Хөрөнгө оруулагчид 51, өөрсдөө 49 хувийг эзэмшинэ

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулагчид 51, өөрсдөө 49 хувийг эзэмшинэ

Засгийн газар стратегийн орд газрууд дахь гадаадын хөрөнгө оруулалтын  хэмжээг тогтоох хуулийн төслийг их хуралд өргөн барьсан. УИХ-ын дэд дарга Н.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт уг хуулийн төслийн хамгийн их маргаан дагуулж буй Монголын Засгийн газрын 51 хувийг эзэмших тухай заалтыг хүчингүй болгосон тухайгаа Монголын Бизнесийн консулын газарт мэдэгдсэн байна.

Харин Монголын Бизнесийн консулын тэргүүн Жим Двайер өнгөрсөн лхагва гаригт  “Улаанбаатарт шуурга дэгдэхийн өмнөх шиг тайван байдал ноёрхож байна. Гэвч Монголын Засгийн газар стратегийн ордуудад 51 хувийг эзэмших тухай заалтыг авч хаясан тухай баярт мэдээг ажлын хэсгийнхэн дуулгалаа” хэмээн CNBC сайтад мэдээлсэн байх юм.

Өнгөрсөн баасан гаригт их хуралд өргөн барьсан гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хоёр долоо хоногийн дотор хэлэлцэж батална хэмээн Жим Двайер ярьсан байна.

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэж эхэлсэнтэй зэрэгцэн уул уурхайн салбар дахь гадаадын компаниудын бизнесийг чангална гэдэг яриа гарсан тул хөрөнгө оруулагчид Засгийн газраас хуулийн төслийн талаар тайлбар хүсч, хөрөнгө оруулалтын гэрээний тодорхойгүй байдал, эрхзүйн нөхцлийн талаар лавлажээ.

CNBC сайтад бичсэнээр уул уурхайн салбарын удирдлагууд дээрх хуулийн төслийг ирэх зургадугаар сард болох парламентын сонгуулиас өмнө батлах хэрэгтэйг эрх баригчдад анхааруулж байгаа гэнэ.

Хятадын хөнгөн цагаан үйлдвэрлэгч “Чалко” компани Өмнөговийн “Овооттолгой” нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж буй “Саут гоби сэндс” компанийн 57.6 хувийн эзэмшлийг худалдан авах гэрээ байгуулсан нь Монголчуудын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан тул Монголын Засгийн газар “Саут гоби сэндс”-ийн зарим лицензийг цуцалсан билээ.

Стратегийн  ордууд дахь гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл хөрөнгө оруулагчдад ашигтайгаар эргэх төлөвтэй байгаа авч парламентын сонгуулийн дараа улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөх вий гэхээс хөрөнгө оруулагчид эмээж байгаа аж.

Монголын эрх баригчид үндэсний аюулгүй байдалд эрсдэл дагуулж мэдэх Хятадын хөрөнгө оруулалтын хэмжээнд хамгийн их анхаарч байгааг ажиглагчид бичиж байна. Гэвч Евразиа группийн шинжээч Дэмиен Ма “Монгол Улсын эдийн засгийн хөгжилд Хятадын том хөрөнгө оруулалт маш чухал үүрэг гүйцэтгэх тул тэд урд хөршөөсөө нүүр буруулахгүй” хэмээн бичжээ.

Монголын стратегийн орд газруудад Хятадын хөрөнгө оруулалт нэмэгдвэл эрдэс баялгийн асар их нөөцийг ашиглах, зарцуулах тухай шийдвэрийг Улаанбаатар биш Бээжин  гаргадаг болно гэж ажиглагчид бичиж байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж