшсөн нь илт байдаг. Ухнаа гуайн
гавьяатын тэмдэг зүүчихсэн байсан хүрмийг хүртэл аваад явчихсан байсан.

-Та тэр өдөр хаана байсан бэ?

-Гэртээ.

-Гал гарч байгааг телевизээр шууд харуулж байсан. Та өрөөгөө шатчих вий гэж бодоогүй хэрэг үү?

-Телевизээр
харж байсан. “Соёлын төв өргөө”-ний хүзүүвч шатаад эхлэхээр нь энэ гал
даамжирвал филармони руу орно. Филармони галд өртвөл манай өрөө рүү
орно гэж бодсон л доо. Тэгээд байдал бишдэхээр нь ирсэн. Ирэхэд хүмүүс
аль хэдийнэ хийдгээ хийчихсэн байсан. Харин энэ зэргийн үлдсэн нь манай
Жеригийн ач байсан юм.

-Жери гэж, бөмбөрчин үү?

-Тийм. Тэр
үед Америкийн хөгжимчид манай ирчихсэн байсан. Хамаг үнэтэй цайтай
хөгжим нь өрөөнд байлаа. Гал манай өрөө рүү орж магадгүй болохыг нь
хараад Жери наашаа ирсэн байгаа юм л даа. Өрөөндөө ороод ирсэн чинь
нөгөөдүүл бүх зүйлийг сүйдэлж орхиод гарсан байсан гэнэ лээ. Гал тавиад
гарчихсан. Одоо манай өрөөний хивс тэр үед шатсан чигээрээ л байгаа.
Дээрээс нь давхарлаад нэгийг тавьчихсан байгаа болохоос. Жериг орж
ирэхэд гал яг тэр хөшигний наана гарч байсан гэсэн. Хивс, сандал зэрэг
шатчихсан. Хөшиг бас. Хэрэв Жери тэр үед унтраагаагүй бол манай өрөөнд
юу ч үлдэхгүй байх байсан. Тэр зурагнууд байхгүй болчихсон байна гээд
боддоо. /хананд өлгөөтай “Соёл-Эрдэнэ” хамтлагийнхны зурагнуудыг заав/

-Зурагнуудад харин гар хүрээгүй юу, хүмүүс?

-Чадаагүй.
Лоомоо бариад дайрахад нь Баяраа, Галсанбат эд нар маань харж байсан
болохоор чадаагүй байлгүй дээ. Тийшээ гар далайвал алдас болох биз.
Надад бол тэгж л санагдаж байна. Одоо хамт байхгүй ч гэсэн өрөөндөө орж
ирээд хэдэн талийгаачийнхаа зургийг харахаар хамт байгаа юм шиг л
санагддаг юм чинь.

-Танайхан тэгээд хэзээ хөгжим, хэрэгсэлтэй болох улс вэ?

-Ёстой мэдэхгүй.

-“Соёл-Эрдэнэ”-ийн
тэр олон фенүүд чинь хаана байгаа юм бэ. Бодвол та нарын үнэнч
сонсогчдын ихэнх нь өнөөдөр ганц хамтлагийг яая даа гэсэн хөгжмөөр
бөмбөгдчихөж чадах л улсууд баймаар юм. Санхүүгийн хувьд боломжтой гэх
үү дээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаасаа авхуулаад өнөөдөр нэр төртэй
яваа том том бизнесменүүд бүгд л та нарыг сонсдог байсан биз дээ?

-Хүмүүс хандив өгсөн гэсэн. Гэхдээ бид нарт, “Соёл-Эрдэнэ”-д ирээгүй.

-Яагаад?

-Ерөнхийдөө
Улсын Филармони гэсэн нэрэн дор л тэр хандив, мөнгөө өгч байсан юм шиг
байна. Яг энэ мөнгийг “Соёл-Эрдэнэ”-д өгөөрэй, хөгжимтэй болог гэж
хүмүүс санаж бичээгүй, хэлээгүй гэх юм уу даа. Тэгээд л ирээгүй.

-Хөөцөлдөж үзсэн үү, хөгжимтэй болох гэж?

-Том Жагаа
бид хоёр нэг хэсэг явсан. Одоо ч тэгээд хүнд заавал тайлбар тавиад,
хүнээс заавал авах ёстой биш гэж бодоод орхисон. Улс шийдэж өгөх
байлгүй дээ гэж горьдоод л сууж байна. “Миат”, “Петровис” гээд хэд
хэдэн газар тусална гэж байсан. Тусалж байгаа.

-Тэгээд туслах уу?

-“Соёл-Эрдэнэ”
маань уг нь улсын данстай ганц хамтлаг юм ш дээ. 1971 онд Монгол Улсад
ийм уран бүтээлийн хамтлаг байх ёстой гэж үзээд Соёлын яамны тогтоол
гаргаж, Уран сайхны зөвлөлөөр хэлэлцэж байж байгуулсан хамтлаг. Өөр нэг
ч хамтлаг байхгүй, өнөөдөр. Тийм болохоор горьдож л байна. Сандал,
ширээ, хивс энэ тэр яахав ээ, хөгжимтэй л болчихвол…

-Одоо тэгээд хөгжимгүй болохоор уран бүтээл зогсонги байдалд байна уу?

-Яахав,
урлагийнхан маань тал талаас илүү, дутуугаа бариад ирж байна.
“Булсара”, “Лемонс”-ынхон илүү цана, цохиураа хүртэл авчирч өгөх
жишээний. Сэтгэл нь сайхан юм. Одоо өрөөндөө “Өргөө”-гийн хөгжмийг
авчраад тавьчихсан байгаа. Энэ өрөөнд чинь манай рок, попынхон бүгд л
ирж бэлтгэлээ хийдэг болохоор чимээгүй байлгаж болохгүй биз дээ.

-Таны хувийн уран бүтээлээр сонин юу байна?

-Миний
хувийнсаад байх юу байх вэ дээ. Ах нь ямар дуучин биш. Шүлэг бичиж, ая
хийх биш. Бөмбөр тааруул цохиод л, бусаддаа дэм болоод явж байна.

-Тоглолтынхоо бичлэгээр DVD  гаргах бодол байгаа гэж байгаагүй юу. Тэр юу болсон?

-Худалдаанд гаргах нь ч юу юм. Найз нөхөд тиймэрхүү санал гаргасан болохоор бодож л байгаа.

-Худалдаанд гаргахгүй юм бол DVD гаргаад ямар хэрэг байна?

-Ээ, ах нь ямар мундаг амьтан биш гэж хэлээд байна ш дээ. Ах нь зүгээр мөрөөрөө бөмбөрөө тоглоод л явж байвал барав.

-Та
жаахан өөрийгөө үнэлмээр юм аа. Жишээ нь, “Харанга”-ын Пүүжээ ах
бөмбөрийн бизнес хийгээд, сургалт явуулаад л цаана чинь бужигнуулж
байна аа даа?

-Ах нь
тэгж наймаа, бизнес хийж чадахгүй байх аа. Харин тэр сургалтын талаар
чинь ярьсан зүйл байгаа. Том Жагаа бид хоёр ажил хэрэг болгоно оо.
Чаддаг жаахныгаа харин хүнд зааж өг гэвэл дуртай хийнэ шүү.

-Таньтай уулзсан болохоор Лхагваа ахын /”Харанга” хамтлагийн дуучин/ тухай асуухгүй өнгөрч болохгүй нь. Ойрд эргэж очсон уу?

-Яг ойрын үед бол очоогүй. Манай рок, попын эмэгтэй дуучид шинэ жилээс өмнө эргэж очно гэж байсан.

-Сэтгэл санаа нь ямархуу байна. Маш олон хүн тэр сайхан авьяасыг торны цаана түгжчихсэнд харамсдаг?

-Гайгүй
ээ. Манай Ааяа тэндээ хөгжимтэй болчихсон. Тэр нь л их дэм болж байх
шиг байна даа. Хөгжимгүй, дуугүйгээр амьдарч чадахгүй хүн ш дээ.
Хариуцлагаа үүрээд, алдаагаа засаад очно оо л гэдэг юм. Эр хүн шүү дээ.
Хүмүүс гаднаас нь хараад нэг өөр юм боддог байх. Хатуу ширүүн, ихэмсэг,
их зантай гэдэг ч юм уу. Амьдрал дээр Лхагваа шиг уян, дотоод сэтгэл нь
зөөлөн эр хүнийг би олныг мэдэхгүй. Лхагваа ээжийгээ бурхан шиг шүтдэг.
Хэдэн төгрөг олдвол найз нөхөддөө тараагаад дуусдаг тийм л хүн. Хүнийг
сайд байна уу, гуйлгачин байна уу хэзээ ялгаж харьцахгүй. Ядарч яваа
хүнд туслах дуртай, задарч яваа хүнд ойртох дургүй жинхэнэ эр хүний
чанартай. Хэзээ ч эд хөрөнгөнд шунаж амьдраагүй. Өөртөө юу ч наагаагүй.
Урлагт бүхнээ өгсөн цул авьяас. Тийм хүнийг торны цаана сууж байгаад
харамсдаг л юм. Хоолой нь зэвэрчих вий, сэтгэл санаа нь гундах вий
гэж…/санаа алдав/.

-Тэнд очсоноосоо хойш нэлээд хэдэн шинэ дуу хийсэн гэсэн. Та тэд нараас нь сонссч үзсэн үү?

-Арваад
дуу болчихсон байгаа. Бид нарыг очихоор цаад чинь дуулж өгнө. Лхагваа
бичээд, Лхагваа дуулж байгаа юм чинь яаж муу дуу байх юм бэ, тийм биз
дээ. Нэг дуу нь FM 102,5-аар явж байгаа даа. Сонсоорой. Би нэрийг нь
сайн санахгүй байна. Өөрөө дуулна, шүлгээ бичнэ, ая хийнэ. Билэг танхай
хүн шүү дээ. Лхагваагаа үгүйлж байна. Үнэхээр их үгүйлж байна.

Б.Бадамгарав /2008 оны 12 сарын 24/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж