Time сэтгүүлийн хавтас дуулиан тарилаа

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

Time сэтгүүлийн хавтас дуулиан тарилаа

    Сэтгүүлийн нүүр

Америкийн Time сэтгүүл шинэ дугаарынхаа нүүрэнд гурван настай хүүгээ хөхөөрөө хооллож байгаа залуухан ээжийн зураг нийтэлжээ. Энэ нь интернетэд шүүмжлэлийн томоохон бай болоод байгаа талаар The Guardian мэдээлж байна.

Time-ийн шинэ дугаарыг “жам ёсны эцэг эхийн ёсон” гэгдэх (attachment parenting) хүүхдээ хөхөөрөө удаан хооллох, биеэндээ аль болох ойрхон тэвэрч явах, эцэг эхтэй нь нэг оронд унтуулах гэх зэрэг зарчимтай нэгэн хүмүүжлийн аргын тухай сэдэвт зориулсан байна. Дугаарт зориулан хүмүүжлийн ийм аргыг баримталдаг дөрвөн ээж, хүүхдийн зургийг авчээ. “Чи хир сайн ээж вэ?” гэсэн тодотголтой нүүрний хэсэгт 26 настай Жейми Груметийн удахгүй 4 хүрэх Арам хүүтэйгээ авахуулсан зураг тавигдсан байна.

New York Daily News-ийн тоймч Билл Хэммонд “гурван настай хүүгээ хөхөөр хооллох нэг хэрэг. Энэ зургаа Time-ийн нүүрэнд нийтлэх өөр хэрэг” гэж бичжээ. “Time-ийн энэ хавтсыг хараад хэн нэгний эрүү над мэт унжсан болов уу?” хэмээн The Atlantic Wire-ын тоймч Адам Кларк Эстес сэтгэгдлээ илэрхийлэх жишээтэй. 2011 онд эх болсон Алисса Милано Time-ийн нүүрийг “хөхүүлэгч эхийг мөлжсөн нугалаа” гэж дүгнээд сэтгүүл хэм хэмжээг хэтрүүлсэн гэж мэдэгдлээ. Интернетэд мөн Time-ийг хавтсандаа эмэгтэй хүний нүцгэн  цээж гаргасныг шүүмжилсэн олон сэтгэгдэл гарчээ.

Time-ийн удирдах захирал Рик Штенгель өдөөн хатгасан энэ хавтас анхаарал татах зориулалттай гэж мэдэгдсэнийг Yahoo! News иш татаж байна. “Бид эх үрийн холбоог бэлгэдэх дүрийг ашигласан” гэж Штенгель онцолжээ.

Time сэтгүүл нүүрэндээ хөхүүлж байгаа эхийн зураг өмнө нь ч нийтэлж байсан юм. 1999 онд тэд Косовогийн дайнд зориулсан дугаартаа хүүхдээ хөхүүлж байгаа дүрвэгчийн зургийг нийтэлж байжээ. Дараа нь уг сэтгүүл хөхний хорт хавдарт зориулсан дугааруудынхаа нүүрэнд хэд хэдэн удаа нүцгэн эмэгтэйчүүдийн зургийг тавьж байсан билээ.

Эх сурвалж: The Guardian

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж