Банкуудад бүтцийн өөрчлөлт хийх төсөл

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Банкуудад бүтцийн өөрчлөлт хийх төсөл

Монгол банкнаас банкуудад бүтцийн өөрчлөлт хийх төсөл боловсруулаад байгаа талаар бид мэдээлсэн. Ингээд өөрчлөлт хийх талаарх төслийг бүрэн эхээр нь танилцуулж байна.

Монгол Улсын Засгийн газар, Монголбанкнаас хамтран хэрэгжүүлэх хөтөлбөр /төсөл/

Удиртгал

Дэлхийн нийтийг хамарсан санхүүгийн салбарын хямрал доройтлын улмаас Монгол улсын эдийн засаг, банкны систем гаднын хүчин зүйлсийн хүчтэй нөлөөнд өртөв. Өнгөрсөн хоёр жилийн эдийн засгийн бууралт нь банкны системийн болон банкуудын бүтэц, зохион байгуулалтын ноцтой сул талуудыг ил тод болголоо. Дунд хэмжээний хоёр банк дампуурсан бөгөөд банкны системийн өөрийн хөрөнгийн зохистой харьцааны үзүүлэлт хууль тогтоомжоор тогтоосон байвал зохих доод түвшнээс үл ялих дээгүүр байгаа боловч ихэнх банкууд өөрийн хөрөнгийн дутагдалд ороод байна. Чанаргүй зээл ихээхэн өсч, банкуудаас хувийн салбарт зээл олголт эргэн сэргэх төдий байна. Иймд банкны салбарыг эрүүлжүүлэн бэхжүүлэх арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх нь хямралын үр дагаврыг арилгах, эдийн засгийн өсөлтийг тэтгэх тулгамдсан зорилгын нэг болон тавигдаж байна.

Эрүүл чийрэг банкны систем нь эдийн засгийн хурдтай, тогтвортой өсөлтийг урьдчилсан чухал нөхцөл болдог. Банкны системийн өнөөдрийн эрүүл бус байдал нь хувийн салбарт олгох зээлийн өсөлтийг сааруулж, ингэснээрээ эдийн засгийн сэргэлтийг удаашруулж байна. Банкны салбарын талаарх олон нийтийн дунд буй эргэлзээ, тодорхойгүй байдал нь банкуудыг өндөр өртөгтэйгээр эх үүсвэрийг татан төвлөрүүлэхэд хүргэж, энэ нь эргээд зээлийн хүүгийн түвшинг өндөр хэвээр байлгах гол шалтгаан болж байна. Үүний уршгаар банкны салбар санхүүгийн зуучлагчийн үндсэн үүргээ үр ашигтайгаар гүйцэтгэж чадахгүй, нэн ялангуяа ойрын жилүүдэд уул уурхайн салбарт гарах үсрэнгүй өсөлтийг эдийн засгийн бусад салбарт тархаах зуучлагчийн үүргээ сайн гүйцэтгэх боломж хязгаарлагдмал байна.

Банкны салбарын хямралын эхэн үед УИХ-аас банкууд хүндрэлд орохоос сэргийлэх зорилгоор төрөөс “Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хууль”-ийг шуурхай гаргаж, улмаар Банкны тухай хуулийг шинэчлэн найруулж, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, салбарын хууль зүйн орчныг сайжруулав. Эдийн засгийн ирээдүйн өсөлтийн бат бөх үндэс суурийг тавих, эдийн засгийн аюулгүй байдал, түүний тэнцвэрийг хангах үүднээс найдвартай тогтвортой, үр ашигтай банкны системийг бий болгох арга хэмжээг үргэлжлүүлэн авах шаардлагатай байна. Монголбанк банкны шинэ хуулийг хэрэгжүүлж. банкны хяналт шалгалтыг хатуу чанд, үр ашигтай болгохоор ажиллаж байна.

Эдгээр зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монголбанк, Засгийн газартай хамтран банкны бүтцийн өөрчлөлт, дахин хөрөнгөжүүлэлтийн цогц хөтөлбөрийг боловсруулан УИХ-д өргөн барьж байна. Бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн гол зорилго нь эдийн засгийн өсөлтийн үр шимийг Монгол Улсын иргэн бүрт хүргэх чадавхи бүхий найдвартай, тогтвортой, эрүүл чийрэг банкны систем бий болгоход оршиж байна. Санал болгож буй хөтөлбөр нь дараахь үндсэн зарчимд тулгуурлаж байна:

• Өөрийн хөрөнгөөр сайтар хангагдсан, хүчирхэг, үр өгөөж бүхий, холбогдох хууль тогтоомжийн шаардлага хангасан, зохистой удирдлага, өмчлөгч бүхий хувийн өмчит банкны тогтолцоог бэхжүүлэх;
• Банкны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн хангуулж хэвшүүлэх;
• Эцсийн зээлдүүлэгчийн хувьд, Засгийн газраас банкуудад өөрийн хөрөнгийн дэмжлэг үзүүлэх;
• Засгийн газрын дахин хөрөнгөжүүлэлтийн дэмжлэг нь эргэн төлөгдөж, татвар толөгчид болон төсвийн хувьд хамгийн бага зардалтай байх;
• Дахин хөрөнгөжүүлэх ажиллагааг урьдчилан тогтоосон тодорхой, бодитой зорилгод нийцүүлэн, нийтээр дагаж мөрдөх журмын дагуу ил тодоор явуулах:
• Банкуудад шударга, адил тэгш хандах.

Нэг. Банкны бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр
Банкийг бүрэн эрүүлжүүлж. банкны тухай хууль тогтоомжийн шаардлагыг яв цав биелүүлэх нь юуны өмнө хувь нийлүүлэгчийн нэн тэргүүний үүрэг, хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдад тулгуурлаж шийдвэрлэвэл зохих зорилт мөн. Банкны тухай хууль тогтоомжийн дагуу Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж чадахгүй байгаа банк энэхүү хөтөлбөр батлагдсанаас хойш ажлын 45 хоногийн дотор Монголбанктай тохиролцон боловсруулсан банкаа хэвийн байдалд оруулах төлөвлөгөөг Удирдах хороонд ирүүлнэ. Банкийг хэвийн байдалд оруулах төлөвлөгөөнд мөрдөж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн хангах арга хэмжээ, цаг хугацааг тодорхойлж тусгасан байна.

Энэ төлөвлөгөөний нэн чухал хэсэг бол өөрийн хөрөнгийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг (ӨХЗХШҮ) хангаж ажиллахгүй байгаа банкуудад гурван сарын дотор бодитой, шинэ эх үүсвэрээр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх замаар ӨХЗХШҮ-ийг хуульд заасан доод хэмжээнд хүргэх шаардлага тавьж, хангуулахад оршино. ӨХЗХШҮ-ийг одоогийн мөрдөж буй нягтлан бодох бүртгэлийн болон бусад холбогдох журмын дагуу тооцох боловч, хугацаа сунгагдсан, анхны нөхцөл нь өөрчлөгдсөн, хэвийн бус, эргэлзээтэй зээлийн хувьд Монголбанкнаас эрсдлийн сан байгуулах илүү чанга дэглэм тогтоон мөрдөх болно.

Хэрэв банк тогтоосон хугацаанд хувийн хөрөнгө оруулалтаар өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж чадахгүй бол Монгол Улсын Засгийн газар эцсийн зээлдүүлэгчийн хувьд дахин хөрөнгөжүүлэх хэрэгслээр дамжуулан өөрийн хөрөнгийн дэмжлэгийг нэг удаа үзүүлнэ. Тухайн банк тогтоосон хугацаанаас өмнө энэхүү хөтөлбөрт оролцохоор шийдэж болно. Дахин хөрөнгөжүүлэх хэрэгсэл нь аль нэг банкинд онцлог нөхцөл тавихгүйгээр бүх банкны хувьд адил тэгш үйлчилнэ.
 
ӨХЗХШҮ-ийн байвал зохих түвшин буюу 12 хувийг хангаж ажиллаж байгаа хэдий ч 14 хувиас доогуур байгаа банк нь шалгуур үзүүлэлтийн байвал зохих доод түвшинг цаашид хэрхэн тогтмол хангаж ажиллахаа тодорхойлсон.

Өөрийн хөрөнгийн нарийвчилсан дүн шинжилгээг хавсаргасан бизнес төлөвлөгөөг Удирдах хороонд ирүүлнэ.

1.1.  Өөрчлөн байгуулалт, дахин хөрөнгөжүүлэлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалт
Системийг хамарсан хямралаас гарч буй өнөө үед банкуудын тогтвортой байдлыг хангах нь үндэсний хэмжээний чухал зорилт учраас Засгийн газар, Монголбанк хамтран банкны салбарын бүтцийн өөрчлөлт, дахин хөрөнгөжүүлэлтийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах Удирдах Хороог байгуулан ажиллуулна. Удирдах Хороо нь 3-5 үндсэн гишүүнтэй байх ба үүнд Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн Сайд нар заавал багтах бөгөөд Засгийн газрын хэрэг эрхлэх газар /Ерөнхий сайд/-ын төлөөлөл болох нэгээс доошгүй үндсэн гишүүн оролцоно. Удирдах Хорооны гаргах шийдвэрийг бэлтгэх, гол гэрээ, хэлцэлийг хийх, мэдээлэл солилцох зэрэг ажлыг дээр дурдсан үндсэн гишүүдийн орлогч нар хийж, практик хэрэгжүүлэлтийг Монголбанк хариуцаж гүйцэтгэнэ. Бүтцийн өөрчлөлт, дахин хөрөнгөжүүлэх хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцсон аливаа албан тушаалтан энэхүү Хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаа явуулсныхаа төлөө ямарваа ял зэм хүлээхгүй байх баталгаагаар хангагдана. Удирдах хороо нь УИХ-ын холбогдох Байнгын Хороод, Засгийн газрын танхимд ажлын явцыг урьдчилсан болон эцсийн байдлаар танилцуулж байна. Түүнчлэн Хөтөлбөр, түүний хэрэгжилтийн талаар олон нийттэй харьцах асуудлыг хариуцна.

Засгийн газар болон Монголбанк нь бүтцийн өөрчлөлт, дахин хөрөнгөжүүлэлтийн хэрэгжүүлэх эрх хэмжээ, арга хэрэгслээр хангагдсан байна. Бүтцийн өөрчлөлт, дахин хөрөнгөжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх нарийвчилсан эрх зүйн акт, дахин хөрөнгөжүүлэх болон барьцааны гэрээ зэргийг Удирдах Хороогоор хэлэлцэн, дэмжсэний дараа Засгийн газар, Монголбанк эцэслэн батална. Засгийн газар, Монголбанк татан буугдсан /дампуурсан/ банкуудын муу зээлийг эргэн төлүүлэхэд төрийн хүч, олгогдсон бүх эрх мэдлийг бүрэн дүүрэн ашиглаж төсвийн зардлыг багасгана.

Одоогийн Төрийн банк, цаашид төрийн өмчит буюу төрийн өмчийн оролцоотой болох банкуудын үйл ажиллагаанд зохисгүйгээр оролцох эрсдэлийг бууруулах үүднээс улс төрийн аливаа нөлөөнөөс эдгээрийг ангид байлгана.

Засгийн газрын нэрийн өмнөөс банкуудын төрийн эзэмшлийн өмчлөгч нь Төрийн өмчийн хороо байна. Хэрэв аль нэг банкинд албадлагын арга хэмжээ авбал чанартай актив, пассивыг “гүүр банк”-ны үүрэг гүйцэтгүүлэх зорилгоор байгуулагдсан Төрийн Банкинд шилжүүлнэ. Үүний дараа үлдэх хэсгийг уг банкинд үлдээн банкны тухай хууль тогтоомжийн дагуу эрх хүлээн авагчийг томилон актив, пассив хөрөнгийн удирдлагыг хариуцуулна. Төрийн өмчийн хороо нь банкууд дахь төрийн хувь эзэмшлийг Засгийн газрын нэрийн өмнөөс цаг тухайд нь дахин хувьчлах ажлыг хариуцна.

1.2. Засгийн газрын дахин хөрөнгөжүүлэх хэрэгсэл
Банкны хувь нийлүүлэгчид өөрсдөө болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчидтай хамтран ӨХЗХШҮ-ийн доод хэмжээг хангах хөрөнгийг банкиндаа оруулж чадахгүй бол Засгийн газар эцсийн зээлдүүлэгчийн хувьд Монголбанкны оролцоотойгоор банкийг түр «хугацаагаар дахин хөрөнгөжүүлэх арга хэмжээ авна. Дахин хөрөнгөжүүлэх арга хэмжээ нь түр зуурын дэмжлэг байх бөгөөд Засгийн газар оруулсан хөрөнгө оруулалтаа банкны хөрөнгөөр эргүүлэн төлүүлэх баталгааг хангасан байна. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь банкны нэгдүгээр зэргийн өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлтийг наад зах нь 7 хувьд, нийт өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлтийг 14 хувьд хүргэхэд оршино. Бүх банкинд адил тэгш, шудрага байдлаар хандаж, аль нэгийг нь онцгойлж үзэхгүй. Дахин хөрөнгөжүүлэх арга хэмжээнд нэг, хоёрдугаар зэргийн өөрийн хөрөнгийн дэмжлэгийг хослуулан хэрэглэнэ. Банкуудад хөтөлбөрт хамрагдах шалгуур үзүүлэлтийг хангаж, адил тэгш нөхцөл, журмыг дагаж мөрдөх шаардлага тавина.

1.3. Хөтөлбөрт хамруулах шалгуур үзүүлэлт
Засгийн газрын дахин хөрөнгөжүүлэлтээр нэг, хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгийн дэмжлэг авах хөтөлбөрт Монгол Улсад үүсгэн байгуулагдсан, мөнгөн хадгаламж татан төвлөрүүлэх тусгай зөвшөөрөлтэй, банкны системийн нийт активын 1.5-аас доошгүй хувийг /2009 оны эцсийн байдлаар/ эзэлж байгаа хувийн банкийг хамруулна. Хөтөлбөрт хамрагдахын тулд банк нь ӨХЗХШҮ-ээс бусад бүх зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангасан байх, эсвэл тэдгээр үзүүлэлтүүдийг хангаж ажиллах Монголбанкны хүлээн авахуйц банкаа сэргээх хугацаа заасан үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан Удирдах хороонд өгсөн байна. Банкны системийн нийт активын 1.5-аас доош хувийг эзэлдэг банкуудын хувьд хоорондоо буюу бусад банктай нэгдэх, нийлэх замаар дээрх шалгуурыг хангаж болно. Нийлсэн буюу нэгдсэн банкууд уг нэгдлийг эргэж буцаахгүй гэсэн амлалтаа гаргаж өгсөн байна.

1.4.  Өөрийн хөрөнгийн дэмжлэгийн хэмжээг банк тус бүрээр тодорхойлох
Банкийг хэвийн байдалд оруулахад шаардах суурь нөхцөл нь энэ арга хэмжээнд хамрагдахаас өмнө банкинд үүссэн бүх алдагдал, тухайлбал, зээлийн багц, хөрөнгө оруулалт, тэнцэлийн гадуурх дансд, хөрөнгийн хууль бус зарцуулалт зэргээс үүссэн алдагдлыг банкны одоогийн хувьцаа эзэмшигчид бүрэн хариуцах явдал мөн.

Үүнийг нарийвчлан боловсруулсан аргачлалаар зохицуулна. Банк хувийн санхүүжилтээр хөрөнгөө дахин нэмэгдүүлсэн, эсвэл Засгийн газрын дахин хөрөнгөжүүлэх хөтөлбөрт хамрагдсан гэдгээс үл хамааран энэхүү зарчим бүх банкинд нэгэн адил үйлчилнэ.

Банк нь Засгийн газрын дахин хөрөнгөжүүлэх дэмжлэгийг авахын тулд Монголбанкнаас боловсруулан гаргасан өргөдлийн маягтыг бөглөж Удирдах хороонд хүргүүлнэ. Өргөдөл нь тухайн банкны өөрийн хөрөнгийн хэрэгцээг тодорхойлох үндэс болно. Монголбанк өргөдөл бүрийг хянан үнэлж, хөрөнгийн дэмжлэг үзүүлэх эсэх, үзүүлэхээр бол хэдий хэмжээний дэмжлэг олгож болох талаар санал дүгнэлтээ Удирдах хороонд хүргүүлнэ.

Банкаа өөрчлөн сэргээх төлөвлөгөө эсхүл Засгийн газрын дахин хөрөнгөжүүлэх дэмжлэгийг авах өргөдөлд банк тус бүр (I) өөрийн хамгийн том 300 зээлийн өрийн үлдэгдлийн жагсаалт, (II) тэдгээрийн ангилал, (III) зээлийн анхны нөхцөл, хугацаа өөрчлөгдсөн эсэх, (IV) холбогдох этгээдийн зээл мөн эсэх, (V) байгуулсан эрсдэлийн сангийн хувь хэмжээг үнэн зөв мэдүүлсэн байвал зохино. Олон улсын аудитын компанийн актив хөрөнгийн багцад хийсэн үнэлгээнээс ямар нэгэн зөрүү гарсан бол энэ талаар банк нь мэдэгдвэл зохино. Түүнчлэн хөндлөнгийн аудитор нь (I) банкны өгсөн тоо, мэдээлэл нь үнэн зөв, уялдаа холбоотой, (II) тайландаа үзүүлсэн ӨХЗХШҮ нь тухайн банкны өөрийн хөрөнгийн байдлыг үнэн зөв илэрхийлж буй гэдгийг бичгээр баталгаажуулна. Хөндлөнгийн аудиторын эдгээр баталгааг Монголбанк нягтлан шалгана,

Банк тус бүрийн өөрийн хөрөнгийн хэрэгцээний эцсийн үнэлгээг Удирдах хорооны нэрийн өмнөөс Монголбанк хийж, хөндлөнгийн аудитор, банкны удирдлагын хооронд: ямарваа нэгэн маргаан үүсвэл эцэслэн шийдвэрлэнэ. Дахин хөрөнгөжүүлэлтийн үйл ажиллагааг нийтэд нээлттэй, ил тод байлгах, мөн бүх банкинд адил тэгш хандах үүднээс Удирдах хороо нь банкны өөрийн хөрөнгийн хэрэгцээг тодорхойлоход ашигласан шалгуур, журмыг 6 сарын дараа олон нийтэд мэдээлнэ.

1.5. Банкуудын өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх дэглэм

ӨХЗХШҮ нь 12 хувиас доогуур байгаа банкинд дараахь зарчмыг баримтална:

•     ӨХЗХШҮ-ийн хүрэлцээ, түүнийг 12 хувьд хүргэхэд шаардагдах хөрөнгийн хэмжээний талаарх Монгол банкны үнэлгээг тухайн банкны хувьцаа эзэмшигчдэд хүргүүлж мэдэгдэнэ.
•     Уг үнэлгээг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хувь нийлүүлэгчдийн хурлыг зарлан хуралдуулахыг Монголбанкнаас бичгээр шаардана. Энэ хурал дээр хувь нийлүүлэгчид нь шалгалтаар тогтоогдсон бүх алдагдлыг Монголбанкнаас шаардсан хэмжээгээр өөрийн хөрөнгөөрөө хааж, банкаа эрүүлжүүлж, хэвийн байдалд оруулах төлөвлөгөөг боловсруулж, Монголбанкинд хүргүүлэх эрхийг Төлөөлөн удирдах зөвлөлд олгоно.
• Хувь нийлүүлэгчдийн хурлын тэмдэглэлийг хөтлөн, гарын үсэг зурж, шийдвэрийн хамт хурал хуралдсаны дараагийн өдөр Монголбанкинд хүргүүлнэ.
• Хувь нийлүүлэгчид Засгийн газрын дахин хөрөнгөжүулэлтийн дэмжлэгийг авах өргөдөл гаргахаар шийдвэрлэвэл хурлын тэмдэглэл, шийдвэрт (I) шаардлагатай нэмэлт хөрөнгийн хэмжээ, (II) ногдол ашгийг хуваарилахгүйгээр ашиглах, (III) барьцааны гэрээ, (IV) Засгийн газрын дэмжлэг авах өргөдөл гаргах, дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөгөө Монголбанкинд хүргүүлэх эрхийг банкны ТУЗ-д олгосон тухай нарийвчлан тусгасан байх ёстой.
• Хувь нийлүүлэгчдийн хурлаар дээр дурьдсан шаардлагатай шийдвэр гаргаж чадахгүй бол банкийг татан буулгах /дампууруулах/ хүртэл албадлагын арга хэмжээг Мошолбанкнаас авч эхэлнэ

1.6. Дахин хөрөнгөжүүлэх арга хэмжээ тасалдсанаас гарах үр дагавар
Банк ӨХЗХШҮ-ийн байвал зохих доод түвшинг хангаагүй, банкны хувь нийлүүлэгчид өөрсдөө болон хувийн салбарын хөрөнгө оруулагчидтай хамтран дахин хөрөнгө оруулж чадахгүй бол Засгийн газар, Монголбанкнаас авах арга хэмжээ, банкны удирдлага, хувь нийлүүлэгч болон олон нийтэд энэ тухай мэдэгдэх тодорхой, ойлгомжтой журам зааврыг урьдчилан гаргасан байна.

Системийн хэмжээний том банкны ӨХЗХШҮ нь байвал зохих доод түвшинг хангахгүй байгаа нь илэрч тухайн банкны хувь нийлүүлэгчид болон хувийн салбарын хөрөнгө оруулагчид бодитой шинэ эх үүсвэрээр дахин хөрөнгөжүүлж чадахгүй бол тэрхүү банкийг төр хяналтдаа авч яаралтай хэвийн байдалд нь оруулна. Зүй нь бол ийм банкинд Монголбанк хуулийн дагуу онцгой дэглэм тогтоон татан буулгах ёстой билээ. Гэвч системийн ач холбогдол бүхий том банкинд онцгой дэглэм тогтоох нь эдийн засгийн тогтвортой байдалд муугаар нөлөөлж, харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашигт ноцтой хохирол учруулах сөрөг үр дагавар их байхыг харгалзан төр оролцож банкийг сэргээхээс өөр аргагүй юм. Эндээс төр өөрийн хүч боломжийг дайчлан шуурхай арга хэмжээ авах шаардлага урган гарч байгаа билээ. Ийм банкийг Засгийн газар, Монголбанк шууд хяналтдаа авч, шинэ ТУЗ, удирдлагыг томилж банкны санхүүгийн нөхцөл байдлаас хамааран одоо байгаа хувьцаа эзэмшигчдийн хувь оролцоог багасгах, эсвэл банкны өмчлөлөөс гаргах арга хэмжээ авч, шаардлагатай хэмжээнд хүртэл дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь хэвийн байдалд оруулна. Цаашдаа энэ банк хууль тогтоомж, журам зааврын шаардлагыг бүрэн хангаж, үйл ажиллагаа нь хэвийн гольдролдоо орж, ирээдүйд үйл ажиллагаагаа найдвартай тогтвортой явуулах үндэс суурийг бүрдүүлсэн гэж үзсэн үед зохих бэлтгэл хангаж хувьчлах арга хэмжээг авна.

