”Эцэстээ авлигатай тэмцсэн хүмүүс буруудах нь”

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

”Эцэстээ авлигатай тэмцсэн хүмүүс буруудах нь”

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлтэй ярилцлаа.


-Өнгөрсөн пүрэв га­ригийн чуулганы эхэнд Д.Тэрбишдагва гишүүн Н.Энхбаярын биеийн байд­­лын талаар мэ­дээл­­сэн. Гэтэл түүнд та тэгтлээ уурласан шалт­гаан юу юм бэ?

-Үндсэн хуульд шүү­хээр гэм буруутай нь тог­тоогдоогүй хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гээд заачихсан байгаа. Энэ бол манай ардчиллын нэг том ололт. Тийм уч­раас өнөө­дөр Н.Энх­бая­рыг би гэм буруутай гэж үзэхгүй бай­на. Шүүхээр гэм буруу нь тогтоог­доо­гүй байгаа энэ үед шүү дээ. Яагаад үүнийг тод­руулж хэлээд байна вэ гэхээр нийгэмд нэг хэсэг нь Н.Энхбаярыг буруутай гэж яриад байна. Нөгөө хэсэг нь гэмтэй гээд бай­на. Үнэндээ шүүхийн үйл ажиллагаанд хэн ч хөнд­лөнгөөс оролцож бо­лох­гүй. Олон хүний са­наа сэтгэл шүүхийн шийд­вэрт нөлөөлбөл яах юм. Ха­рин ч өөрийг нь гэмт хэ­рэгтэн мэтээр яриад яваа хүмүүсийг Н.Энхбаяр шүү­­хэд өгч нэр төрөө сэргээл­гэхээр заргал­дах­гүй бай­гааг нь гайхаж байна. Н.Энх­­баяр бол авлигын тодорхой хэрэгт сэжигт­нээр татагдчихсан байгаа хүн. Эрүүгийн бай­цаан шийтгэх хуулийн дагуу мөр­­дөн байцаах үйл ажил­­лагаа явагдаж байна. Энгийнээр хэлбэл шал­гуулж байна л даа. Гэтэл уг үйл ажил­ла­гаанд Н.Энхбаяр бүх бо­лолцоогоороо саад болж байна. Хуулийн дагуу ирж мэдүүлэг өгөх үүрэгтэй. Хэрэг хийгээгүй бол тэ­рийгээ хэлэх ёстой байх­гүй юу. Гэтэл тэгээгүй уч­раас хуулийн бай­гуул­лага арга­гүйн эрхэнд ал­ба­дан шал­гаж байна шүү дээ. Түү­нээс биш яалаа гэж Н.Энх­баярыг зүгээр явахад нь очоод барьж хорих вэ дээ. Ямар хүн баривчлах дон туссан биш. Монгол Улсын аль ч иргэн хуулийн бай­гуулла­гаас дуудвал очих ёстой. Ирэхгүй бол алба­дан саа­­туулдаг. Өөр ямар ч арга байхгүй. Үүний да­гуу явтал Н.Энхбаяр өлс­гө­лөн зарлачихлаа. Энэ бол хувь хүний сонголт л доо. Өөрөө л энэ замыг сонгож байна. Өлс­гөлөн­гөөр далайлгаад мөрдөн байцаах ажилд саад болж байна. Үнэндээ одоо шал­гах үйл ажилла­гаа гац­чих­лаа. Нийтээрээ Н.Энхбаяр үхчих вий гэж санаа зовох боллоо. Бүр эцэс сүүлдээ энэ асууд­лыг УИХ-аар хэ­лэлцүү­лэх гэж оролдож байна. Бид мөрдөн бай­цаах үйл ажиллагаанд оролцох ёсгүй. УИХ, Зас­гийн газар үүнд оролцох эрхгүй. Үүнээс болоод Д.Тэр­биш­даг­ва­­тай муу­далц­сан. УИХ-ын даргад "Дэгээ­рээ явбал яасан юм бэ" гэж л хэлсэн. Тэгсэн Д.Тэрбишдагва намайг хажуунаас элдвээр хэ­лээд дайрна лээ.

-Коминтерний шээс гэж хэлсэнд чинь нэ­лээд бухимдах шиг бол­сон…

-Би энэ үгийг одоо ч хэлэхэд бэлэн байна. Энэ үгийг би хэзээ ч хэлнэ. Монгол Улсын түүхийн хар толбо болсон Хувьс­галт гэдэг нэртэй нам байгаа тохиолдолд хэл­сээр байх болно. Комин­терн бол коммунист интер­нацио­наль гэдэг үгийн товчлол шүү дээ. Үнэндээ Монгол ардын хувьсгалт намыг 1924 онд Коммунист ин­тер­на­цио­налийн гүйцэтгэх хороо­ны шийдвэрээр бай­­гуул­сан юм. Д.Бодоо, С.Данзан, Д.Сүхбаатар нарын бай­гуул­сан эх оронч­дын на­мыг ингэж коммунист нам болгосон. Коммунист болс­ныг нь нотолж Хувьс­галт гэдэг үгийг шигтгэсэн байхгүй юу. Хувьсгалт нам Монголын түүхэнд хар толбо болсон. Ко­мин­­тер­ний удирдлагаар, энэ намын заавраар Мон­­го­лын 40-өөд мянган хүнийг алсан. Харийнхны заав­раар монгол хүн мон­гол хүнээ устгаж бай­сан үүнээс өөр түүх мон­голчуу­дад байхгүй. Мон­голын айл өрх бүрт эмгэ­нэлт түү­хийн намтрыг бичилцэж өгсөн нам юм. Үнэн хэ­рэг­тээ МАХН нэ­рээ сольж, хувьсгалт гэдэг үгийг авч хаяхад нь баяр­лаж бай­лаа. Ленин, Сталин нарын өгсөн нү­гэлт муухай нэр Мон­го­лын түүхээс арчиг­даж бай­на даа гэж бодож бай­сан. Гэтэл Н.Энхбаяр тэр коммунист намыг бу­цаа­гаад босгоод ирсэн. Улс төрд дахин гарч ирэ­хийн тулд энэ намын нэ­рийг ашиглаж байгаа юм байх гэж бодож байлаа. Тэгсэн намынх нь үзэл баримтлал ч коммунист болоод хувирсан. Н.Энх­баяр МАХН-ыг байгуулс­ны дараа төрийн эрх мэд­лийг хүчээр авъя хэмээн комму­нистуудын хэлдэг зүйлийг яриад эхэлсэн. Баячуудын хөрөнгийг ху­раах тухай зарлалаа. Коммунистууд угаасаа том баячуудын хөрөнгийг хураахаас хэл­мэг­дүү­лэл­тийг эхлүүлдэг байхгүй юу. Баячуудыг дуус­гаад жирийн иргэдийн хөрөн­гө рүү дайрдаг юм. Н.Энх­баяр хүмүүсийн чи­хэнд хоногшсон Хувьсгалт гэ­дэг нэрийг ашиглах гэ­сэн­­дээ бус коммунист нам байгуулсан нь үүгээр нот­логдсон юм. Би үүнд нь маш их зэвүүцэж явав. Харин тэр өдрийн чуул­ган дээр хэлье гэснээ хэлж авч санаа амарлаа. Д.Тэр­биш­дагва намайг өдсөний хүчинд сэтгэлдээ тээж яв­сан үгээ хэлэх бо­ломж олдсон. Ком­му­нис­тууд Мон­голыг ямар айм­шигтай шорон бол­гож байс­ныг одоогийн залуу­чууд мэдэх­гүй шүү дээ. Тийм учраас би ко­мин­терний шээс гэд­гийг бах­тай­гаар хэлсэн юм.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр төрийн эр­гэлт хийж, Засгийн газ­раа байгуулахаар тө­лөв­лөж байхад нь ба­рив­чилсан гэх мэдээ­лэл ч цацаг­даад авсан. Энэ хэр бо­дитой бол, та юу гэж бо­дож байна вэ?

-Би янз бүрийн цуу ярианд үндэслэж яри­маар­гүй байна. Н.Энх­баярын өөрийнх нь хэлж байсныг ярьж байна л даа. Н.Энхбаяр Их хурал­дай дээрээ "Төрөө эр­гүүлж авъя" гэж уриалсан. Тэр хурал дээр олон хүн "Цус урсгасан ч яадаг юм. Хувьс­гал хийе" гээд яриад эхэлсэн шүү дээ. Ер нь төрийн эрх мэдлийг хү­чээр авч, цус урсгахаа комму­нистууд хувьсгал гэж нэр­лэдэг юм. Гэхдээ түүнийг баривчилсан яв­дал нь үүн­тэй холбоотой гэж бодох­гүй байна. Хараа­жаар ав­ли­гын хэр­гээр барив­чил­лаа шүү дээ. Өөр яах юм бэ. Шал­гах ёстой биз дээ. Н.Энх­баяр Монголын улс төрд орж, нэн ялангуяа өндөр албан тушаалд оч­со­ноос хойш Монгол Улс түг­шүүртэй болсон. Н.Энх­баяр улс төрд өнөөг хүр­тэл нэг л зарчмаар явж ирсэн. "Нэг бол намайг хүлээн зөвшөөр, үгүй бол улс үндэстнээ тарааж чад­на шүү" гэдэг зарч­маар өнөөдрийг хүртэл явсан.

Энэ хүн Монгол тө­рийн бүх том албан тушаалд очсон. Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөн­хийлөгч байхдаа ул­саа өөд нь та­тах ажлаа хийхгүй яасан юм. Одоо олны өмнө гар­чихаад ухаарснаа зарлаж, ихийг бүтээнэ гээд байх юм. Нарийн яривал өнөө­гийн Монголын амьдрал Н.Энхбаярын толгойлж байх үеийн Монгол Ул­саас дээрдсэн шүү. Н.Энх­бая­рын хийсэн асар олон балаг өнөөдөр бидэнд гай болоод явж л байна. Мон­голын түүхэнд ийм олон албан тушаа­лыг угсруулан хийсэн хүн  Н.Энхбаяраас өөр байх­гүй. Х.Чойбал­сан даран­гуйлагч байхдаа нэг л албан тушаал хаш­сан. Ю.Цэдэнбал ч нэг л албан тушаалтай явлаа. Тэд­ний араас рекорд тог­тоосон хүн бол Н.Энх­баяр шүү дээ. Н.Энхбаяр тө­рийн өндөр албанд байх­даа "Хуулиа барим­тал, хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй, Үндсэн хуулийг ягштал биелүүл.

Хуулийг биелүүлэхгүй байх явдлыг би хэрхэвч тэвчихгүй" гэдэг үгийг ам­ны уншлага болгож бай­лаа. Н.Энхбаярын үед байсан хуулиуд одоо ч хэвээрээ байна. Тэгсэн мань хүн одоо өөрөө хуу­лийг ну­лимж байна. Үнд­сэн хуу­лийг уландаа гиш­гэж бай­на. Энэ хүн өөр­төө ямар гай тарьж бай­гаагаа ч ойл­гохгүй байна. Н.Энхбаяр хуулийг ну­лимж байгаа юм чинь бусад хүн ч барьцана. Одоо хэн мөрдөн бай­цааг­чийг дуудвал очих юм. Очихгүй байх эрх бүх хүнд нээгдлээ шүү дээ. Хэнийг албадан саа­туу­лах эрх үлдэж байгаа юм бэ. Хү­мүүс баривчлаг­дахаараа өлсгөлөн зар­ладаг арга сонгоно. Ба­ривчлаг­да­хаа­раа улстөржүүлнэ. Үүнийг энхбаярдах гээд сонин хэвлэлүүд нэрлэчихсэн байна лээ.

-Авлигатай тэмцэх ажил цааш үргэлжлэх болов уу?

-Авлигатай тэмцэх ажил ингээд гацаж байх шиг байна. Авлига бол дандаа эрх мэдэлтэн, албан тушаалтантай хол­богддог хэрэг шүү дээ. Авлигын хэргээр нэг хү­нийг очоод барих гэхээр улстөр­­жүүлээд, өлсгөлөн зарлаад суучихаж болох нөхцөлийг Н.Энхбаяр бүр­дүүлж өглөө. Ийм жи­шиг тогтоочихлоо. Мон­голд хууль ёс мөхөж эхэл­лээ. Төр мөхөж байна. Н.Энх­баярыг буцаагаад өндөр албан тушаалд тавихгүй бол Монгол Улс сүйрлээ. Үнэхээр балмад байна. Хааяа би хаанаас ямар буг чөтгөр нь гараад ирчихэв дээ гэж бодох юм.

-Н.Энхбаяр үхчихвэл хариуцлагыг нь таныг хүлээ гэл үү?

-Намайг баатар бол­сонд Д.Тэрбишдагва их хорсдог бололтой юм. УИХ-д юм хэлэхээр л "Хууль зөрччихөөд чи баа­тар болоо биз дээ" гэх юм. Баатар цолыг Ц.Эл­бэг­дорж зөвхөн надад ч өгөө­гүй юм л даа. Тэмд­гийг нь зүүж өгөхдөө "Энэ цолыг чамд өгөөгүй юм шүү. Ард­чилсан хувьс­галыг хийсэн мянга мян­ган партизануу­дад өгч байна. Тэр бүгдэд баат­рын тэмдэг тарааж өгдөг арга алга. Төлөө­лүү­лээд чамд өглөө" гэсэн. Би яаж ч чадалгүй авсан. Дур­­тай­даа очоод ав­чи­хаа­гүй, энэ цолд дуртай ч байгаа­гүй. Ардчилсан хувьс­­галыг өрнүүлсэн гавь­яат­­нуудад өгч байгаа шаг­налыг авахгүй гээд хойш суух эрх надад бай­гаагүй. 1990 оны гайхам­шигтай түүхэн үйл явдалд оролц­соноороо бахархаж яв­даг. Тэр үеэс монгол хүн эрх чөлөөтэй болсон. Түү­нээс биш  Д.Тэр­биш­дагва шиг албан тушаал горил­сон улс төрийн тог­логч биш л дээ. Би ерөөсөө хууль зөр­чиж байгаагүй. Үүнийг ха­риуцлагатай хэлье. На­майг хэлмэг­дүүлж байхад хүртэл хууль зөрчиж бай­гаагүй. Манай эхнэр хүн цохиход намайг хүн зод­сон хэргээр барив­чилсан. Тэр үед Н.Энхбаяр Ерөн­хий сайд болчихоод сарын хугацаа өнгөрч бай­лаа. Үнэндээ энэ ту­хай ярих дургүй л дээ. Үүнийг Н.Энх­баяр хийсэн ч гэж боддог­гүй. Амар­болд на­дад ху­вийн өс хонзон са­надаг байсан учраас хий­сэн байх. "Радио телевиз рүү дай­раа биз дээ" гэж Д.Тэр­бишдагва хэлж бай­на лээ. Радио телевиз рүү дайр­сан явдал бол хууль ёс­ных байсан. Яагаад гэ­вэл сон­гуулийн дүн гартал Хувьс­галт нам зөвшөө­рөхгүй. Төрийн эрх мэд­лийг хууль ёсны дагуу шил­­жүү­лэхгүй гэдгээ мэ­дэгдсэн. Өөрөөр хэлбэл төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэж бай­гаа нь тэр. Үүнийг эсэр­гүү­цэж ард түмэн босох эрх­тэй. Тий­мээс радио теле­виз рүү дайрсан. Төрийн эрх мэд­лийг хууль бусаар авах гэж оролдвол би дахиад дайр­сан ч бэлэн байна.

-Н.Энхбаярын араас олон хүн явна гэх юм. Ерөнхий сайд асан С.Баярыг баривчлах юм гэнэ гэсэн яриа ч гарч байна…

-Аль нь үнэн, худлыг хэлж мэдэх­гүй. Нэг л зүйлд их харамсч байна. Ард түмэн авлигатай тэмцэх ажлыг үнэхээр шаардаж байсан юм уу. Сүүлийн үед авлигатай тэмцсэн ажлыг нийтээрээ эсэргүү­цээд эхэл­лээ. Ц.Эл­бэгдоржийг Ерөн­хийлөгчид нэр дэв­шээд иргэд­тэй уулзахад би цуг явж байлаа. Тэр үед иргэд "Авлигаас салгаад өгөөрэй" гээд л гуйгаад байсан. Авлигатай тэмцэнэ гэдэг хэцүү. Үнэндээ Ц.Эл­­­бэг­доржоос өөр хүн хийж чадахгүй. Ц.Элбэг­дорж л үүнтэй тулалдаж чадна. Тэр авлигыг тас­лан зог­­соох гэж удаа дараа үзээд дийлээгүй, хоёр ч удаа Ерөнхий сайдын сууд­­лаас огцорсон. Гэхдээ л Ц.Элбэг­дорж сая олон­хийн дэмж­лэг аваад тө­рийн тэргүүн болж чадлаа. Тэгээд авли­гатай тэмцэнэ гэдгээ хэлсэн. Авлигатай тэмцэнэ гээд авлигачдыг өөрөө очоод барив­чилна гэсэн үг биш.  

Энэ нь хуулиар хориотой. Зөвхөн авлигатай тэм­цэх үйл ажиллагаанд саад учруу­лахгүй байх үүрэгтэй хүн. Тэр ажлаа л хийж байна. УИХ Авли­гатай тэмцэх газрын дарга нарыг томилохдоо ч "Авлигатай тэм­цээрэй" гэж хэлсэн шүү дээ. Үүний дагуу л ажил явж байна. Харамсал­тай нь энэ бүхнийг улстөржүүлээд, эцэс сүүл­дээ авлигатай тэмцсэн хүмүүс нь буруу­даад хоцрох нь шиг байна. Н.Энх­баяр "Бүү ай. Би айхгүй" гэж бичиж байсан. Тэр үед би түүнд "Бүү ай" гэж хэлмээр санагдаж байлаа. Учир нь өнөөд­рийн Монголд 1937 оных шиг хүнийг хэнд ч мэдэг­дэл­гүй­гээр алчихдаг зүйл байхгүй. Хэвлэл мэдээллийн хараа хяналтаас гадна хэн нэгнийг яллаад, харанхуй өрөөнд аваа­чаад алчихаж чадахгүй. Бүх зүйл олон улсын байгууллагын хараа хяналт дор явна. Монгол Улс ард­чил­сан орон байхгүй юу. Хэрэг хийгээгүй л бол ямар ч тохиолдолд айх шаардлагагүй. Н.Энхбаярын шүүх хурал бүх ний­тийн өмнө ил тод яваасай гэж бодож байна. Н.Энхбаяр өөрөө худлаа яриад байгаа юм уу, АТГ түүнийг хэл­мэгдүүлээд байгаа юм уу. Ард түмэнд үүнийг харуулах хэрэгтэй.

-Н.Энхбаяр шалгуулаад гэм­гүй бол гараад ирнэ биз дээ?

-Тийм шүү дээ. Казиногийн хэрэг гэгчээр УИХ-ын гишүүдийг шалгаж байхад Н.Энхбаяр "Гэм хийгээгүй юм бол шалгуулаад гараад ирээч дээ" гэдэг үгийг байн­га хэлж байсан. Чухам тэр гурван хүнийг тухайн үед муухай хэл­мэгдүүлсэн л дээ. С.Зо­ригийн хэргээр шалгана гэтэл хол­бог­долгүй нь тогтоогдсон учраас  татварын хэргээр хэлмэгдүүлсэн юм. Д.Тэрбиш­дагва "Та нар өс хонзон санаж байна" гээд байна лээ. Тийм­дээ тулж ярих гэвэл бид өс хонзон санах эрхтэй шүү. Даанч бид тийм хүмүүс биш л дээ. Д.Тэр­биш­дагва шиг жижиг гар биш болохоор өс хонзон санаад  явах­гүй. Тэр байту­гай өнөөдөр би Ч.Амарболдод өс хонзон санасангүй.

-МАН-аас гарч, МАХН руу ор­сон гишүүдийг хэр зөв сонголт хийсэн гэж та үзэж байгаа вэ?

-Гишүүд өөрсдийнхөө итгэл үнэмш­лээр сонголт хийх нь буруу биш. Харин О.Чулуунбат гишүүнийг гайхаад байх юм. Тэр бол ком­мунист үзэлтэй хүн биш. Жинхэнэ либераль үзэлтэй хүн шүү дээ. Тэгсэн комму­нист нам руу очоод байхдаа яахав дээ. Хувьсгалт нам бол Монголыг цусанд живүүлсэн нам. Би нэг жишээ ярья. 1995 онд гуравдугаар эмнэлэгт намынхаа нэг гишүүнийг эргээд очиход сэхээн амьдруулах тасагт хэвтэж байсан нэг эмээ намайг ирснийг дуулаад хүнээр дуудуулсан юм. Эмээ "Би өнөө маргаашгүй үхлээ хүлээж байна. Үхэхээсээ өмнө чамд нэг зүйл хэлье. Та нарт их баярлаж явдаг. Миний хүү Хувьсгалт намаар заавал бурууг нь хүлээлгээрэй. Миний хоёр ахыг, аавтай минь алж амьдралыг минь насан туршийн там болгосон нам" гэж хэлж билээ. Энэ тухай бодох бүрийд миний хамар шархирч, тэр хүний зовлонг мэдэр­дэг. Гэм зэмгүй аав, ээж, ах, эгчийг чинь нэг л өдөр авч яваад алчихдаг тийм аймшгийг та нар мэдэрсэн үү гэж залуучуудаас асуудаг. Н.Энх­баяр Хувьсгалт нам гэдэг нэрийг сэргээх ёсгүй юм хүн шүү дээ, уг нь. Яагаад гэвэл түүний өвөг аав, нагац ах нь хэлмэгдсэн байхгүй юу. Ээж нь буриад хүн. Буриадуудыг хүйгээр нь хэл­мэг­дүүлсэн байдаг. Тэгэхээр Н.Энх­баяр хэлмэгдсэн айлын хүү­хэд. Тээр жил би Н.Энхбаярт зо­риулж "Хүний зовлонг өөрийн зов­лон мэт ойлго" гэж  бичиж л байлаа. Хувьс­галт намыг сэргээх гээд яваа хү­мүүст хандаад "Монгол Улс нэг гайгаас саллаа. Тэр тухай ярихыг ч хүсэхгүй байхад юу гэж түүн рүү гүйгээд байгаа юм бэ" гэж хэлье.

-Одоо арай өөр сэдэв рүү оръё. Та сонгуульд нэр дэв­шихгүй хэ­вээрээ юу?

-Хэвээрээ. Улс төр үнэндээ утга учраа алдчихлаа. Улстөрчдийг ойл­го­ход ч бэрх болж байна. Улс­төрч бол гэгээрсэн хүн байх ёстой юм байна. Бусдын сайхан амьд­ралгүйгээр өөрийн сайхан гэж байх­гүй гэдэг энгийн зүйлийг ойл­гох хэрэгтэй. Үүнийг ойлгосон хүмүүс улстөрч болох ёстой. Гэтэл албан тушаалыг бурханчлан шүт­сэн хү­мүүс улс төрд арзайтлаа овоор­чи­хож. Дарга нар тансаг орд харш бариад амьдарч болно. Гэвч гэр хороолол байгаа цагт танай цон­хоор утаа орж л таараа. Дарга нар гадны улс оронд очоод атаар­хаад байдаг юм. Тэгээд яахав дээ. Тэнд байгаа гоё сайхныг эх орон­доо л бүтээчих. Атаархал, уур хилэн­гээр дүүрсэн нийгэмд хүн яаж тайван амьдрах юм бэ. Даанч улстөрчид үүнийг ойлгох­гүй юм байна. Зарим­даа бодох юм, тэд­нийг маанаг юм болов уу гэж. Тээр жил залуу байхдаа би мөрийтэй тог­лоомд ороод сүүлдээ түүнээс гутаж, зугтаасан юм. Түүн шиг эн­дээс зуг­таамаар санагдаад байдаг боллоо.

-Та 800 иргэнийг Төрийн ор­донд цуглуулах гэж байгаа юм уу?

-Манай газрын хөдөлгөөн тав­дугаар сарын 17-нд Төрийн ор­донд гэр хорооллын анхдугаар чуулганыг хийх гэж байна. Гэр хороолол Мон­голын хөгжлийг атгачихсан байна шүү дээ. Гэр хорооллоо өөд нь татахад л бид бусдад атаархах­гүйгээр сайхан амьдарна. Нийтийн орон сууц барихынхаа оронд гэр хороолол руу инженерийн шугам татаад өгчих л дөө. 100 метр квадрат талбайтай, 26 сая төгрөгийн үнэтэй маш том орон сууц байдгийг би харлаа. АНУ-д тав, арван мянган ам.долларын үнэтэй second hand байшингууд байна шүү дээ. Америкт нураагаад хураачихсан. Монголд авчраад барихад сайхан хаус бай­на.

-УИХ-д суухгүйгээр энэ ажилд өөрийгөө зориулъя гэж үү?

-Өө тийм. Энэ бол миний сэтгэл зүрхний улс төр болж байна. Өөрийн­хөө хашаанд өөрийнхөө байшинд эрх чөлөөтэй амьдрах тэр иргэний төлөө зүтгэнэ.

-Эцэст нь ганц зүйл асууя. Ардын намын мөрийн хөтөл­бө­рийн талаар ямар бодолтой яваа вэ?

-Ардын нам их хулхи зантай. Хулхи зангаа ерөөсөө тавихгүй юм. На­муудын дарга нарыг суулгаж бай­гаад С.Батболд "Бүгдээрээ мөнгө ам­лахгүй шүү" гээд гарын үсэг зу­руул­сан шүү дээ. Гэтэл өөрсдөө мөнгө ам­лачихлаа. Ямар сонин юм бэ. С.Бат­болд улайм цайм худалч болжээ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

"ӨДРИЙН СОНИН"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж