Г.Мөнхбаяр: Хот бол хүн, судас нь замын хөдөлгөөн

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

Г.Мөнхбаяр: Хот бол хүн, судас нь замын хөдөлгөөн

Хотын дарга Г.Мөнхбаярын санаачилгаар “Хот ба сэтгүүлч уулзалт” жил бүр болдог. Энэ жилийнх саяхан болсон бөгөөд тэрхүү уулзалт дээр Г.Мөнх­баяр “Хот бол хүн. Хотын хөгжил нь хотын иргэнээ бэлт­гэнэ” гэх зэргээр ярьсан. Со­нин, содон санаа түүний ярианд байсан ч, “хот бол хүн” гэж нэг л оновчгүй тодорхойлолт шиг санагдсан. Түү­нийгээ хэлтэл, “за би, ажлын нэг далимаараа та нарт хот бол хүн гэдгийг бодит амьдрал дээр танилцуулна аа” гэсэн юм. Тэрхүү  танилцуулгаа хийхээр өчигдөр сэтгүүлчдийг дууджээ.

Тэрээр амралтын  өдрүү­дээр хотын бүтээн байгуу­лалтын ажлуудтай газар дээр нь танилцаж байгаа бөгөөд өчигдөр зам, завсварын ээлж таарсан юм.

Хүчит шонхор захаас ба­руун зүгт гэр хорооллын гу­дамж дундуур зам тавьж байв. Хотын дарга Г.Мөнхбаяр дарга тэр зүгт заан, энэ бол Дэнжийн мянгыг Баянхошууны урд хэсэг, Телевизийн хойд хэсэг­тэй холбож байгаа зам. Өчиг­дөр, хагас сайнд би ажилтай нь танилцсан, сайн явна лээ. Одоо бид хойшоо Гахайн ферм хүр­тэл тавьж буй замын ажилтай танилцана. Тэр замыг хоёр тийш салгаж нэгийг нь Баян­хошууны хойд хэсэгтэй, нөгөөг нь Хайлаасттай холбоно. Ингэснээр баруун талаас Хай­лааст, Чингэлтэй, Дамба, зус­лан явж байгаа иргэд заавал хотын төв, Тасганы овоо, 32-ын тойргоор дайрах албагүй. Шууд хойгуураа яваад ир­чихнэ. Бас Шадивлангийн гүүрээс зүүн талаараа яваад Дамбадаржаатай холбогдсон замыг ашиглалтад оруулсан. Энэ жил орон сууцны хороо­лолд 15 хэсэгт зам засвар хийнэ, 13-ынх нь ажил эхэлсэн гээд баахан зам ярив.

Тэгж тэгж байж нөгөө ам­лалтаа тайлбарлаж эхлэв. Засаг дарга Г.Мөнхбаярын тодорхойлсноор хот бол хүн. Харин тэр “хүн”-ий судас нь замын хөдөлгөөн гэнэ. Тийм учраас ч зам засварын ажил­тай танилцахдаа сэтгүүлчдийг дуудаж, бас баахан зам ярьсан бололтой юм.

Хүн эрүүл байхын тулд судсаар нь цус ямар нэгэн саадгүй чөлөөтэй урсч байх ёстой. Цусны эргэлт муудвал хүний бие өвчилнө. Судас хаа нэг газраа бөглөрвөл амь на­санд нь эрсэдэлтэй. Үүн шиг зам нь хотын хөгжлөө тодор­хойлно, хот сайн замтай, за­мын хөдөлгөөн нь түгжрэл, саадгүй байх ёстой. Харин зам түгжирвэл хотын хөгжил саар­на. Би хотын даргын хувьд инженер мэргэжлийнхээ да­вууг ашиглан замын асуудалд энэ утгаар нь ханддаг, 235 тэрбумын төсвийнхөө хөрөнгө оруулалтад ногдох өчүүхэн хэсгийг чадан ядан хүргэдэг гэж Г.Мөнхбаяр хэллээ. Гэх­дээ аливаа ажилд тооцоо су­дал­гаатай, оновчтой шийдлээр хандвал төсөв багадаггүй, сэтгэл цуцдаггүйг  өнгөрсөн жилүүдийн замын ажлын бо­дитой бүтээн байгуулалтаар хотын иргэд мэдэх байхаа. Өнөө жил улам мэдрүүлнэ гэж тэрээр ярилаа.

Энэ жилийн хувьд урьд өмнөхөөс нэлээд онцлогтой, басхүү хамаагүй томд тоо­цогдох бүтээн байгуулалтууд хотын замд өрнөх юм байна. Үүнд:

Богд уулын зам:

Богд уулын араар явж Баян­зүрхийн тээврийн товчоотой холбогдох 17 км зам. Үүнийг энэ зундаа ашиглалтад оруу­лахаар тендерээ зарлаж гүй­цэтгэгчээ сонгон ажлаа эх­лүүлэхэд бэлэн болжээ.     

Нисэхийн зургаан урс­галтай зам:

Яармагийн гүүрийг Ни­сэхийг товчоотой холбосон зам. Энэ нь гурав гурван эгнээ бүхий зам юм. Тендерээ дүг­нэж, гүйцэтгэгчээ сонгожээ. Хотын даргын хэлж буйгаар энэ долоо хоногт замын эхлүүлэх юм байна.

Дээрх хоёр замыг ашиг­лалтад оруулснаар нисэхээс Богдуулын ар, 120 мянгатын чиглэл, гурвалжингийн гүүр, Сонсголон, ТЭЦ-IY гэсэн  4-5 чиглэлээр хотруу орох бо­ломжтой болно. Мөн Энгель­сийн гүүр, Богдуулын арын зам, Нисэхийн зам, энэхүү сурвалжлагын эхэнд өгүүлсэн Баянхошуу-Дэнжийн мянга-Хайлаастыг шууд холбосон замуудыг ашиглалтад оруулс­наар хотын замын ачаалал энэ зундаа 40 хүртэл хувиар ба­гасна гэж мэргэжилтнүүд тоо­цоолсон байна.

Үүнээс гадна энэ жилдээ багтаж гол гудамж замын дөр­вөн уулзвар дээр олон түвш­ний огтлолцлууд, мөн дөрвөн газарт төмөр зам дээгүүр гүүрэн гарцууд барих ажлыг тус тус эхлүүлэх юм байна. Үүнд:

  1. Баруун дөрвөн замын уулзвар дээрх олон төвш­ний огтлолцол
  2. Зүүн дөрвөн замын уулвар дээрх олон төвшний огтлолцол
  3. Саппорогийн аюулгүйн тойрог дээрх олон төвшний огтлолцол
  4. Баянбүрдийн аюулгүйн тойрог дээрх олон төвшний огтлолцол


Төмөр зам дээгүүрх гүү­рэн гарцууд

  1. Толгойт Сонсголон­гийн замын уулварт барих гүүрэн гарц
  2. Нарны зам ба Ажилч­ны гудамжуудыг холбосон,  төмөр зам дээгүүр гүүрэн гарц
  3. Олимпийн гудамжнаас Нарны зам ба төмөр зам дээгүүрх Их Монгол улсын гудамж руу холбох гүүрэн гарц
  4. “Нарантуул” олон ул­сын худалдааны төвөөс ба­руун уулзвар болон төмөр зам дээгүүрх гүүрэн гарц

Жишээ нь, зүүн дөрвөн замын огтлолцол нь гүүрэн гарц, явган хүнд зориулсан нүхэн гарц, замуудын уулзвар гэсэн гурван хэсгээс бүрдэнэ. Гүүрэн гарц нь Энхтайваны өргөн чөлөөний дагууд байр­лаж эхлэл төгсгөл нь Сансраас Нарантуул явдаг хэсэгтэй шууд холбогдох бөгөөд зургаан эгнээтэй, хоёр урсгалтай нийт 600 м урттай байх юм байна. Харин төмөр замын вокзал өнгөрч X хорооллын замтай холбогддог Нарны замыг “Жаст”-ын шатахуун түгээх станцын орчмоос суудлын вагон депогийн орчмоор ажилч­ны гудамжуудтай гүүрэн гарцаар холбоно. Мөн “Japan Town” хорооллын орчимд тавь­сан шинэ замыг Зүүн дөрвөн замын харалдаа төмөр зам давуулан гүүрэн гарцаар На­ран­туулын замтай холбоно. Ингэснээр “Хурд”, “Баянмон­гол” хороолол, Төв цэнгэлдэх орчмоос хотын төв рүү орж очдог хөдөлгөөн Замын цаг­даагийн газрын урд талын төмөр замын гарам дээр түг­жирдэг байдлыг бүрэн арил­гана. Богд уулын арын замыг “Скайрезорт” цанын баазын харалдаа шууд Баянзүрхийн товчоотой гүүрэн гарцаар хол­боно. Ингэснээр нисэхээс яваа хүмүүс хотын төвөөр дай­ралгүйгээр шууд богдуулын араар явсаар Баянзүрхийн товчоо, Гачуурт, Налайх руу шууд хүрэх боломжтой юм.

Тиймээ, хотын дарга оновч­той бөгөөд онож тодор­хойлжээ. Хүний судас бөглөрөлгүй бол цусны эргэлт сайж­рахтай адил хотын зам түгж­рэлгүй байвал хотын иргэд бухимдалгүй тайван амьдарч чадна. Сайн замтай байвал зам дагаж хөгжил гэдэг учраас хот ч өөрөө хөгжинө.

Нэг үеэ бодвол хотын зам гайгүй болсон, сайжирч л байна гэж иргэд ярьдаг нь энэ талаар хотынхон ажил хийснийг илгэ­дэг. Тэгвэл энэ зундаа сайн замаас гадна, түгжрэл багасч, дэлхийн том хотуудын жиш­гээр давхар зам, гүүрэн гарцуудын бүтээн байгуулалт эхлэх нь ээ. Энэ нь Улаан­баатар хот хөгжлөөрөө бас л дэлхийн хэмжээний болж да­яар­шиж буйн илрэл.

Харин сонгууль л садаа болохгүй бол эмх замбараагүй Улаанбаатар маань авто за­мын­хаа хувьд инженерийн шийдэлтэй орчин үеийн болох шийдэл нь гарч, зарим ажил нь эхэлжээ. Инженер удирд­лага­тай, мэргэжлийн байгууллагуу­дын сэдсэн ажил сэтгэлчлэн бүтэхийг ерөөе.

Нэгэнт эхэлсэн ажилд сон­гууль ч садаа болохгүй. Нод­нин орон нутгийн зам засва­рын ажилд бизнесмэнүүд үнийн өсөлтөөс шалтгаалан түүхий эд дутагдаж захиалагч, гүйцэтгэгч хоёрын дунд үл ойлголцол гарч ажил зогсч байсан удаатай. Хотын замд ийм явдал гараагүй ч, энэ жилийн хувьд бид асфальтны үйлдвэрүүдийг гол түүхий эдээр нь хангаж, ажил саа­тахгүй байх хатуу тохироо хийсэн. Тийм учраас байгаль цаг уураас өөрөөр замын ажилд нөлөөлөх саад байхгүй. Хорооллын доторхи зам зас­варуудыг долдугаар сарын 1-нд, бусад томоохон замын ажлыг аравдугаар сараас өм­нө амжиж дуусгана гэж Г.Мөнх­баяр дарга хэлэв.

Тиймээ, Их хотын зам там гэдэг бараан нэрнээсээ салж  “алтаншар” хэмээн ерөөх ирээдүй ойрхон байна.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж