Харилцан ойлголцлын санамж бичигт мөн хувь хүн, консорциум болон Энэтхэгийн ган үйлдвэрлэлийн удирдах газраас Монголд төмрийн хүдэр, нүүрс боловсруулах, ган үйлдвэр байгуулахад шаардлагатай хөрөнгийг оруулах тухай заасан аж. Энэтхэгийн ган үйлдвэрлэлийн удирдах газрын захирал Верма мэдэгдэлдээ Монголын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах болсондоо баяртай байна хэмээгээд эрдэс түүхий эдээр цангамал Энэтхэг болон Азийн бусад орнуудын хувьд нэн чухал алхмыг хийлээ гэжээ. Монгол Улс Энэтхэгийн ган үйлдвэрлэлийн удирдах газар /SAIL/-ын эрдэс түүхий эдийн салбарт хамтран ажиллах гэж буй байгалийн асар их баялагтай хоёрдахь орон болж байна. SAIL үүнээс өмнө Афганистантай уул уурхайн салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан юм байна.
Уул уурхайн салбарт Энэтхэг хамтрахыг хүсчээ
Энэтхэгийн ган үйлдвэрлэлийн удирдах газар /SAIL/ Монголд төмрийн хүдэр, нүүрсний салбарт хамтран ажиллах санал тавьжээ. Хамтын ажиллагааны санамж бичигт Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Энэтхэгийн ган үйлдвэрлэлийн удирдах газар өнгөрсөн баасан гаригт гарын үсэг зурсан байна. Хоёр тал коксжих нүүрс гарган авах, төмрийн хүдэр, нүүрс боловсруулах үйлдвэр байгуулахаар хамтарч техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах юм байна. Энэтхэгийн ган үйлдвэрлэгчид Монголд гангийн үйлдвэр байгуулах төслийг хэлэлцэхээр болсон талаар мэдэгдэлдээ дурьджээ. Энэтхэгийн ган үйлдвэрлэлийн удирдах газар /SAIL/ техник эдийн засгийн үндэслэл дээр тулгуурлан төмрийн хүдэр, нүүрсний ордуудад хамгийн тохиромжтой технологийг нэвтрүүлэх гэнэ.
Н.Энх