Системийн чанартай бус, жижиг, дунд хэмжээний банкинд дараах арга хэмжээг авна. Хувь нийлүүлэгчид болон хувийн салбарын хөрөнгө оруулагчдаас банкны ӨХЗХШҮ-ийг шаардлагатай түвшинд хүртэл дахин хөрөнгөжүүлж чадахгүй бол хуүлийн дагуу онцгой дэглэм тогтоон төрөөс гаргасан хадгаламжийн баталгаанд хамрагдсан бүх харилцах, хадгаламжийг хэвийн гэж үзсэн активын хамт Төрийн банкинд шилжүүлнэ. Хэрэв шилжүүлсэн харилцах, хадгаламжийн хэмжээ шилжүүлсэн активаас давбал зөрүүг зах зээлийн нөхцөлөөр гаргасан Засгийн газар бондоор нөхнө. Дампуурсан банкийг татан буулгах эрх хүлээн авагч томилж, чанаргүй активын эргэн төлөлтийг боломжит дээд хэмжээнд хүргэх, Засгийн газраас гаргах зардлыг хамгийн бага хэмжээнд зарчмаар ашиглана.

1.7. Нэгдүгээр зэргийн өөрийн хөрөнгийн дэмжлэг үзүүлэх журам

1.7.1. Шалгуур
Нэгдүгээр зэргийн өөрийн хөрөнгийн дэмжлэгийг Засгийн газрын дахин хөрөнгөжүүлэх хөтөлбөрөөр дамжуулан авахын тулд аливаа Банк нь (I) ӨХЗХШҮ нь 2.4-өөс доошгүй буюу түүнээс дээш1 хувь байх, (II) 2009 оны эцсийн байдлаар банкны системийн нийт активын 1,5-аас доошгүй хувийг эзлэхүйц зах зээлийн байр суурьтай байх, (III) тус банкны одоо байгаа болон шинэ хөрөнгө оруулагч нар нь тухайн банкны нэгдүгээр зэргийн өөрийн хөрөнгийн хэмжээг 7-гоос доошгүй хувьд хүргэхэд Засгийн газраас оруулах хөрөнгөтэй тэнцэх хэмжээний эсвэл түүнээс их хэмжээний нэмэлт хөрөнгийг оруулсан байвал зохино. Эдгээр шалгуур болон ӨХЗХШҮ-ийн байвал зохих доод түвшинг хангаж чадахгүй бол тухайн банкийг Банкны тухай хуулийн дагуу төлбөрийн чадваргүй болсонд тооцон, өмнөх хэсэгт заасанчлан Монголбанк, Засгийн газар зохих арга хэмжээ авна.

Дэмжлэг авах дээрх шалгуурыг хангасан, (хоорондоо нийлж, нэгдэн дээрх шаардлагыг хангах  банкийг оролцуулан) банкуудад Засгийн газар нэгдүгээр  зэрэглэлийн өөрийн хөрөнгийн зохистой харьцааны үзүүлэлтийг долоон хувьд хүргэхэд шаардлагатай хөрөнгийн тал хувийг гаргаж, цаашилбал хөрвөх нөхцөлтэй хоёрдогч өглөг хэлбэрээр хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгийн дэмжлэгийг нийт өөрийн хөрөнгийн хүрэлцээг 14 хувьд хүртэлх хэмжээгээр олгоно. Засгийн газраас үзүүлэх нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийн дэмжлэгийн хэмжээ нь хувийн салбарын хөрөнгө оруулагчийн банкиндаа энэ зориулалтаар нэмж оруулах хөрөнгийн хэмжээнээс илүү гарах ёсгүй бөгөөд харин банк нь хүсвэл хөрөнгө оруулалтаа нэмж болно.

Дахин хөрөнгөжүүлсний дараа аливаа банкны ӨХЗХШҮ-ийн түвшин албан ёсны 12 хувиас давж 14 хувьд хүрснээрээ тухайн банкнаас цаашид олгох зээлээ нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг тэтгэх нөхцөл бүрдэнэ.

1.7.2. Засгийн газрын хувьцааны барьцаа, баталгаа
Засгийн газрын үзүүлэх нэгдүгээр зэргийн өөрийн хөрөнгийн дэмжлэгийг авахын тулд тухайн   банкны   нөлөө   бүхий   хувь   нийлүүлэгчид   банкиндаа   Засгийн   газраас   авах дэмжлэгтэй тэнцүү хэмжээний хувьцаагаа Засгийн газарт баталгаа болгон барьцаална. Тэдгээр хувьцаа нь Төрийн өмчийн хорооны тухайн банкинд эзэмшиж байгаа хувьцааг хожим худалдахад учирч болзошгүй алдагдлаас Засгийн газрыг хамгаалах баталгаа хөрөнгө болно. Ийм алдагдал гарсан тохиолдолд, нөлөө бүхий хувь нийлүүлэгчид Засгийн газрын алдагдлыг бэлэн мөнгөөр шууд төлөх, эсвэл тэдний барьцаалсан хувьцаанаас тэнцлийн цэвэр үнээс дутуугүй үнээр нөхөж авахыг Засгийн газарт зөвшөөрөх гэсэн хоёр хувилбарын нэгийг сонгоно. Алдагдлыг хаагаад үлдсэн хувьцааг хувь нийлуүлэгч нарт буцаан олгоно.

1.7.3. Засгийн газрын эзэмшиж байгаа хувьцаатай холбогдож үүсэх тусгай эрх
Шаардагдаж буй барьцаа, баталгаатай холбоотой харилцааг нөлөө бүхий хувь нийлүүлэгчид болон Удирдах хороог төлөөлөн, Засгийн газар, Монголбанкны хооронд байгуулах гэрээнд нарийвчлан тусгаж зохицуулна. Гэрээнд нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид нь дараахь үүргийг хүлээсэн байна. Үүнд: (I) Засгийн газар эзэмшиж буй хувьцаагаа2 худалдсанаас хүлээж болзошгүй алдагдлыг нөхөхийг зөвшөөрөх, (II) барьцаалсан хувьцаатай тэнцүү саналын эрхээ Засгийн газарт шилжүүлэх, (III) Удирдах хорооноос тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд Засгийн газар өөрийн эзэмшлийн хувьцаагаа борлуулж дуусахаас өмнө аливаа хувьцааг худалдахгүй байх үүрэг хүлээнэ. Удирдах хорооноос Засгийн газрын эзэмшлийн хувьцааг борлуулах хугацааг тогтоож, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид 30 сарын дотор тэргүүн ээлжинд худалдаж авах эрхийг эдэлнэ.

Удирдах хороо нь Засгийн газар, Монголбанкийг төлөөлж байгаагийн хувьд мөн түүнчлэн өмнө нь дурьдсан гэрээнд тусгайлан тусгасан болзол нөхцөлөөр Засгийн газрын оруулж буй өөрийн хөрөнгийн хэмжээнээс үл хамааран нэгээс доошгүй гишүүнийг банкны ТУЗ-д томилох эрхтэй байна. ТУЗ-ийн дээрх гишүүд нь банкны салбарт ажилласан туршлагатай байхын дээр тухайн банкны найдвартай, тогтвортой байдалд нөлөөлөхүйц аливаа материаллаг өөрчлөлтөд хориг тавих эрхтэй байна. Хориг тавих ийм эрхийг тухайлбал, актив худалдаж авах, эзэмшлээс гаргах болон банкны найдвартай тогтвортой байдлыг эрсдэлд оруулж болзошгүй, холбогдох этгээдүүд зүй бус өгөөжийг хүртээх зэрэг асуудлыг шийдвэрлэхэд ашиглана. Тухайн банкинд Засгийн газар хувьцаа эзэмшиж байх хугацаанд Удирдах хорооноос тусгайлан зөвшөөрөөгүй бол олсон болон хуримтлагдсан нийт ашиг банкинд бүртгэгдэн үлдэх ба ногдол ашгийг хуваарилахгүй.

1.7.4. Засгийн газраас банкны өөрийн хөрөнгийг санхүүжүүлэх хувьцааны үнэ
Засгийн газрын оруулсан хөрөнгөдөө ногдох хувьцааны үнийг тэнцлийн цэвэр үнийн дүнгээр тооцно. Засгийн газрын худалдан авсан хувьцааны төлбөрийг Төрийн өмчийн хороонд зах зээлийн нөхцлөөр гаргасан, тохиролцож болохуйц Засгийн газрын бондоор төлнө.

1.8. Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийн дэмжлэгийг буцаах журам
Нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид нь өөрийн хөрөнгийн дэмжлэг авсан өдрөөс хойш 30 сарын дотор Засгийн газрын худалдаж авсан хувьцааг тэргүүн ээлжинд урьдчилан тодорхойлсон аргачлалын дагуу тооцсон үнээр буцааж худалдан авах эрхтэй. Хувьцааг худалдан авах үнийг (I) Засгийн газрын санхүүжилтийн зардлын (үндсэн болон хуримтлагдсан хүү) дүн, (II) тэнцлийн цэвэр үнэ, (III) зах зээлийн үнэ болон гурав дахь этгээдийн санал болгосон үнийн аль ихээр нь тогтооно. Одоогийн хувьцаа эзэмшигчид нь Удирдах хорооны саналыг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тэргүүн ээлжинд худалдан авах эрхээ хэрэгжүүлбэл зохино. Энэ хугацаанд эрхээ хэрэгжүүлж чадахгүй бол Удирдах хороо нь Засгийн газрыг төлөөлж буйн хувьд Засгийн газрын эзэмшлийн тэдгээр хувьцааг гуравдагч этгээдэд худалдах эрх эдэлнэ. Удирдах хороо гуравдагч этгээдэд хувьцаагаа худалдах аргачлалыг тогтоох бөгөөд дуудлага худалдаагаар эсвэл урилгаар зарж болно.

1.9. Хоёрдугаар зэргийн өөрийн хөрөнгийн дэмжлэг
Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлт нь 7 хувиас дээш байгаа банк хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгийн санхүүжилтийг банкныхаа ОХЗХШҮ 14 хувь хүргэх хэмжээгээр хөрвөх нөхцөлтэй хоёрдогч өглөг хэлбэрээр авч болно.

1.9.1. Өөрийн хорөнгийн хоёрдугаар зэрэглэлийн дэмжлэгийн хэлбэр
Хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгийн санхүүжилт авах шалгуур хангасан банк 7 жилийн хугацаатай, Төв Банкны үнэт цаасны хүүнээс 5 нэгжээр өндөр хүүтэй, хөрвөх чадвартай өрийн бичиг /хэрэгсэл/-ийг Засгийн газарт гаргаж өгнө. Удирдах хорооноос зөвшөөрсөн тохиолдолд эргэн төлөгдөх хуваариас өмнө буцаан төлж болно.

1.9.2. Засгийн газар төлбөр хийх хэлбэр
Засгийн газар банкны гаргасан өрийн бичгийг 7 жилийн хугацаатай, зах зээлийн нөхцлөөр, тохиролцож болохуйц бондоор төлнө. Засгийн газарт учирч болох эрсдлийг хязгаарлах, түүнчлэн хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгийн санхүүжилтийг тухайн банк цаашдаа хэрэглэхгүй гэж үзвэл эргүүлэн төлөхөд хялбар байх үүднээс Удирдах хороогоор тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд банк тэрхүү бондыг гуравдагч этгээдэд худалдахыг хориглоно.

1.10. Нэг, хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгийн санхүүжилтийг хөрвүүлэх нөхцөл
Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад банкны нэгдүгээр зэргийн ӨХЗХШҮ нь 7 хувиас доош орж, хувьцаа эзэмшигчид нь 15 хоногт багтаан 7 хувьд хүргэж чадаагүй эсвэл банк хоёрдогч өглөгийг гэрээний хугацааны эцэст барагдуулаагүй тохиолдолд Засгийн газраас байршуулсан хоёрдогч өглөгийг нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгөд хөрвөнө. Хөрвүүлэн бүртгэхдээ (I) тэнцлийн цэвэр үнэ, эсвэл (I) Засгийн газар хувь нийлүүлэгч болсон цагаас эхлэн гаргасан аливаа хувьцаанд төлсөн үнийн аль багаар нь бүртгэнэ.

Хоёр. Банкны салбарын бүтцийн өөрчлөлтийн зарим асуудал

2.1. Төрөөс гаргасан хадгаламжийн баталгаанаас хязгаарлагдмал хадгаламжийн даатгалд шилжүүлэн хэвийн нөхцөл байдалд оруулах
Батлагдсан цагаасаа эхлэн төрөөс гаргасан мөнгөн хадгаламжийн баталгаа банкны салбарыг хямралаас сэргийлж, тогтвортой байлгах чухал хүчин зүйл болов. Энэхүү төрийн баталгааг цаашид хэсэг хугацаанд үргэлжлүүлэхээс өөр аргагүй байгаа хэдий ч татвар төлөгчид болон Засгийн газарт их хэмжээний алдагдал учруулж болзошгүй өндөр эрсдэлтэй байгаагаас урьдчилан сэргийлэх шаардлагатай байна. Түүнчлэн, төрөөс гаргасан мөнгөн хадгаламжийн баталгааны одоогийн хэлбэр нь түүнийг буруугаар, гуйвуулан ашиглах боломжийг олгож байна.

Мөнгөн хадгаламжийн баталгаанаас хязгаарлагдмал хадгаламжийн даатгалын тогтолцоонд (ХДТ) шилжсэн 100 орчим улс байгаа бөгөөд зөвхөн банкны системийг бүрэн эрүүлжүүлсний дараа л энэ тогтолцоонд шилжих боломжтой байдаг ажээ. Энэхүү бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн нэг зорилго нь банкны болон даатгалын үйл ажиллагааг хэвийн байдалд аль болох түргэн оруулахад оршино.

Юуны өмнө, төрөөс гаргасан мөнгөн хадгаламжийн баталгааг гуйвуулан ашиглахаас урьдчилан сэргийлэх, хязгаарлагдмал ХДТ-д шилжих бэлтгэлийг эхлүүлэх зорилгоор Засгийн газар, Монголбанкнаас “Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа боловсруулж УИХ-д өргөн барих болно. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн үндсэн агуулга нь:

• Төрийн баталгаанд хамрагдах пассивын төрлийг хязгаарлах, тухайлбал банк хоорондын хадгаламжийг түүнээс хасах,
• Баталгаанд хамрагдах хадгаламжийн хүүнд Төв банкны бодлогын хүүгийн хэмжээгээр дээд хязгаар тогтоо,
• Мөнгөн хадгаламжийн баталгаанд хамрагдсны төлбөрийг банкинд ногдуулах.
Банкны төрийн баталгаанд хамрагдсан мөнгөн хадгаламжийн дүнд төлбөр ногдуулна. Төлбөрийн орлогыг хуримтлуулан “давхар хамгаалалт бүхий” хадгаламжийн даатгалын санд төвлөрүүлснээр хязгаарлагдмал  хадгаламжийн даатгалын сангийн хөрөнгийн эх үүсвэрийг бий болгож эхэлнэ. Төлбөрийн хэмжээ нь баталгаанд хамрагдсан мөнгөн хадгаламжийн 0.5-1.0 хувьтай тэнцүү байна.

Цаашид “Хадгаламжийн даатгалын сан”-ийн тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барина. Ойрын жилүүдэд төрийн баталгаатай хадгаламжийн даатгалын тогтолцооноос хязгаарлагдмал буюу сонгодог хадгаламжийн даатгалын тогтолцоонд шат дараатай шилжүүлнэ.

2.2. Засгийн газрын дансыг банкуудад байршуулах ажлыг журамлах
Улс, орон нутгийн төсөв, Засгийн газар, орон нутгийн тусгай сангуудын дансыг банкуудад байршуулах асуудлыг журамлаагүй байгаагийн уршгаар төлбөрийн чадвар султай банкууд ил, далд өндөр хүү, харамжаар банкиндаа татаж, зах зээлийг эвдэх, төсвийн байгууллага, банкны удирдлага өөрчлөгдөх, дансанд байршсан банкны талаар сөрөг мэдээлэл гарах үед гэрээгээ зөрчин дансыг гэнэт татаж банкыг хүндрэлд оруулдаг сөрөг нөлөөтэй байна. Эдгээр сөрөг үр дагаврыг арилгах талаар дараахь арга хэмжээ авна.

1/ Улсын нэгдсэн болон орон нутгийн төсөв, Засгийн газар, орон нутгийн тусгай сангуудын дансыг банкинд байршуулах журмыг Засгийн газар, Монголбанктай зөвшилцөн 2010 онд баталж мөрдүүлнэ.
2/ Эдгээр дансыг журмын дагуу байршуулах ажлыг 2011 оны эхний хагаст багтаан хийнэ.

2.3. Банкны давхар өмчлөлийг (Cross ownership) арилгах
Зарим иргэн, хуулийн этгээд хоёр банкинд хувь эзэмших, энэ байдлаа ашиглаж банк хоорондын захын хүүг зохиомлоор бууруулах, эцсийн зээлдэгчид олгох зээлийн хүүг өсгөх, нэг банкны зээлийн эрсдлийг нөгөө банкинд шилжүүлэх, Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулийг гуйвуулан ашиглах сөрөг үйл ажиллагаа явуулж байна. Мөн олон улсын санхүүгийн байгууллагууд, нэр хүнд бүхий гадаадын хөрөнгө оруулагчид зарим банкны эцсийн өмчлөгч тодорхой бус, банк хооронд дамжсан нуугдмал эрсдэл өндөр байгаа зэргээс хамааран шууд хөрөнгө оруулалт хийх сонирхол бага байгаагаа мэдэгдэж байна. Иймд банкны салбарын бүтцийн өөрчлөлтийн хүрээнд Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 12 дахь хэсэг “Банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно” гэж заасныг хэрэгжүүлэх ажлыг 2010-2011 онд хийж дуусгана.

2.4. Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг өсгөх
Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ 8 тэрбум төгрөг байгаа нь манай эдийн засаг, бизнесийн өнөөгийн хэрэгцээ шаардлагаас хоцорч, жижиг банкууд хадгаламж, эх үүсвэрийн хүүг нэмэгдүүлэн өрсөлдөж санхүүгийн зуучлалын өртгийг өндөрсгөж байна. Мөн эдгээр банк санхүүгийн зуучлалын үйл ажиллагаагаа өргөтгөн эдийн засаг өсөх бололцоо олгохоосоо илүү явцуу болон цөөн тооны этгээдүүдэд давуу байдал бий болгох, банкны тусгай зөвшөөрлийг өөрсдийн бизнесийн үйл ажиллагаанд илүүтэй ашиглах хандлагатай байна. Иймд банкны    салбарын бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэн банкны салбар тогтворжиж эхлэнгүүт банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ.

2.5. Зээлийн мэдээллийн санг хөгжүүлэх
Хэдийгээр Монголбанкны дэргэдэх зээлийн мэдээллийн сан нь банкуудын зээлийн эрсдэлийг бууруулахад багагүй тус дэм болж байгаа хэдий ч мэдээллийн хамралт, чанар төдийлөн хангалттай бус, зөвхөн банк, зарим банк бус санхүүгийн байгууллагын хүрээний мэдээлэл агуулагддаг, бусад мэдээллийн   сантай   холбогдоогүй   зэргээс   шалтгаалан банкуудын мэдээллийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байна. Үүний улмаас банкинд эрсдэлтэй шийдвэр гаргах, улмаар зээлдэгчийг судлахад өндөр зардал гаргасаар байна. Иймд зээлийн мэдээллийн сангийн өнөөгийн бий болсон бүтцийг илүү улам боловсронгуй болгох талаар төрийн эрх бүхий байгууллага, УИХ-ын  гишүүд,  сонирхогч этгээдүүд, (Банкны холбоо)-ийн зүгээс санаачилж байгаа зээлийн мэдээллийн сангийн илүү өргөн тогтолцоо бий болгох   санаачлагыг  дэмжин ажиллана. Уг ажлын хүрээнд  зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсронгуй болгон УИХ-д өргөн барина. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Бүртгэлийн нэгдсэн тогтолцоо бий болгох ажлын хүрээнд мэдээллийн сангууд хоорондоо зохих түвшинд нэвтрэлцэж байх бололцоог хангаж, зээлийн барьцаа хөрөнгө, зээлдэгчдийн талаарх мэдээллийг өнөөгийн шаардлагад хүргэн сайжруулах арга хэмжээ авна.

2.6. Иргэний хуульд зарим өөрчлөлт оруулах
Зээлийн барьцаа хөрөнгийг шүүхийн бус журмаар худалдан борлуулж өр төлбөр барагдуулах нь санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, зээлдэгчдийн санхүүгийн хариуцлагыг өндөржүүлэх, Зээлийн эрсдэл багасч зээлийн хүү буурах эсрэг нөлөөлөл үзүүлдэг нь Олон улсын нийтлэг туршлагаас илт харагдаж байна. Нөгөө талаас барьцаа хөрөнгийг худалдан борлуулах шийдвэрийг шүүхээр гаргуулахад хугацаа алдаж хадгалах, хамгаалахад зардал ихсэх, хөрөнгө үнэгүйдэж зээлийн өр төлбөрийг бүрэн барагдуулах боломжгүй болох байдал үүсгэж байна. Иймд зээлийн барьцаанд тавигдсан үл хөдлөх хөрөнгөөс бусад хөрөнгийг шүүхийн бус журмаар худалдан борлуулж өр төлбөр барагдуулах чиглэлээр Иргэний хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүд оруулна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж