Монгол Улсын ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Бандийн хообий мандат цуглуулах. Тэрбээр анхныхаа мандатыг 1967 оны Октябрийн баярт зориулж зохион байгуулсан өсвөрийн боксчдын тэмцээнд орохдоо авсан гэсэн. Бичгийн цаасыг дөрөв хуваасны нэгтэй тэнцэх хэмжээтэй зузаан цаасан дээр нэрийг нь бичгийн машинаар цохьсон мандат хүзүүндээ зүүгээд тэмцээнд орж байжээ. Хэдийгээр гавьтай амжилт үзүүлээгүй ч дурсамж хадгалсан мандатаа хадгалсан нь хообийнх нь эх үүсвэр болжээ. Одоогоор 300 орчим мандаттай бөгөөд жижиг өрөөнийх нь хоёр ханыг битүү бүрхсэн байдаг юм билээ. Заримынх нь бичиг хөлс, усанд норж уншихад түвэгтэй болсон байна билээ. Тиймээс чухам аль улсад болсон тэмцээнд оролцохдоо авснаа таахад хүрнэ. Барьж эргүүлж тойруулж үзээд “Тэр тэмцээнийх л юм шиг байна” гэнэ. Шалнаас таван см-ээс дээш битүү өлгөсөн мандатуудыг ач, зээ нар нь татаж чангаан оосрыг нь тасалчих гээд өвөөгөө ихэд сандаргадаг байсан гэнэ. Тиймээс тэдний гар хүрэхээргүй өндөрт өлгөдөг болжээ. Харин одоо тэд нэг их сонирхохоо больсон тухай өвөө нь “Өдрийн хэд харсаар байгаад бараг залхсан бололтой. Надад ч ажил удахгүй амар” гэв. Эдгээрээс хамгийн үнэ цэнэтэй нь “Бээжин-2008” олимпод шавь Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нараа оролцуулахаар тус улсад буухдаа энгэртээ зүүсэн мандат гэсэн. Шавь нар нь ч алт, мөнгөн медаль хүртэж багшийгаа болон нийт монголчуудаа баярлуулсан учраас үнэ цэнэ нь илүү байхаа ч аргагүй. Түүнчлэн шавь нараа ДАШТ-д авч явж, цуглуулгаа аривжуулсан аж. Шавь нар нь ч багшийнхаа итгэлийг алдалгүй эх орныхоо алтан соёмбот төрийн далбааг алдар нэртэйгээр өргүүлсэн.
Харин хамгийн сүүлийнх нь гавьяат тамирчин Д.Нармандахын нэрэмжит өсвөрийн жүдо бөхийн тэмцээн Эрдэнэт хотод зохион байгуулагдахад очиж үзэхдээ авсан мандат нь. Гавьяаныхаа амралтад гарсан түүнд гадаад, дотоодын тэмцээнд явах боломж нэг их олдохгүй байгаа ч урилгаар олон тэмцээнд морилж хүндтэй суудалд тухалж байгаа болохоор мандат цуглуулах хообийгоо урилгаар сольсноо ч дуулгасан.
У.БАЯР
“ӨДРИЙН ШУУДАН” сонин