Монголд эмэгтэй дуучид үгүйлэгдсэн үед «В» продакшны захирал, дуучин Д.Болдын хараанд өртөж, урлагийн тайзнаа гарсан дөрвөн охины нэг нь Э.Агиймаа. Тэрбээр нэр нөлөөтэй продюсерийнхээ төдийгүй бурхнаас заяасан авьяасынхаа ачаар хэсэг хугацаанд сайн уран бүтээл туурвиж, нийгэмд өөрийн гэсэн орон зайгаа бий болгож чадсан. Гэвч удалгүй урлагийн тайзаа шоу цэнгээний газраар солилоо гэсэн шүүмжлэл өрнөж эхэлсэн билээ. Энэ яриа гараад удаагүй байтал дуучин бүсгүй «Никитон» хамтлагийн ахлагч Б.Батчулууны төрсөн дүү Төрөө хэмээх залуутай гэрлэж, урлагийн тайзнаас «гэрийн дээд» рүү шилжсэн юм. Түүний нөхөр ИНЕГ-т ажилладаг бөгөөд даруухан, буурь суурьтай нэгэн.
Тэд он гарсны дараахан хүүтэй болж, бүл нэмснээр Э.Агиймаа хоёр эр хүнийг хайрлах эрхэм үүрэг хүлээсэн юм. Тэрбээр хөл хүнд болсноосоо хойш олны нүд, хэл амнаас хол, нам гүмхэн амьдралыг эрхэмлэж байгаа бөгөөд залуу хосууд удахгүй хуримын зараа тараахаар төлөвлөж буй гэнэ.
«Гурван гал» эмнэлгийнхэн гуравдугаар сарын 31-ний өдөр хоёр дуучин бүсгүйн хорвоод мэндэлж буй үрийг угтан авсан юм. Тус эмнэлгийнхнийг нэлээд сандаргаж, өдрийн 12 цагийн үед Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан амаржсан байна.
УИХ-ын гишүүн Д.Кёкүшюзан Батбаярын гэр бүлд нэгэн үзэсгэлэнтэй бүсгүй нэмэгдсэн нь бурхнаас түүнд хайрласан эрхэм нандин бэлэг хэмээн ихэд сэтгэл нь догдолсон гэдэг. Тэрбээр хайртай гүнждээ Нандинзаяа хэмээх нэр өгч, хувь тавиланг нь лам багшдаа даалгасан гэнэ.
Сонгууль дөхөөд, хийх ажил ихтэй байгаа ч эрхэм гишүүн зав л гарвал эхнэр рүүгээ утас цохиж, энхрий охиныхоо тухай сурагладаг бөгөөд цаг ямагт гэр рүүгээ яардаг болжээ. Гавьяатыг төрөөд удаагүй байтал «Гурван охин» хамтлагийн дуучин Г.Анхмаа тус эмнэлэгт нярайлахаар иржээ. Тэрбээр оюутан ахуй цагаасаа жүжигчин Т.Билэгжаргалтай үерхсэн бөгөөд тэрхүү үерхлээ амьдрал болгон цэцэглүүлсэн билээ.
Дуучин бүсгүй эмнэлэгт ирснээсээ хойш их тайван байсан бөгөөд орой 19 цаг 10 минутын үед нярайлж, гурван кг 200 грамм охин төрүүлсэн байна. Г.Анхмааг эмнэлгээс гараагүй байхад төрийн соёрхолт, дуучин Д.Болдын эхнэр Ж.Бямбажав эргэн очжээ. Анхны үрээ хорвоод угтан авах үеэр жүжигчин залуугийн сэтгэл хөөрөл дээд цэгтээ хүрч байсан тухай дотнын хүмүүс нь өгүүлж байсан юм. Залуу хосууд өдгөө бяцхан гүнжээ асраад, гэрээсээ ч гарах дургүй болсон гэнэ.
Quiza нэрээрээ олны танил болсон дуучин Б.Батцэнгэлийн гэр бүл 4-р сарын эхээр шинэ гишүүдээ угтан авсан билээ. Уран бүтээлээрээ дуулиан дэгдээхээс бус элдэв янзын хэл аманд өртөөд байдаггүй даруухан өмнө нь хоёр хөөрхөн охинтой байсан. Түүний эхнэр ихэр хүүхэд төрүүлснээр дуучин залуу дөрвөн хүүхдийн аав болсон юм. Тэдний ихрүүд хүү, охин бөгөөд Амар, Амира гэдэг нэр хайрласан юм.
Боловсролтой гэр бүлийн хүмүүжилтэй охид болох Сийлэн, Уян хоёр дүү нараа асран, аав, ээждээ тусалж байгаа тухай дуучин залуу Facebook хуудсандаа бичиж, хүүхдүүдийнхээ өхөөрдөм зургийг тавьжээ. Өнөр бүлийн тэргүүн бяцхан туслагчдынхаа ачаар гэр бүл, бяцхан үрстээ санаа зовох шаардлагагүй болсон учир уран бүтээлдээ эргэн ирсэн байна. Тэрбээр шинэ цомгийнхоо ажилд ханцуй шамлан ороод байгаа. Түүний «Дунд голын дугуйлан» цомгийг тун удахгүй шүтэн бишрэгчид нь өлгийдөн авна.
«Камертон» хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт, дуучин Д.Болдыг танихгүй хүн Монголд үгүй. Тэрбээр хамтлаг болоод хувийн уран бүтээлээ зогсолтгүй туурвихын зэрэгцээ «В» продакшныг байгуулж, олон чадварлаг залуу дуучныг урлагийн замд хөтөлсөн гавьяатай нэгэн. Архи дарс, шоу цэнгээн, сайхан бүсгүйтэй холбогдож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиан тариад байдаггүй даруухан уран бүтээлчийнх дөрөвдүгээр сарын 24-ний өдөр бүл нэмсэн. Түүний эхнэр Ж.Бямбажав «Гурван гал» эмнэлэгт өдрийн 15 цагийн үед амаржиж, 3.3 кг хүү төрүүлснээр дуучин залуу гурван хүүхдийн эцэг болсон юм.
Дуучин Д.Болдын охид Эгшиглэн, Энэрлэн нар хэдийнэ тусад орсон тул дүүгээ асран, аавынхаа ажлаас хөнгөвчилж, уран бүтээлдээ зарцуулах цаг завыг нь гаргаж өгөөд байдаг аж.
Монголд монгол поп урсгалыг дэлгэрүүлсэн хэмээн хүндлэгдэж, төрийн шагнал хүртсэн тэрбээр бусдыгаа үгүйсгэлээ гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа ч цаашид үзэл бодолдоо үнэнч хэвээр үлдэхээр шийджээ. Учир нь, түүний цаашдын уран бүтээл монгол поп урсгалаар туурвигдах аж.
Хэсэг хугацаанд охин М.Мөнхжинтэйгээ хоёулхнаа амьдарсан топ модель Д.Пүрэвсүрэн нөхөрт гарч байгаагаа олон нийтэд зарлаад удаагүй байна. Тэрбээр уул уурхайн компанийн захирал Ганбаяр хэмээх залуутай дэр нэгтгэсэн бөгөөд хөл хүнд болсноо ч нуугаагүй.
Монголын толгой баячуудын нэг Ц.Мянганбаяртай амьдралынхаа анхны галыг бадраасан гоо бүсгүй өдгөө мөн л чинээлэг эрийг хоёр дахь ханиараа сонгосон бөгөөд Lexus 570 маркийн жийпээр хөлөглөж явна.
Дунд сургуулиа төгсмөгцөө баян тансаг амьдралд умбаж эхэлсэн бүсгүй дээдсийн амьдралд хэтэрхий дассан байж болох юм. Юутай ч загвар өмсөгч бүсгүй удахгүй хорвоод мэндлэх үрээ тав тухтай, тайван орчинд угтаж авахаар шийдсэн бололтой. Учир нь тэрбээр эрүүл агаар, саруул орчинд тансаг харш бариулахаар шийджээ. Ton модель шинэ байшингийнхаа барилгын материал, чанарт ихээхэн анхаарал тавьж байгаа төдийгүй өрөө тасалгааных нь зохион байгуулалтыг өөрөө хийх аж. Түүний энэхүү харшийн барилгын материалын үнэ л гэхэд хоёр тэрбум хол давж байгаа сурагтай.