Бүсгүйчүүд нэрээ алдсангүй

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

Бүсгүйчүүд нэрээ алдсангүй

Г.Идэрмаа: Бүсгүйчүүд алдаа эндэл гаргаж, ард олондоо нэрээ алдсангүй

-Энэ жилийн сонгуульд эмэгтэйчүүд хэрхэн оролцох тухайгаа хэлэлцэн бүтэн өдөр хуралдлаа. Энэ хурлын шинэ мэдээллээр яриагаа эхэлье?

-Өнөөдөр Нийслэлийн НАМЭХ-оос зохион байгуулсан сургалт зөвлөгөөнөөр эмэгтэйчүүд сонгуульд хэрхэн оролцох, сонгогчид болон сонгуулийн ухуулагч нарыг хэрхэн бэлтгэх талаар ярилцлаа. 2012 оны сонгуульд ажиллахаар Нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон 100 гаруй эмэгтэй энэ хуралд оролцсон. УИХ-д эмэгтэйчүүдийг сонгоё, шийдвэр гаргах түвшинд олон эмэгтэйг гаргая гэсэн хүлээлт маш их байна. Өнгөрсөн жил нийт иргэдээс авсан судалгаагаар  нэр дэвшигчдийн 46 хувь нь эмэгтэй хүн байвал бид сонгоно гэсэн дүн гарч байсан бол өнөөдөр энэ судалгааны дүн 70 хувь болтлоо эрс өссөн байна. Нийгэм өөрөө эмэгтэйчүүдийг захиалаад, бас хүлээгээд байгаа нь маш их өөрчлөлтийг давхар хүлээж байна гэсэн үг. Хөдөө орон нутгаар явж байхад “Ер нь эмэгтэйчүүдийг сонгоё. Бүсгүйчүүд архи уугаад, авгай хүүхэн эргүүлээд явчихгүй,  ашиг завшаан хайж авилгад өртөхгүй, адуу мал гээд алга болчихгүй. Арай баараггүй юм байна” гэж иргэд ярьж хэлж байна. 1990 оны ардчиллаас хойш давхардсан тоогоор ердөө 28 эмэгтэй улс төрд, шийдвэр гаргах түвшинд сонгогджээ. Энэ хугацаанд ард түмний төлөөлөл болж сонгогдсон УИХ-ын 300 гаруй гишүүний дотор дөнгөж 28 нь эмэгтэй байна. Эдгээр эмэгтэйн дотроос өнөөдөр авилгад өртөөд, ял зэмлэл хүртсэн хүн нэг ч байхгүй. Алдаа дутагдал гаргаж ард нийтэд нэрээ хугалсангүй.

Энэ байдлаас дүгнэлт хийсэн үү ард иргэд эмэгтэйчүүдэд маш их итгэл найдвар тавьж байна. Энэ их итгэл, хүлээлт дээр ямар бодлого зарчим, төлөвлөгөө барьж ажиллахаа бид өнөөдөр маш нухацтай ярилцлаа. Нийт хүн амын 51 хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүд өнөөдөр төрд 3,9 хувийн төлөөлөлтэй байна гэдэг дэндүү чамлалттай тоо. Чамлалттай гэдэг нь цаана нь хүлээж байгаа 51 хувийг эзэлсэн эмэгтэйчүүдийн ар талд мөн тэр хэмжээний ам бүл, амьдрал байна. Монгол эмэгтэйчүүд ар гэр, үр хүүхдээ нэгдүгээрт тавьж, тэднийхээ төлөө явдаг, бас тэжээж тэтгэдэг хүмүүс. Манай нийгмийн үндсэн суурь нь гэр бүл өөрөө. Гэр бүлийг энх амгалан, эрүүл чийрэг байлгахын тулд эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд заавал гаргаж ирэх ёстой гэсэн үүднээс илэн далангүй ярилаа. Тэгээд эцэст нь эмэгтэйчүүд бид айлыг айл шиг байлгаж, гэр  бүлээ авч явж чадаж байна. Одоо гэрээсээ гарах хэрэгтэй байна гэсэн шийдвэр гаргалаа, энэ хурлаасаа. Эмэгтэйчүүд бид эх дэлхийдээ үр хүүхэд, хойч үеэ үлдээх гэж ирдэг. Бид энэ орны ирээдүйн хүмүүст элэг бүтэн байгаль дэлхий, саруул ухаантай, боловсролтой иргэдийг үлдээх ёстой гэсэн байр суурин дээр эвлэлдэн нэгдэж байна. Мөн байгаль экологийн тал руу нэлээн анхаарал хандуулж ярилцлаа. Өнөөдөр бидний нүдэн дээр уул нурж, ус ширгэж байна. Бидний багад боогоод сэлдэг байсан гол хоосон сайр болжээ. Туул гол тасраад байна. Үүнд маш их эмзэглэн харуусаж  байна.  Байгаль дэлхий, эх хүн хоёр хүйн холбоотой учраас тэгж их эмзэглэсэн байх. Тэгээд бид байгаль экологид ээлгүй хандаж байгаа,  хохирол учруулсан тийм хүмүүст маш их хэмжээний нөхөн төлбөрийг тавьж байх хатуу болзол дэвшүүлж, ой мод, булаг шанд, уурхайгаас үүдсэн аливаа эвдрэл сүйтгэлийг нөхөн сэргээх, хуучин байдалд нь ортол ургуулж нөхөх, мал бэлчээрлэх, нүүж суух бололцоотой болтол нь нөхөн сэргээлтийг нь хийлгэж байх зэрэг асуудлуудыг гаргаж тавилаа. Ер нь байгаль экологитой холбоотой бүхий л асуудлыг манай эмэгтэйчүүд маш өргөнөөр тавьж байгаа. Би саяхан болсон намынхаа бага хурал дээр нийслэл болон хөдөө орон нутагт хувийн эзэмшлийн газартаа мод тарьсан, зүлэгжүүсэн, ногооруулсан иргэдэд тодорхой хэмжээний урамшуулал өгөх тухай санал тавьсан. Намынхаа мөрийн хөтөлбөрт оруулъя гэж. Өнөөдөр нийслэлийн гэр хорооллын хөрс маш их бохирдсон. Ихэд доройтсон хөрс, агаарыг цэвэршүүлэхэд миний санал маш их ахиц гаргана гэж бодож байгаа. Судалгаанаас үзвэл, нэг га газрыг ойжуулбал 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлдэг юм билээ. Нийслэлийн айлууд хашаан дотроо  тав таван мод тарьчих юм бол энэ их агаарын бохирдлын асуудлыг үндсэндээ шийдчих боломж байгаа юм. Дээр нь мод тарьсныхаа төлөө иргэд урамшуулал  авна гэдэг нь зүгээр мөнгө тарааснаас илүү хөдөлмөрлөснийхөө төлөө орлогын эх үүсвэртэй болж байна гэсэн үг. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд НИХ-аас гарсан хамгийн том шийдвэр бол үндэсний цэцэрлэгт хүрээлэнг бий болгох асуудал. Нийтдээ 1280 га газрыг хамарсан энэ цэцэрлэгт хүрээлэнг цэцэрлэгжүүлж, ойжуулснаар тэнд хүүхэд хөгшид амардаг экологийн цэвэр сайхан орчин бүрдэх юм. 

-Манай эрчүүд асуудалд хэтэрхий хайнга бас гаднаас нь өнгөц хандаад байдаг бол эмэгтэйчүүд асуудлыг маш ул суурьтай нухацтай авч үздэг юм шиг санагдлаа? 

