Түймэр тавьсан сэжигтнийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

Түймэр тавьсан сэжигтнийг баривчилжээ

Дорнод аймгийн Баяндун суманд энэ сарын 06-нд ой хээрийн түймэр гарсанаас гурван аврагчийн амь эрсдэж, хоёр аврагчийн бие түлэгдэн одоогоор Түлэнхийн төвд эмчлүүлж буй харамсалтай хэрэг гарсан. Түймэр унтраахаар ажиллаж байсан Онцгой байдлын хэлтсийн  дэслэгч Ч.Намжилдаш, ахлагч Ж.Одбаяр, ахлагч С.Бат-Эрдэнэ нар амиа алдсан. Талийгаачдыг өнөөдөр Чойбалсан хотноо нутаглуулах юм байна.

Дорнод аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга, дэд хурандаа Ч.Лхагвадоржоор ахлуулсан ажлын хэсэг ой хээрийн түймэр тавьсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ.

Мөрдөн байцаалтын явцад тус сумын Түргэн багийн нутагт энэ сарын 3-нд “Багийн найзууд” ХХК-ны уурхайн хариуцлагатай ажилтан Б гэгч нь автомашинтай явж байгаад түр зогсохдоо тамхиныхаа цогийг унтраалгүй хаяснаас болж түймэр гарсан болохыг гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтаар тогтоогоод байгаа аж. Албан бус эх сурвалжаар сэжигтэн Б гурван хүний амь нас  хохирсон тухай сонсоод ами хорлохыг завдах үед цагдаагийн ажилтанууд амжиж зогсоож чаджээ. Түймрийн улмаас Баян-уул, Баяндун, Дашбалбар сумын нутаг дэвсгэр, зүүн хойш 50 км гаруй газрын ой хээрийн бүс шатаж, ОХУ-ын хил дамнан их хэмжээний хохирол учирчээ. Түймрийг унтраасан бөгөөд хохирлын хэмжээг тогтоохоор хууль хяналтын байгууллага ажиллаж байна.

                                    Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж