
Ирэх намар хоёр өөр статустай гишүүд чуулганы танхимд тангараг өргөх нь нэгэнт хуульчлагдсан. Чухам хэн бэ гэдэг нь нам хоорондын бус, дээр хэлсэнчлэн нам доторхи тэмцэл болж байна. Мажоритар тогтолцоогоор зуун хувь сонгуулиа хийж байх үед нэг намаас нэр дэвшч байгаа эрхмүүд өөр хоорондоо үзэлцдэг байсан ч тойрог, мандатын аль аль нь олон байсан гэдгээрээ арай зөөлөн байж. Харин энэ удаад 26 тойрог 48 мандатын төлөөх нэр дэвшигчдийн марафонд хязгаар үгүй. Тэгэхээр 28-ын жагсаалтад намыг хэн илүү ард түмэнд таниулж чадсан. Хийсэн бүтээсэн зүйл ихтэй нэр дэвшигчдээ зоох нь. Тэр тусмаа эхний аравт бичигдэх нэр дэвшигчдийн нэрсэд АН, МАН-ынхан илүү ач холбогдол өгч байгаа гэх. Харин энэхүү нэр хүндтэй буюу хариуцлагатай жагсаалтын 10-т хэн байх вэ гэдэг нь сонин. Учир нь нийт сонгогчдийн 30 хувийн саналыг авахад л намын жагсаалтад багтсан эхний 10 хүн УИХ-д суух нь тодорхой болно.
МАХН болоод “Шударга ёс эв нэгдэл” хөдөлгөөнөөс олигархи хэмээх нэр хайрлуулаад буй МАН-аас нэр дэвшигчдийн нэрс шахцалдаж, гишүүд ч бухимдалтай байгаа аж. Төрөөс төрсөн болоод төрд шургалсан тэрбумтан олонтой тус намынхан 28-ын жагсаалтын аравт орохоор мөнгөө бариад оочерлож байгаа гэх. 28 хүний жагсаалтад орох хүсэлтэй олигархийн тоо хэдийнээ 35-д хүрсэн гэх албан бус мэдээлэл байна. Ямартай ч “О” овогтнууд мөнгөөр зодолдож эхэлсэн гэх. Яг хэн нь хаана нэрээ зоох нь тодорхойгүй байгаа боловч өнгөрсөн долоо хоногт хуралдсан МАН-ын удирдах зөвлөлийн хурал дээр зүүний хүчнийхэн омог ихтэй байсан аж. Зарим нэг нь намаа орхиж, сайдыгаа огцруулах хэмжээнд тултлаа намын удирдлагуудын хяналтаас гарч, гишүүд нь дураараа аашлах нь өдөр ирэх бүр нэмэгдсээр. С.Баяр, Сү.Батболд, У.Хүрэлсүх, Д.Дэмбэрэл, М.Энхболд, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж гээд нийгэмд сайн муу, аль алинаараа танигдсан гишүүд, араас нь Н.Энхболд, Р.Раш гээд арай нэр цэвэр хүмүүсээ жагсаая гэсэн боловч Н.Номтойбаяр, Я.Содбаатар гээд зүүний хүчнийхнийг халаасалсан эрхмүүд тас цохиж орж ирэх хүсэлтэйгээ илэрхийлсэн сурагтай. Мөнгийг нь авч тухлан суух өргөөгөө босгочихсон юм чинь зарим хүнийг нь 28-ын жагсаалтад оруулахаас өөр аргагүй байдалд ороод байгаа аж. Хэрэв улс төрийн туршлага хуримтлуулсан гэхээсээ илүү намын нэр хүндэд сөргөөр нөлөөлж орж ирсэн хүмүүсийг очиж очиж 28-ын жагсаалтад оруулах нь зүйд нийцэхгүй гэсэн саналыг МАН-ын зарим гишүүд удирдах зөвлөл дээрээ хэлсэн юм байх. Ямартай ч “О” овогтнууд 28, 48-ын аль алинд бие биенээ нүд буландаж байгаа юм байх. Харин сүүлийн үеийн улс төрийн судалгаагаар рейтинг өндөртэй байгаа АН-ынхан 28-ын эхний аравт ямар хүмүүсийг жагсаах вэ гэдгээр удаа дараа хуралджээ. Намын зарим удирдлагууд эрэмбээрээ явъя гэсэн саналыг хэлж, олигархигүй, нэр цэвэр улс төрийн арвин туршлагатай гишүүдээсээ зооё гэдэгт санал нэгджээ. Харин тэдгээр хүмүүсийнхээ нэрсийн дарааллыг хэрхэн байршуулах вэ гэдгийг янз бүрийн хувилбараар л ярьж байгаа гэнэ. Тухайлбал, намын дарга Н.Алтанхуяг нэгд, хоёрт ЕНБД Д.Эрдэнэбатыг жагсаая гэсэн санал ч гарчээ. Гэсэн ч намын ЕНБД Д.Эрдэнэбат өөрийнхөө нэрийг жагсаалтын хоёрт бичихийг түвдэхгүй байгаа гэнэ. Улс төрд олон жил явсан, намын нэр нүүр болж яваа нөхдийн өмнө жагсаалтад орох нь зохимжгүй гэж үзсэн бололтой. Тэрбээр арван хүнээ 5,5-аар нь таслан өөрийнхөө нэрийг тавд байршуулъя гэсэн байр суурийг илэрхийлжээ. Н.Алтанхуяг, Р.Гончигдорж, Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал гэж таслаад Д.Эрдэнэбат, З.Энхболд, Х.Тэмүүжин, Баабар, Ц.Баярсайхан гэж жагсаах нь илүү дээр гэсэн санал ч байгаа аж. Хэдийгээр жагсаалтын хоёрт бичигдэх нь ирэх сонгуульд сонгогдоход өөрт нь илүү хялбар ч гэлээ жагсаалтын тавд бичигдэх нь намд илүү ашигтай гэсэн байр сууринаас ханджээ. Өөрөөр хэлбэл, намын генсек нь өөрийн гэхээсээ намынхаа эрх ашгийг номер нэгд тавих ёстой гэсэн зарчмаар ирэх сонгуульд бэлтгэх ёстой гэж уриалж байсан юм байх. Харин жагсаалтын аравт эмэгтэй нэр дэвшигч бичигдэх ёстой. АН-ын тухайд тэр нь хэн бэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Эх сурвалжийн хэлж буйгаар мөн л адил төрийн мөнгө, бохир бизнест гараа дүрээгүй нэр цэвэр эмэгтэй байх ёстой гэсэн шалгуур тавьжээ. Уг шалгуурт одоогоор Ц.Оюундарь толгой цохиж яваа гэх мэдээлэл байгаа юм. АН дотооддоо Ш.Түвдэндоржийг нийслэлд нэр дэвших нь зүйтэй гэсэн саналтай байгаа ч тэрбээр УИХ-д тэр тусмаа 28-ын эхний 10-т үзэхээр горилж буйгаа намынхнаасаа гуйгаагүй хэлээд авсан ч гэх. Харин жагсаалтын эхний 10-т Э.Бат-Үүл зүй ёсоор багтах байсан ч тэрбээр нийслэлд үзнэ гэдгээ эргэлт буцалтгүйгээр зарласан. Өөрөөр хэлбэл, АН-ынхан нийслэлд айдгаа авдартаа хийчихсэн хэмээн үзэж байна. Ийнхүү дээрх нөхцөл байдлаас АН, МАН-ын сонгуульд хэрхэн хандаж байгаа өнгө төрхийн ялгаа харагдаж байна гэж хэлж болохоор байна. Харин жагсаалтын эхний 10 цаашлаад 28-д намын лидер улстөрчид жагсахаар тойрог нь эзгүйрнэ гэсэн саналыг намын ҮЗХ-ны гишүүд болон гишүүд дэмжигчдээс сануулж буй ч намын удирдлагууд тэр тухай нарийн тооцоолсон болохоо дуулгажээ. Нэг зүйлийг онцлоход намын удирдлагууд өөрсдөө манлайлагч, лидер юм бол аль ч тойрогт очсон нэг суудал авч ирэх ёстой гэсэн байр суурьтай хүн ч мэр сэр байгаа нь дэмжүүштэй санал. Мөн эмэгтэйчүүдийг 2:1, ядаж 3:1 гэсэн зарчмаар 28-д нэрийг нь оруулж ирэхгүй бол намын удирдлагууд бүсгүйчүүдийг хавчсан хэргээр муу нэр дуулах магадлалтай. Энэ сонгуулиар эмэгтэйчүүд сонгогдох нөхцөл байдал харагдаж байгааг тэд эрхбиш харж буй биз ээ. Намуудын 28-ын эхний 10-т жагсах хүмүүсийн нэрс урьдчилсан байдлаар дээрх маягаар зурагдаж байгаа ч намууд энэ сарын 19-22-ны хооронд УИХ-д нэр дэвшигчдийн нэрсээ тодруулах журамтай. Одоогийн байдлаар аль аль нь “Зэлтэрийн гацаа”-нд байна.
Эх сурвалж: WWW.MMINFO.MN