-Ер нь байгалийн заяаны өгөгдөл гэх үү дээ, эрчүүд тэртээ тэргүй алсын хараатай, холын чиг бодлоготой хүмүүс. Улс эх орныхоо эдийн засгийг өсгөе, уул уурхайгаа ашиглая, олборлоё гэж ярих нь тэдний асуудал мөнөөс мөн. Зөвөөс зөв. Харин тэдний ярихгүй орхиж гээж байгаа нарийн ширийн асуудлыг эмэгтэйчүүд зайлшгүй ярьж байх ёстой. Өнөөдөр уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж байгаа тэр газарт эрчүүд ажиллаж байна. Тэд бүтэн сар  ажиллаад, долоо хоног л гэртээ ирж амраад буцдаг. Энэ хооронд гэр бүл завсардах, салах сарнихдаа тулах явдал ч үүсээд байдаг. Тиймээс уул уурхайн үйлдвэрлэл явагдаж байгаа газарт эмэгтэйчүүд, үр хүүхэд, өвгөд хөгшдөд зориулсан ажлын ая таатай ажлын нөхцөл байр, сургууль цэцэрлэг, эмнэлэг, асрамжийн газар зэргийг багтаасан орчин бүрэлдсэн байх ёстой. Тэгж байж л гэр бүл гэдэг зүйл бүтэн үлдэнэ. Бид заавал энэ төрд эмэгтэй хүн байх ёстой гэж цээжээ дэлдээд хашгираад байгаа юм биш. Эрт дээр үеэс тэр Америк, Австрали тивийг нээж олоогүй байхад дэлхий Монголынх байсан. Энэ дэлхийд монголчууд хүчирхэг байх үндэс нь тэр хатан ухаантай монголын ээжүүд, хаад ноёдыг түшиж тулж байсантай холбоотой. Энэ уламжлалын дагуу манай монголчууд төрийн долоон эрдэнийхээ нэгд хатан ээжийг залж, тэд хан хөвгүүд, хаад ноёдод зөвлөгөө өгдөг байсан. Энэ ёс заншил түүхэн урт хугацааны явцад алдагдсан учраас өнөөдөр ийм хэмжээний доголдол үүссэн юм болов уу гэж бодож байна. Минийхээр энэ жилийн сонгууль засаглалын тогтолцоонд  багагүй өөрчлөлт гаргасан, мөрдөж бас гаргаж ирж байгаа хуулиудад нэлээн шинэчлэл орсон, шинэ тогтолцоог хүссэн ийм сонголт байгаа байх гэж бодож байна. Эмэгтэйчүүд бид үр хүүхэддээ өмч хөрөнгө үлдээгээд хэдийхнийг үлдээх билээ. Харин тэдэнд эрдэм боловсрол, эх дэлхийгээ хайрлах ухааныг үлдээх юм бол бидний, монгол түмний цаашид хөгжин дэвших, оршин байхын эх үндсийг тавина гэж үзэж байгаа.

-Хатан ухаан гэдэг ойлголт санааг та маш их дэмждэг хүн. Өнөөдөр улс төрд зүтгэж байгаа, зүтгэхээр шийдсэн энэ олон эмэгтэй хатан ухаанд хэр зэрэг боловсорсон юм бол гэдэг сонин байна?

-Хатан ухаан гээд ярихаар тэр ярьж байгаа хүн өөрөө хатан ухаантай болчихсон юм шиг манайхан ойлгоод  байдаг. Монгол суу ухаанд заасан нарийн дэг жаягт, хатан ухаанд маш нарийн боловсорсон хүн Монголд алга байна. Өөрийгөө засаад гэрээ засах хэмжээнд хүрэх гэргийн мэргэн ухаанд хүрэхийн тулд 25 эрдэм ухааныг бид сурсан байх ёстой. Хатан ухаантан болохын тулд 73 суу ухаанд суралцах ёстой. Энэ 73 ухааныг гүйцээж судалсан, жинхэнэ утгаараа хатан ухаантан болсон хүн байхгүй. Гэхдээ бид өнөөдөр хатан ухаантан болж байж төрийг засаж түмэн олныг амаржуулна гэвэл бас амаргүй. Тиймээс  дотор нь орох ёстой, боловсрох ёстой, бас ажиллах ёстой. Үүний хажуугаар хатан ухаантнуудыг төрүүлж байж төр түвшитгэх ёстой гэж бодож байна.

-Харьцангуй энэ жилийн сонгууль дээр манай эмэгтэйчүүд маш их найдвар тавьж бас нэгдэж байх шиг байна. Үр дүн хэр гарах бол?

-Эмэгтэйчүүд бид ганц энэ сонгууль дээр ч нэгдэж байгаа юм биш. 2004 онд парламентад суудалтай гурван намын эмэгтэйчүүд нэгдэн “Их тэнгэрийн тунхаглал” баталж,  бүх намын дарга нартай тохиролцоо хийсэн. Энэхүү баримт бичигт намынхаа дотоод бүтцийг сонгоход 25 хувь нь заавал эмэгтэй хүн байна хэмээн гэсэн хувь тогтоолгож, тэрний дагуу өнөөдөр эмэгтэйчүүд олноор сонгогдож байгаа хэрэг. Гэнэт эмэгтэйчүүд хэрэгтэй байна гээд бид гараад ирсэн юм биш. Тодорхой хугацаанд бэлтгэгдэж явсаар нийгмийн захиалгын дагуу гарч ирж байна. Түүнээс биш эрчүүдийг ялахын тулд, тэд муу ажиллаад байгаагаас, тэдэнтэй барьцсандаа бус гэдгийг энд хэлмээр байна. Эрэгтэй, эмэгтэй хоёр тэнцүү байж явах ёстой гэсэн монгол угшил ухааныг сэргээж мэдэрсний үр дүн байх гэж бодож байна. 

-Тэгэхээр хүүхэд, эколог хоёр эмэгтэйчүүдийн сонгуулийн гол мөрийн хөтөлбөр байх нь гэж ойлгож болох уу? 

-Өнөөдөр хүүхэд эхийн хэвлийд олдож төрөхөөсөө авахуулаад нийгэмшсэн иргэд болох хүртэлх хугацаанд нэлээн саад бэрхшээл учирч байна. Төрөх эмнэлэг хүрэлцэхгүй, ясли цэцэрлэг алга, сургууль сурах орчин хангалтгүй байгаа гээд энэ асуудал дээр манай эмэгтэйчүүд цогцоор нь боловсруулж намынхаа мөрийн хөтөлбөрт суулгасан. Парламентад төлөөлөлтэй гурван намын эмэгтэйчүүд бүгдээрээ  хүүхдийн төлөө гэсэн нэгдсэн бодлоготой энэ сонгуульд орж байна. Ясли бий болсноор тэр болгон залуу ээжүүд гэртээ гурван жилээр суугаад байхгүй. Өнөөдөр амьдралын хурд ямар байгаа билээ. Тэгж залуу эмэгтэйчүүдийг гурван жилээр хоцроож болохгүй. Дээр нь цэцэрлэгийг маш хүртээмжтэй болгож, сургуулийг гурав биш хоёр ээлжээр тохилог зөв орчинд хичээллүүлэх хангалттай байр, багштай болгохоор цогц төлөвлөгөө боловсруулаад намын мөрийн хөтөлбөрт оруулсан.

-Та шилдэг улс төрч эмэгтэйгээр шалгарсан хүн. Үүнийг дагаад таныг үнэлэх үнэлэмж, чадавхи, итгэл гээд олон зүйл хамт явдаг болов уу?

-Шилдэг улс төрч гэдэг том алдар. МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагад 15 жил гаруй ажиллалаа. Энэ байгууллагыг нийслэлд болон хөдөө орон нутагт хөл дээр нь босгох гэж хөдөлмөр гаргасан. Сургалт, зохион байгуулалтаас нь эхлээд ажлыг нь хийж өөрийн хэмжээнд хувь нэмэр оруулсан. Дээрх алдар миний урт удаан хугацаанд хийж бүтээсэн ажлын үр дүн гэж хүлээж авч байгаа. Жинхэнэ шилдэг болтлоо хүчин зүтгэнэ ээ. Ингээд яриагаа:

Хаан алдах эрхгүй
Хатан урвах эрхгүй

Харц цөхрөх эрхгүй гэсэн Сорхогтон бэхи хатны хэлсэн үгээр төгсгөмөөр байна. Энэ үг энэ цаг мөчид хамгийн их таарсан үг юм болов уу гэж бодож байна.

ЭХ СУРВАЛЖ: "ӨДРИЙН СОНИН"
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж