Нийслэлийнхэн өнгөрсөн 14 хоногт ямар ажил амжуулав

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

Нийслэлийнхэн өнгөрсөн 14 хоногт ямар ажил амжуулав

Арван дөрөв хоног тутамд хуралддаг Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр болж, өнгөрсөн шуурхайгаас хойш хийсэн ажлууд, тэндээс өгсөн үүрэг даалгаварын хэрэгжилтийн талаар ярилцлаа. Өнгөрсөн шуурхай хуралдааны төгсгөлд хотын дарга хог цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлж, бүх хүмүүсийг энэ ажилд хамруулах, энэ жил хийгдэх хөрөнгө оруулалтын ажлуудын бэлтгэлийг сайтар хангах, эхлүүлэх, ирэх оны өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангахыг үүрэг болгосон. Өнгөрсөн хугацаанд нийслэл, дүүргийнхэн хог цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлж, 2300 тн хог цэвэрлэжээ. Туул, Сэлбэ зэрэг голуудын сав газарт цэвэрлэгээ хийж хоггүй болгосон байна. Дүүргүүд замын дундах хайс, хашлага, гэрэлтүүлгийн шонг угааж, элдэв наалт, зарлал, шошгыг арилгажээ. 4 дүгээр сарын 1-нээс эхэлсэн “Хоггүй Улаанбаатар” аян ирэх сарын 1-нд дуусах агаад энэ хугацаанд Улаанбаатар хур хоггүй хот болсон байх болно гэдгийг Захирагчийн ажлын албаныхан амлаж байна. Энэ жил нийлүүлэгдэх 163 хогны машинаас одоогийн байдлаар 59 нь ажилд гарсан ба үлдсэн машинууд энэ сард багтан үйлчилгээнд гарах юм.Иргэдийн зүгээс хог тээвэрлэлт удаашралтай, манай хогийг ирж ачихгүй байна гэж гомдол гаргадаг. Харин Сүхбаатар дүүргийнхэн хороодуудынхаа хогийг тээвэрлэх хуваарь гарган, өрх бүрт танилцуулж, хуваарийн дагуу ажилласнаар хог тээвэрлэлттэй холбоотой гомдол санал гарахгүй болжээ. Энэ санаачлагыг бусад дүүргүүд ч нэвтрүүлж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер уриалав. Мөн өнгөрсөн шуурхайгаас бүх нийтийн их цэвэрлэгээнд оролцоогүй аж ахуйн нэгж, байгууллагуудад хариуцлага тооцож ажиллах үүрэг өгсний дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас цэвэрлэгээнд хамрагдаагүй бүх газруудаар нөхөн цэвэрлэгээ хийлгэж, 3,2 сая төгрөгийн торгууль ногдуулан, дахин хур хог үүсгэхгүй, дутагдал гаргахгүй байх талаар албан даалгавар хүргүүлжээ. Дүүргүүдэд тохижилтын ажил эхэлсэн. Харин араас нь шугам сүлжээний ажил хийх гэж өмнөх хийсэн ажлыг нурааж, газар ухахгүй гэдгийг хотын дарга онцлон анхааруулав. Жижигхэн ч гэсэн тохижилтын ажил дээр ийм асуудал үүсгэж болохгүй. Тиймээс Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан энэ жил нийслэлд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын нэгдсэн төлөвлөгөөг хатуу мөрдөж, энэ дагуу хийгдэх ажлуудаа мэргэжлийн комиссууд салбар бүрээр сайн ярилцахыг тэрбээр даалгалаа. Чингэлтэй дүүрэгт Бага тойруу орчимд хийгдэж буй тохижилтын ажил иргэд, хэвлэл мэдээллийнхний зүгээс талархал хүлээж, бага зардлаар, цэвэрхэн үзэмжтэй хийж болдгийн загвар ажил болгон ярьж байгааг хотын дарга энд жишээ татсан юм.Энэ жил хийгдэх томоохон ажлуудын нэг болох гэр хороолын зарим хэсгийг төвлөрсөн халаалтын системд холбох ажлын бэлтгэлийг шуурхайлахыг хотын дарга мөн шаардав. Зуух тараах бус зуухыг татан буулгаж, төвлөрсөн халаалтад холбох, гэр хорооллын иргэд зээл аваад амины орон сууц барих бололцоог хотын зүгээс бүрдүүлэх, бодлогоор хийгдэж буй энэ том ажлын гүйцэтгэлтэй танилцах ажлыг эрчимжүүлнэ гэдгээ хэлсэн. Харин маргааш 11.00 цагаас УС-15 орчмын айлуудыг төвлөрсөн шугамд холбох ажил эхлэхээр болсныг холбогдох албаныхан мэдээллээ. Өнгөрсөн жилээс хийгдэж, иргэдийн зүгээс талархал хүлээгээд байгаа автобусны эцсийн буудлын тохижилт, нийтийн бие засах газрын үйл ажиллагааг улам сайжруулах,  замын хөдөлгөөний аюулгүй аюулгүй байдал, ногоон байгууламжид халгаатай сурталчилгааны самбаруудыг цэгцлэх, усан оргилуур, ногоон байгууламжийн усалгааны системийг ашиглалтанд оруулах бэлтгэл ажлыг хангах, хуучин кабель татаж хийдэг байсан гэрэлтүүлгийн ажилд шинэчлэл хийж, орон сууцны хороолол дундах гэрэлтүүлэгт нар, салхины эрчим хүчийг ашигласан технологи нэвтрүүлэх зэрэг үүрэг даалгаврыг хотын дарга өглөө.

Эх сурвалж: http://ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж