Хэн хамгийн сайн татвар төлөгч вэ

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Хэн хамгийн сайн татвар төлөгч вэ

Өнгөрсөн долоо хоногт Татварын ерөнхий газар уламжлал ёсоор “Татвар төлөгчдийн өдөр” хэмээх арга хэмжээгээ зохион байгуулав. Уламжлал ёсоор Татварын ерөнхий газрын дарга татвар төлөгчдөдөө хандан мэндчилгээ дэвшүүлж, өдөрлөг зохиож, хүүхэд залуусын дунд гар зураг, эссэ бичлэгийн уралдаан зарлаж, шагнав. Татварын байгууллагынхан энэ өдрийг татвар төлөгчдийн баяр гэж нэрлэдэг ч татвараа төлж байгаа тэдний хувьд баярлаад байх нь ч юу л бол. Хэдийгээр компани байгууллагуудын хувьд татвараа шударгаар төлж, түүнийхээ хувь хэмжээгээр эдийн засагтаа хувь нэмэр оруулж байгаа нь бахархал мөн боловч энэ өдөр татварын байгууллагууд төсвийг “тэжээгчдэд”-ээ урамшуулж, бас ажил үйлчилгээгээ аль болох тэдэнд хүндрэлгүй, оновчтой болгох шийдлээ харах,ажлаа дүгнэх өдөр нь гэвэл илүү оновчтой болов уу.
“Татвар төлөгчдийн өдөр”-ийн хамгийн том арга хэмжээ нь шилдэг, манлай татвар төлөгчдийг шалгаруулан зарладаг. Бүтэн жилийн турш аль компани хамгийн их татвар төлсөн бэ гэдгээрээ бас нэг сонирхол татах үзүүлэлт мөнөөсөө мөн. Энэ жилийн хувьд
 “Найдвартай Татвар төлөгч” хаяг хэрэглэх эрхийг
Сэлэнгийн “Баяндулаан Уул”,
Баянгол дүүргийн “Цэцүүх” трэйд,
Чингэлтэй дүүргээс “БСБ” сервис мөн
Чингэлтэй дүүргээс“Тахь” Ко ХХК,
Сүхбаатар дүүргээс “Алхана трэйд”,
Баянзүрх дүүргийн “Ай энд Эр Монголия” гэсэн байгууллага шалгарлаа.
“Найдвартай татвар төлөгч” гэрчилгээгээр 98 байгууллага шалгаран шагнуулж байна.  Сангийн сайдын 2010 оны 04 сарын 29 –ний өдрийн 93 тоот тушаалаар энэ оны  “Манлай татвар төлөгч”-өөр
“Бороо гоулд” ХХК,
“Мобиком ХХК”,
“Спирт бал бурам” ХК,
“НИК” ХК,
“Монголын Алт мак” ХХК,
“Монгол тамхи СО” ХХК нарын зургаан компани шалгарч  цом өргөмжлөл хүртэж байна. Мөн “Тэргүүн татвар төлөгч”-өөр “Жем интернэшнл” ХХК шалгарлаа.
Манлай, тэргүүн татвар төлөгчид өнгөрсөн баасан гаригт Чингис зочид буудалд дарга, сайд нараас өргөмжлөлөө гардан авч, эгнэн зогсч байгаад зургаа татуулав. Өргөмжлөл авч буй байгууллагуудыг хараад байхад Монголд хамгийн мундаг татвар төлөгч нь архи, тамхи үйлдвэрлэгчид, импортлогчид гэдэг үг аргагүй л үнэн юм шиг санагдана. Онцгой албан татвартай бүтээгдэхүүн болохоор ч ийн “жин” дардаг байж болох. Дараагийн онцгой албан татвар төлөгч бөгөөд жил жилийн “түрүү магнай”-д уралдагч нь “НИК”. Мөн л жилийн жилд “босоо аварга” болдог “Мобиком” компани. Татвар төлсөн хэмжээнээс нь үл хамаараад  “Манлай зургаа”-д уул, уурхай тухайлбал, алт олборлодог хоёр компани багтжээ. Өнгөрсөн жилийн турш хэл, ам дагуулж, үйл ажиллагааг нь түр хаагаад авсан “Бороо гоулд” энд багтсан байх юм.
Ингээд санхүүгийн нарийн ширийнийг эс онцлоод зэрвэс зураг харах юм бол алт, шатахуун, тамхи, архи, бас үүрэн телефоны оператори компани л манай татварын гол цөм, төсвийг тэжээгчид юм байна. Бааздуухан хошигновол “архи уугаад л, тамхи татаад л, гар утсаар ярьж, алт олборлож байгаа” улс юм биз дээ, бид.

А.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж