“Зэлтэрийн гацаа”-нд буй намууд хөөрхий

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

“Зэлтэрийн гацаа”-нд буй намууд хөөрхий

Сонгууль угтсан улс төрийн намуудын бужигнаан ширүүсч, улстөрчдийн популист үг яриа олширсоор. Энэ нь сонгуультай жил байдаг үзэгдэл гэж ойл­гож болох ч 2012 оны нэр дэв­шигчдийн марафон арай өвөр­мөц. Сонгуулийн тогтолцоо шинэчлэгдсэн ч мөнгөтэй нь нам­даа үнэд орж, бор зүрхээрээ тэмцэгчдийн дургүйцэлтэй хор­­шин дайн үүсгэдэг муу зур­шид харагдсаар байгаа нь эмгэнэлтэй.

Ирэх намар хоёр өөр ста­тустай гишүүд чуулганы тан­химд тангараг өргөх нь нэгэнт хуульч­лагдсан. Чухам хэн бэ гэдэг нь нам хоорондын бус, дээр хэлсэнчлэн нам до­тор­хи тэмцэл болж байна. Мажо­ри­тар тогтолцоогоор зуун хувь сонгуулиа хийж байх үед  нэг намаас нэр дэвшч бай­гаа эрхмүүд өөр хоорондоо үзэлц­дэг байсан ч тойрог, ман­датын аль аль нь олон бай­сан гэдгээрээ арай зөөлөн байж. Харин энэ удаад 26 той­рог 48 мандатын төлөөх нэр дэвшигчдийн марафонд хяз­гаар үгүй. Тэгэхээр 28-ын жаг­саалтад намыг хэн илүү ард түмэнд таниулж чадсан. Хий­сэн бүтээсэн зүйл ихтэй нэр дэвшигчдээ зоох нь. Тэр тусмаа эхний аравт бичигдэх нэр дэв­шигчдийн нэрсэд АН, МАН-ын­хан илүү ач холбогдол өгч бай­гаа гэх. Харин энэхүү нэр хүнд­тэй буюу хариуцлагатай жагсаалтын 10-т хэн байх вэ гэ­дэг нь сонин. Учир нь нийт сон­гогчдийн 30 хувийн саналыг ава­хад л намын жагсаалтад багт­сан эхний 10 хүн УИХ-д суух нь тодорхой болно.

МАХН болоод “Шударга ёс эв нэгдэл” хөдөлгөөнөөс олигархи хэмээх нэр хайрлуулаад буй МАН-аас нэр дэвшигчдийн нэрс шахцалдаж, гишүүд ч бухимдалтай байгаа аж. Төрөөс төр­сөн болоод төрд шургалсан тэрбумтан олонтой тус намын­хан 28-ын жагсаалтын аравт оро­хоор мөнгөө бариад оочер­лож байгаа гэх. 28 хүний жаг­саалтад орох хүсэлтэй олигар­хийн тоо хэдийнээ 35-д хүрсэн гэх албан бус мэдээлэл байна. Ямартай ч “О” овогтнууд мөн­гөөр зодолдож эхэлсэн гэх. Яг хэн нь хаана нэрээ зоох  нь тодорхойгүй байгаа бо­ловч өнгөрсөн долоо хоногт ху­ралд­сан МАН-ын удирдах зөв­лөлийн хурал дээр зүүний хүчнийхэн омог ихтэй байсан аж. Зарим нэг нь намаа орхиж, сай­дыгаа огцруулах хэмжээнд тултлаа намын удирдлагуудын хяналтаас гарч, гишүүд нь ду­раараа аашлах нь өдөр ирэх бүр нэмэгдсээр. С.Баяр, Сү.Бат­болд, У.Хүрэлсүх, Д.Дэмбэрэл, М.Энхболд, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж гээд  нийгэмд сайн муу, аль алинаараа танигдсан гишүүд, араас нь Н.Энхболд, Р.Раш гээд арай нэр цэвэр хүмүүсээ жагсаая гэсэн боловч Н.Номтойбаяр, Я.Содбаатар гээд зүүний хүчнийхнийг халаасалсан эрхмүүд тас цо­хиж орж ирэх хүсэлтэйгээ илэр­хийл­­сэн сурагтай. Мөнгийг нь авч тухлан суух өргөөгөө бос­гочихсон юм чинь зарим хү­нийг нь 28-ын жагсаалтад оруу­ла­хаас өөр аргагүй бай­далд ороод байгаа аж. Хэ­рэв улс төрийн туршлага хуримт­луул­сан гэхээсээ илүү намын нэр хүндэд сөргөөр нөлөөлж орж ирсэн хүмүүсийг очиж очиж 28-ын жагсаалтад оруу­лах нь зүйд нийцэхгүй гэсэн са­налыг МАН-ын зарим ги­шүүд удирдах зөвлөл дээрээ хэл­сэн юм байх. Ямартай ч “О” овогтнууд 28, 48-ын аль алинд бие биенээ нүд буландаж бай­гаа юм байх. Харин сүүлийн үеийн улс төрийн судалгаагаар рейтинг өндөртэй байгаа АН-ынхан 28-ын эхний аравт ямар хү­мүүсийг жагсаах вэ гэд­гээр удаа дараа хуралджээ. На­мын зарим удирдлагууд эрэм­­бээрээ явъя гэсэн са­на­лыг хэлж, олигархигүй, нэр цэ­вэр улс төрийн арвин турш­лагатай гишүүдээсээ зооё гэдэгт санал нэгджээ. Ха­рин тэд­гээр хүмүүсийнхээ нэр­сийн дарааллыг хэрхэн байр­шуу­лах вэ гэдгийг янз бүрийн ху­вилбараар л ярьж байгаа гэнэ. Тухайлбал, намын дарга Н.Алтанхуяг нэгд, хоёрт ЕНБД  Д.Эрдэнэбатыг жагсаая гэсэн  санал ч гарчээ. Гэсэн ч намын ЕНБД Д.Эрдэнэбат өөрийнхөө нэрийг жагсаалтын хоёрт бичихийг түвдэхгүй бай­гаа гэнэ. Улс төрд олон жил явсан, намын нэр нүүр болж яваа нөх­дийн өмнө жагсаалтад орох нь зохимжгүй гэж үзсэн бололтой. Тэрбээр арван хүнээ 5,5-аар нь таслан  өөрийнхөө нэрийг тавд байршуулъя  гэсэн байр суурийг илэрхийлжээ. Н.Алтанхуяг, Р.Гончигдорж, Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал гэж таслаад Д.Эрдэнэбат, З.Энх­болд, Х.Тэмүүжин, Баа­бар, Ц.Баярсайхан гэж жаг­саах нь илүү дээр гэсэн са­нал ч байгаа аж. Хэдийгээр жаг­саал­тын хоёрт бичигдэх нь ирэх сонгуульд сонгогдоход өөрт нь илүү хялбар ч гэлээ жаг­саалтын тавд бичигдэх нь намд илүү ашигтай гэсэн байр сууринаас ханджээ.  Өөрөөр хэлбэл, намын генсек нь өөрийн гэхээсээ намынхаа эрх ашгийг номер нэгд тавих ёстой гэсэн зарчмаар ирэх сонгуульд бэлтгэх ёстой гэж уриалж байсан юм  байх. Харин жагсаалтын аравт эмэгтэй нэр дэвшигч бичигдэх ёстой. АН-ын тухайд тэр нь хэн бэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Эх сурвалжийн хэлж буйгаар мөн л адил төрийн мөн­гө,  бохир бизнест гараа дү­рээгүй нэр цэвэр эмэгтэй байх ёстой гэсэн шалгуур тавь­жээ. Уг шалгуурт одоогоор Ц.Оюундарь толгой цохиж яваа гэх мэдээлэл байгаа юм.  АН дотооддоо Ш.Түвдэндоржийг нийслэлд нэр дэвших нь зүй­тэй гэсэн саналтай байгаа ч тэрбээр УИХ-д тэр тусмаа 28-ын эхний 10-т үзэхээр горилж буйгаа намынхнаасаа гуйгаагүй хэлээд авсан ч гэх. Харин жагсаалтын эхний 10-т Э.Бат-Үүл зүй ёсоор багтах байсан ч тэрбээр нийслэлд үзнэ гэдгээ эргэлт буцалтгүйгээр зарласан. Өөрөөр хэлбэл, АН-ынхан нийс­­лэлд айдгаа авдартаа хий­чих­сэн хэмээн үзэж байна. Ийнхүү дээрх нөхцөл байдлаас АН, МАН-ын сонгуульд хэрхэн хандаж байгаа өнгө төрхийн ялгаа харагдаж байна гэж хэлж болохоор байна. Харин жаг­саал­­тын эхний 10 цаашлаад 28-д намын лидер улстөрчид жаг­сахаар тойрог нь эзгүйрнэ гэсэн саналыг намын ҮЗХ-ны гишүүд болон гишүүд дэмжигчдээс сануулж буй ч намын удирдлагууд тэр тухай нарийн тооцоолсон болохоо дуулгажээ. Нэг зүйлийг онц­ло­ход намын удирдлагууд өөрс­дөө манлайлагч, лидер юм бол аль ч тойрогт очсон нэг суудал авч ирэх ёстой гэсэн байр суурьтай хүн ч мэр сэр байгаа нь дэмжүүштэй санал. Мөн эмэгтэйчүүдийг 2:1, ядаж 3:1 гэсэн зарчмаар 28-д нэрийг нь оруулж ирэхгүй бол намын удирдлагууд бүсгүйчүүдийг хавч­сан хэргээр муу нэр дуулах магадлалтай. Энэ сонгуулиар эмэгтэйчүүд сонгогдох нөх­цөл байдал харагдаж байгааг тэд эрхбиш харж буй биз ээ. На­муудын 28-ын эхний 10-т жагсах хүмүүсийн нэрс  урьд­чилсан байдлаар дээрх маягаар зурагдаж бай­гаа ч намууд энэ сарын 19-22-ны хооронд УИХ-д нэр дэвшигч­дийн нэрсээ тод­руулах журамтай. Одоогийн байдлаар аль аль нь “Зэлтэрийн гацаа”-нд байна.

Б.Саран

Эх сурвалж: WWW.MMINFO.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж