Г.Ганбат: Сонгуульд АН-тай хамтран оролцох гэрээнээсээ бид ухрахгүй

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Г.Ганбат: Сонгуульд АН-тай хамтран оролцох гэрээнээсээ бид ухрахгүй

УИХ-ын хаврын чуулганаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэхээр болсон. Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийн хуулийн төслөөс гадна УИХ-ын гишүүн Л.Болд нарын боловсруулсан бас нэг төсөл өргөн баригдаад байгаа юм.
Эдгээр төслүүдийн талаар парламентад суудал бүхий улстөрийн гуравдагч хүчний намууд байр сууриа илэрхийлээд байгаа бөгөөд тэдгээрийн нэг болох ИЗН-ын Хэрэг Эрхлэх газрын дарга Г.Ганбаттай ярилцлаа.

-Иргэний Зориг Нам сонгуулийн ямар системийг дэмжиж байгаа вэ? Одоогийн өргөн баригдсан сонгуулийн хуулийн хоёр төслийн талаар танай нам ямар байр суурьтай байгаа вэ?

-ИЗН байгуулагдсан цагаасаа эхлэн сонгуулийн пропорциональ буюу хувь тэнцүүлсэн тогтолцооны төлөө байдаг. Сонгуулийн хуулийн шинэчлэл яригдах бүрд бид байр сууриа илэрхийлж, холбогдох ажлын хэсэгт саналаа хүргүүлж идэвхитэй ажиллаж ирсэн ч харамсалтай нь өнөөг хүртэл үр дүнд хүрч чадаагүй. Харин энэ удаагийн парламент сонгуулийн хуулийн шинэчлэлд дорвитой алхам хийж магадгүй дүр зураг харагдаж байна. УИХ-аас томилогдсон ажлын хэсгийн буюу Д.Лүндээжанцан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэгт манай намын дарга орж ажилласан байгаа. Мөн Л.Болд нарын гишүүдийн өргөн барьсан бас нэг хуулийн төсөл байгаа. Хуулийн энэ хоёр төсөлтэй бид тодорхой хэмжээгээр танилцсан. Олзуурхууштай нь аль аль нь пропорциональ систем дээр суурилсан хуулийн төслүүд байна.

-Гол ялгаа нь юунд байгаа юм бэ?

-Тойрог хуваарилах зарчим нь ялгаатай болохоос мандат хуваарилах зарчим нь ижил, пропорциональ дээр суурилсан байгаа.

-Тэгэхээр аль хувилбарыг нь ИЗН дэмжих вэ?

-Яг энэ хоёр хувилбарын алийг дэмжих вэ гэдэг дээр нам байр сууриа хараахан тодотгоогүй байна. Удахгүй болох намын эрх бүхий байгууллагуудын хурлаар энэ асуудлаар саналаа нэгтгэх байх гэж бодож байгаа. Санал нийлэхгүй зарим нэг зүйл, заалтыг эс тооцвол ямартаа ч энэ удаад өргөн баригдсан хоёр төслийн аль ч ИЗН-ын дэмждэг, мөрийн хөтөлбөртөө тусгаж ирсэн зорилго зорилттой нийцэж байгаа юм. Харин хувь хүний хувьд байр сууриа илэрхийлэхэд Л.Болд нарын гишүүдийн өргөн барьсан төсөл дээр нийгмийн зөвшилцөл бий болж дэмжигдэх боломжтой гэж үзэж байгаа. Учир нь парламентийн цөөнгүй гишүүд мажоритар системийг дэмжиж байгаа юм билээ. Мэдээж улстөрийн намууд, хувь улстөрчдийн гээд янз бүрийн ашиг сонирхол явж байгаа. Эрс тэс ялгаатай, гишүүдийн ийм байр суурийн зөрчилд олон жил яригдаж байгаа сонгуулийн шинэчлэл маань огт хийгдэхгүй өнгөрчих вий гэсэн болгоомжлол надад байгаа. Тийм болохоор Л.Болд нарын гишүүдийн өргөн барьсан бүсчилсэн, олон мандат бүхий томсгосон тойрогтой хуулийн төслийг би илүүтэй дэмжиж байгаа. Дэмжиж байгаа гэхээсээ илүү Монголын өнөөгийн нөхцөлд илүү тохиромжтой гэж үзэж байгаа юм. Монгол улс нэг тойрог гэсэн зарчмыг хэрэгжүүлэхдээ нэр дэвшигчдийн нээлттэй жагсаалтын хувилбарыг сонгож авсан нөгөөх хувилбар нь хэрэгжүүлэхэд техник талаасаа ч хүндрэлтэй гэж бодож байгаа.

-Нээлттэй жагсаалт гэдэг нь…?

-Д.Лүндээжанцан нарын гишүүдийн төсөлд сонгогч саналаа өгөхдөө цэвэр пропорциональ системд байдаг шиг намуудаас биш, нэр дэвшигчдээс сонгож саналаа өгөхөөр тусгагдсан байна. Харин мандатаа пропорциональ зарчмаар хуваарилахаар заасан. Энэ нөхцөлд саналын хуудасны оронд саналын “дэвтэр” маягийн зүйл бий болохоор байна. Өмнө явж ирсэн сонгуулиудын жишгээр, дунджаар улстөрийн 5 нам, дээр нь бие даагчид сонгуульд оролцлоо гэхэд саналын хуудсанд 400-аас дээш тооны нэр дэвшигч бичигдэх болж байгаа юм. Ийм хэмжээний нэр дэвшигчдийн бүртгэл хуудсанд биш, дэвтэрт л багтах бөгөөд ийм дэвтэрээс сонгогч зөвхөн нэг нэр дэвшигчид санал өгөх, улмаар сонгогчдын саналыг тоолох зэрэг дээр техникийн хувьд ихээхэн хүндрэл учруулахаар ойлгогдож байна.

-Манайд нэг удаа хэрэглэсэн цэвэр пропорциональ системээр бол сонгогч зөвхөн намын төлөө санал өгч, нам нь авсан хувьдаа тэнцүүлээд хүнээ парламентад оруулдаг шүү дээ. Одоо түүнийг хэрэглэвэл зөвхөн намын дарга тойрсон бүлэглэл УИХ-д орж ирэх магадлалтай. Түүнээс сэргийлэхийн тулд хүнд нь санал өгүүлэхээр төсөлд тусгагдсан гэж үзэж байна уу?

– Хоёр төсөл хоёулаа сонгуулийг пропорциональ системээр явуулахаар заагдсан. Парламентын суудлыг намуудад сонгогчдын өгсөн саналыг харгалзан хувь тэнцүүлэн хуваарилна.  Гэхдээ тэр суудалд хэн суухыг намын удирдлагын хүрээний сонирхлоор биш сонгогчдын нэр дэвшигчдэд өгсөн саналаар шийднэ. Энэ талаараа хоёр төсөл яг ижилхэн. Энэ нь ч зөв гэж бодож байгаа. Гагцхүү Л.Болд нарын гишүүдийн өргөн барьсан төсөлд тусгагдсан бүсчилсэн, олон мандат бүхий томсгосон тойрог нь манай нөхцөлд илүү тохиромжтой, сонгогчдод энгийн ойлгомжтой байх тал дээрээ давуу санагдаж байгаа юм.

-Санал хураалтын дараа гишүүний мандатыг намууддаа яаж хуваах вэ?

-УИХ-ын гишүүний мандатыг сонгуулийн босго болон санал хуваагч хэрэглэх замаар пропорционалийн аргаар хувь тэнцүүлэн хуваарилна. Тодорхой босго оноо тавьж өгдөг. Харин одоогийн ярьж байгаа шиг 7 хувийн босго тавих нь ардчиллын гол зарчмуудын нэг олон ургальч үзлийг хааж боогдуулсантай яг ижил зүйл болно. Эхлээд сонгуулийн босго хэмжүүрээр,сонгогчдоос авсан саналын хувиар намуудад суудал хувааж өгнө. Хэрэв мандат сондгойрч үлдвэл үлдсэн мандатыг их үлдэгдлийн зарчмаар санал хуваагч хэрэглэн хуваарилна. Энэ нь дэлхийн нийтэд хэрэглэдэг гол аргуудын нэг. Тэгээд нэр дэвшигчид сонгогчдоос авсан саналын хувиараа нам дотроо эрэмблэгдэж УИХ-ын гишүүний суудалд суух юм.

-Босго хувь хэд байвал зохимжтой вэ?

-Дэлхийн улс орнууд 1-7 хувийн босго хэрэглэж байгаа юм. Нэг хувь хамгийн бага, 7 хамгийн өндөр хувьд тооцогддог. Дундаж нь 3-5 хувь. Гэтэл төсөл санаачлагч хоёр намын нөхдүүд Орос, Туркэд л хэрэглэгддэг 7 хувийн босго тавихаар санал оруулж ирж байгааг юу гэж ойлгох вэ? Аливаа хуулийг улс орон, ард иргэдийнхээ эрх ашигт нийцүүлэн батлах ёстой болохоос нам, бүлэглэлийнхээ эрх ашигт нийцүүлэн баталдаг байж болохгүй шүү дээ. ИЗН босго хувь 3 байх боломжтой гэж үздэг.  

-Өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулиар ИЗН Ардчилсан намтай ирэх сонгуульд хамтран оролцохоор гэрээ байгуулж байсан. Сонгуулийн хууль өөрчлөгдвөл тэр гэрээ хүчингүй болохуу?

-2009 оны ерөнхийлөгчийн сонгуульд ИЗН Ардчилсан намыг дэмжиж оролцохдоо 2012 оны Улсын Их хурлын сонгуульд хамтрахаар гэрээ байгуулсан. Иргэний Зориг Нам байгуулсан гэрээ, ярьсан тохирсондоо үнэнч байгаа. Өмнө нь ч ийм байсан, цаашид ч ийм байх болно. ИЗН-ын бусдаас ялгардаг нэг чанар бол гэрээ, түншлэлдээ тууштай, үнэнч ханддаг явдал. 2012 оны сонгуульд АН-тай хамтран оролцох гэрээнээсээ бид ухрахгүй.

-Ногоон намаас танайд нэгдэх санал тавьсан гэж дуулдсан. Энэ асуудал ямар түвшинд явж байгаа вэ?

-ИЗН-ын Улстөрийн зөвлөл энэ асуудлыг хэлэлцсэн. Хоёр намаас бүрдсэн ажлын хэсэг ажиллаж байна. Одоогоор нэгдэнэ, нэгдэхгүй гэж хэлэхэд арай эрт байна. Намууд өөрийн дүрэм журамтай байдаг. Дүрмийнхээ дагуу намын олон түмнээрээ хэлэлцээд шийдвэрээ гаргах байх. Асуудал ойрын саруудад нэг тийш шийдвэрлэгдэнэ гэж бодож байна.                                

З.БОРГИЛМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж