Фашистууд Европын холбоо руу довтолж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

Фашистууд Европын холбоо руу довтолж байна

Оросын тоймч Л.Люлькогийн нийтлэлийг хүргэж байна. Неонацист намууд Францын Ерөнхийлөгчийн болон Германы парламентын сонгуульд үнэмшмээргүй
өндөр амжилт үзүүллээ. Улстөрийн хүлцэнгүй бодлого баримталдаг Европ тивд ямар учраас нео­нацизм эргэн ирэв? Эсвэл европчууд 80 жилийн өмнөхөө сана­галзаж эхэлсэн үү? Тухайн үед эдийн засгийн хямралын улмаас Германы төрийн эрхэнд Гитлер ирсэн.

Барууны үзэлтэй, радикал намууд хэдэн жилийн дотор эрчимтэй урагшилсан. Тэд одоо Франц, Финлянд, Унгар, Австри болон Грекийн улстөрд жин дарж эхэллээ. Өнгөрсөн ням гарагт болсон Грекийн парламентын сонгуульд фашистуудын “Үүрийн алтан гэгээ” нам долоон хувийн санал авч, парламентад 20 суудал эзлэн, өөрийн бүлгээ байгуулав.

Тус намын тэргүүн, Гитлер хочит Никос Михалолиакос “Бид ирлээ. Эх орноосоо урвагчид айцгаа. Авлигад идэгдсэн, ямар ч чадваргүй улстөрчдийн зэрэгцээ гадаадын цагаачдын илүүдэл грекчүүдэд саад болж байна” хэмээн мэдэгджээ. Энэ фашист намын бэлгэдэл нь хас тэмдэгтэй төстэйг дурдахад илүүдэхгүй байх. Түүнчлэн тус намын хэвлэлийн албаны дарга нь “Цагаачдыг буцааж явуулан, хилээ хааж, минажуулан, хамгаалагчдаа нэмээд, цахилгаан хашаа босгоно” гэсэн байна. Францын хэт барууны үзэлтэй “Үндэсний фронт” энэ удаа 18 хувийн санал авсан. Тэд “Ерөнхийлөгч Франсуа Олландын бодлого Саркозигийнхоос ялгаагүй тул жинхэнэ сөрөг хүчинг байгуулъя” хэмээн уриалах болжээ. Энэ намыг тодорхойлох ганц жишээ дурдъя. Зургаан сая еврейчүүдийг устгасан Освенцимын бөөнөөр хорих лагерийг чөлөөлсөн өдөр тус намын лидер Ле Пен бүжиг наадам зохион байгуулсан.

Нацизм өргөн фронтоор давшиж байна. Нидерландад лалын эсрэг Эрх чөлөөний нам хүчээ үзүүлж, эрх барих эвслээс гарчээ. Тус намын тэргүүн Гердт Вилдерс “Ислам нь эрх чөлөө, ардчилалтай зохицохгүй. Яагаад гэвэл шариатын хуулийг тогтоохыг хүсдэг. Европыг исламжуулснаар эрх чөлөөгүй, ардчилалгүй болгож, эдийн засгийн угаадас, оюуны харанхуйлал авч ирнэ” хэмээжээ. Их Британийн Хаант улсын бие даасан нам өнгөрсөн пүрэв гарагт 14 хувийн санал авсан.

Энэ намын талаар “сэтгэцийн гажигтай, арьс өнгөөр ялгаварлагчдын сүрэг” гэж Английн Ерөнхий сайд Дэвид Камерон мэдэгдсэн. Финляндад хэт үндсэрхэг “Жинхэнэ финүүд” нам парламентад 19 хувийн санал авчээ. Еврейчүүд, цыгануудыг үзэн яддаг Унгарын нацистууд 2010 онд таван хувийн босгыг давж, парламентад суудалтай болсон билээ.

Нацистууд хэзээ ч бие биедээ туслахгүй гэж европчууд найддаг нь эндүүрэл. “Йоббик” нам 2009 онд Европын үндсэрхэг хөдөлгөөний эвсэл буюу хэт барууны намуудыг нэгтгэсний дотор Францын Үндэсний фронт, Британийн үндэсний нам ч багтсан юм.

Германы канцлер Ангела Меркель Европын холбооны бус өөрийн орны ашиг сонирхлыг тууштай баримталсаар байгаа. Гэтэл түүний байгуулсан эвсэл сая Шлезвиг-Гольштейнд ялагдаж, “Улаан-ногооны холбоо” яллаа. Одоогоор түүнийг нацист гэж нэрлэхгүй байгаа. Меркель эрх мэдлээ алдаж байгаа нь хатуу хэмнэлтийн бодлого германчуудад ч таалагдахгүй байгаатай холбоотой.

Нацизм дэлгэрч байгаа нь олон хүчин зүйлтэй холбоотой. Эдийн зас­гийн хямралаас гадна на­цизмыг романтик байд­­­лаар сурталчлан, баатар мэт харагдуулж, мөн фашистуудын үйл ажил­лагаанд үл тоосон байдлаар хандах нь үүнд нөлөөлж байна. Жишээ нь Норвегийн Брейвикийн алан хядах ажиллагааны дараа Английн хамгаалалтын лигийн нацист бүлэглэлд 10 гаруй мянган залуу элсчээ.

Нацизм дэлхий дахинд юу авч ирснийг мэдэхгүй, санахгүй байгаа залуу үеийнхэн түүнийг хүч хэмээн үнэлж байна. Тэд “Хэт либерализмын дүнд цагаачид өөрсдийн болзлыг тулгаж байгаа” гэж үзээд, үүнээс ангижрах зам нь нацизм гэх болжээ. Бодит байдлаас үзэхэд Европ тивд хатуу хэмнэлтийг стратеги нөлөөлөхгүй байна. Харин ч нийгмийн, улстөрийн сүйрлийг авч ирэх нь.

Хариуцлагагүй улстөрч­дийн оронд ажилгүйдлийн асууд­лыг шийдэх хүч ирж байна. Гэхдээ ямар үнэ цэнээр? Тэд Лиссабоны гэрээг цуцалж, өрөө төлөхөөс татгалзаж, эрх мэдлийн босоо засаглал тогтон, олигархиудыг “сэгсэрч”, бүгд хөдөлмөрлөхийг ту­шааж, тэтгэвэрт татвар ногдуулна.

АНУ-д байдал төстэй байгаа бөгөөд дэлхийн II дайнаас хойш анх удаа ажилгүйдэл найман хувьд хүрчээ. Барак Обамагийн эрүүл мэндийн салбарын өөрчлөлт шинэчлэл бүтэл­гүйтэж, төсөв нь мөнгө хэвлэх суурь машин дээр л тогтож байна. Иймээс л “Эзэл” хөдөлгөөн Америкийг нөмрөн авч, Бүгд найрамдах намынхан завсрын сон­гуульд ялан, арьс өнгөөр ялгаварлагчдын “Tea Party Movement” хөдөлгөөн хүчирхэгжсээр байгаа. АНУ-ын улстөрийн уур амьсгал улам бүр эрсдэлтэй болж байна.

М.ЦОГЗОЛМАА

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж