Төмөр замын нэгдсэн сүлжээнд орно

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

Төмөр замын нэгдсэн сүлжээнд орно

Өнөөдөр Монголгүй юм ч гэж үгүй болж, Америк, Европ, Ази, Австрали тив тэр чигээрээ л ярилцаж, Монголын талаар санал солилцож, чихээ дэлдийлгэн, нүдээ бүлтийлгэж анхаарал тавих болсон нь гайхалтай хэрэг. Түүнийг дагаад дэлхийгээр нэг хэсээд, гуйгаад олддоггүй байсан хөрөнгө оруулалт өнөөдөр манайд хэдэн зуун саяар бус, хэдэн зуун тэрбумаар цутгаад эхэлчихлээ. Харин бид энэ бүхнийг бахархал, омогшил төдийгөөр шувтрах биш алт, эрдэнэсээ эзэн хүн шиг атлаа ухаалаг, овжин ашигтайгаар эргэлтэд оруулж, хөгжил, дэвшилд хүрсэн түүх болгон сийлэх тийм цаг үе, боломж ирсэн гэсэн үг.

Монголын эдийн засаг 2012 онд өнгөрсөн оныхоос дутуугүй өснө гэсэн тооцоог олон улсын судалгааны багууд гаргасан байдаг. Цаашилбал, 2015 онд нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт, 2030 онд энэ тоо 60 мянгад хүрнэ гэсэн байх юм. Өөрөөр хэлбэл, ойрын 20 жилд Монголын эдийн засаг гайхамшгийг үзүүлэх аж. ДНБ нь нэг хүнд 10 мянган доллар болно гэдэг нь шинэ эрэмбэ, шинэ эрин, шинэ амьдрал. Ийм амжилтад хүрэхийн тулд АНУ бараг 200 жил зүтгэсэн байдаг. Ингэхэд арван мянгат гэж юу гэсэн үг вэ? Улс орон, тухайн үндэстний хувьд энэ нь нийгмийн том үзүүлэлт, дээд эрэмбэ, асар их бололцоо, эрх чөлөө тусгаар тогтнол, үл хамаарлаа баталгаатай болгож буй хамгаалалт. Газар зүйн ашигтай байрлал, худалдаа наймааны овсгоогоороо Сингапур богино хугацаанд арван мянгат болж авсан. Харин бид энэ амжилтыг бүрдүүлэхийн тулд юу хийх ёстой вэ. Эдийн засгийн олон улсын судалгааны багууд Монголын тухай ийм өөдрөг дүгнэлт гаргахдаа Оюутолгой, Тавантолгой гэсэн хоёр аварга орд эргэлтэд орж, түүнийг дагаж дэд бүтэц, бүтээн босголт байгуулснаар хэмээн дүгнэсэн юм билээ. Гэхдээ бид зөв хөгжүүлж чадвал шүү дээ. Өнөөдрийн хувьд бидний өмнө Монгол Улс улам хурдац­тай хөгжиж, иргэд нь баян чинээлэг амьдралд орох уу. Эсвэл хөгжлөө хөгжил биш болгох уу гэдэг салаа замын уулзвар дээр ирээд байна.

Сонголт хийх цаг ирлээ ч гэж болно. Гэхдээ нөгөө талаар мөнгөгүйгээр юу ч хийж чадахгүй. Мөнгөнөөс чухал зүйл их ч мөнгөгүйгээр тэр бүхэн биеллээ олохгүй. Тодруулж хэлбэл олсон мөнгөө дэд бүтэц, үйлдвэрлэл, бүтээн босголтод ухаалгаар зарцуулж үсрэнгүй хөгжлийг үнэнээр нь “хийх” цаг үе ирээд байна. Дэд бүтэц, төмөр замдаа нэн түрүүнд анхаарах гэсэн үг. Энэ үүднээс ч ЗТБХБ-ын сайд Ц.Дашдоржид шинэ зууны бүтээн байгуулалтын нэг болох хөгжлийн замын бүтээн байгуулалтыг эхлүүлж чадсанд нь баяр хүргэх нь зүйтэй. Төмөр зам барина гэдэг хэдэн давхар барилга өрөхтэй адилгүй нь мэдээж. Гэхдээ ар араасаа өрнөх бүтээн байгуулалтууд, стратегийн ордуудыг ашиглах төслийг ашигтай бөгөөд амжилттай хэрэгжүүлэхийн тулд төмөр зам барих ажлыг хойш тавилгүй эхлүүлэх нь зөв гарц гэдгийг ч тэрбээр өгүүлж байсан.

Өнөөдөр БНХАУ автомашинаар жилдээ таван сая тонн нүүрс авч байгаа. Ийм тооны нүүрс зөөхийн тулд 100 тоннын даацтай машин 50000 рейс хийсэн гэсэн үг. Тэр хэрээрээ байгаль орчин хангалттай сүйтгэгдэж байна. Нөгөө талаар урд хөршийн эрчим хүчний хэрэглээ, үйлдвэрлэлийн хэрэгцээ ихсэх тусам Монголоос, ойроос нүүрс авах давагдашгүй сонирхлоо хамгаалахыг хичээх болно. Ийм нөхцөлд бид нэг өдрийн өмнө боловч амжиж төмөр замын бүтээн байгуулалтаа эхлүүлснээр олох ашиг өсөхийн хэрээр түүнийг дагаад байгаль орчноо ч хамгаалж чадна. ЗТБХБЯ-ны тооцоогоор төмөр замыг барьж эхэлбэл гурван жилд дуусгах бололцоотой гэж байсан. Ингэхдээ эхний ээлжинд 1100 орчим км төмөр зам барих бөгөөд Тавантолгой-Цагаан суварга-Зүүнбаянгийн чиглэлд 400, Сайншанд-Баруун-Урт чиглэлд 350, Баруун-Уртаас Хөөтийн чиглэлд 140, Хөөтөөс Чойбалсангийн хооронд 150 км төмөр зам тавигдана. Үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах үүднээс Монгол Улсад шинээр баригдах төмөр зам нь одоо ашиглаж байгаа төмөр замын шугамтай шууд холбогдох буюу огтолцох нөхцөлд түүний царигийн өргөн 1520 мм байхаар тооцжээ. Өөрөө хэлбэл, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийн цариг 1520 мм байхаар тогтоож, шилжүүлэн ачих байгууламжийг манай улсад байгуулах шаардлагатайн дээр цаашдаа уг зам нь Тавантолгой-Сайшандын төмөр замтай холбогдож, Монгол Улсын төмөр замын нэгдсэн сүлжээний хэсэг болох, улмаар бүс нутгуудын хоорондын дотоодын тээвэрлэлт хийхэд ачааг сэлгэн ачих, зорчигчийг шилжүүлэн суулгах зэрэг хүндрэл бэрхшээл гарахгүй байх давуу талтай юм байна. Үүний дагуу ч Хөгжлийн замын бүтээн байгуулалт “Шинэ төмөр зам” төслийг эхний ээлжинд санхүүжүүлэхэд шаардагдах 399 тэрбум төгрөгийг ч Хөгжлийн банкны баталгаагаар шийдэж чадсан. Удаан дуншсан төмөр замын асуудал ийнхүү шийдэгдлээ гэсэн үг. Төмөр замыг хөдөлгөж чадснаар ордуудыг бүрэн ашиглаж, улмаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд нийлүүлэх хаалга нээгдэх юм. Ойрын 2-3 жилд говийн бүс нутаг болон бусад нүүрсний уурхайнуудаас нийтдээ 40-50 сая тонн нүүрс олборлон тээвэрлэхээр тооцоолсон гэхээр хэр хэмжээний баялаг бүтээх нь тодорхой. Тэгээд ч төмөр замын ачаа эргэлт өнөөдрийн төвшнөөс 3.5 дахин нэмэгдэж, 15 сая тоннд хүрэхээр улс орны хөгжил, эдийн засгийн өсөлт, хүмүүсийн амьжиргаанд таатай нөлөө үзүүлэх нь лав. Басхүү энэ төмөр зам Хятад, ОХУ, Япон, Солонгос, Европын орнуудад гэхчилэн манай улсын хувьд дэлхийн зах зээлд хүрэх гарц болно.

Учир нь, Монгол Улсын зам тээврийн сүлжээний гол давуу тал нь Европ, Азийн орнуудыг хамгийн дөт хуурай замаар холбох боломжтой байршилд байгаа учраас “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д ялангуяа, транзит урсгал бүрдүүлэх замууд тухайлбал, Тавантолгой-Сайншанд-Чойбалсан чиглэлийн суурь бүтцийг тэргүүн ээлжинд барихад ихээхэн ач холбогдол өгч байгаа аж. Бас нэгэн баримт дурдахад жилдээ 100 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрс шингээх зах зээл дэргэд байгаа нөхцөлд бид нүүрсний экспортоос асар их ашиг олж болно. Иймээс төмөр замаа барьж босгоод, түүнийг дагааад нүүрсний экспортоос олсон мөнгөөрөө боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулбал ойрын хэдхэн жилд дэлхийн коксын зах зээлд өрсөлдөгч болох юм. Ер нь их бүтээн байгуулалтыг өрнүүлснээр Монгол Улс маань хөгжилд хүрч, хөл дээрээ баттай зогсч чадах билээ.

Б.Цэцэгдэлгэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж