Г.Гэрэлт-од, Б.Ганбат, Д.Эрдэнэчулуун нар өнөөдөр Монгол Улсын Үндсэн
хуульд тангараг өргөлөө.
Тэд Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ ийнхүү батлан тангараглав.
Тус арга хэмжээг нээж УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар үг хэлж, Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүд Улсын Их Хурлын ээлжит сонгууль зарлагдсан үед тангарагаа өргөж байгаагаараа онцлог юм . Сонгуулийг хуулийн дагуу, элдэв зөрчил, маргаангүйгээр зохион байгуулах ажилдаа шууд орох болно гэлээ.
Тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцсон Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл Сонгуулийн Ерөнхий Хорооныхонд хандаж хэлсэн үгэндээ, Сонгуулийн Ерөнхий Хороо түүний гишүүд төрийг төвхнүүлэхэд өндөр үүрэг, хариуцлага хүлээж байгааг онцлон тэмдэглээд энэ удаагийн сонгуулийг зохион байгуулахдаа хуулийг чандлан баримтлахын сацуу хуулийг сайтар ойлгуулж тайлбарлаж ажиллах нь чухал байна. Ялангуяа иргэний нийгмийн байгууллага, иргэдтэйгээ хамтран ажиллаж байж сонгууль шударга, маргаангүй явагдах боломжтойг тэрээр онцолж хэллээ.