Лонхон дундах хонхны баяр

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

Лонхон дундах хонхны баяр

Үнэхээр ч дээд боловсрол эзэмшихийн тулд дөрвөн жил суралцсаны эцэст сая нэг диплом, энгэрийн тэмдгээ гардан авсан оюутнууд “Мөнгөн хонхны баяр”-аа
тэмдэглэх гэж бүтэн жилийн турш догдолдог гэхэд хилсдэхгүй. Охид гоё дээл хийлгэж, хөвгүүд нь шинэхэн хослолоо үе үе өмсөж үзэн, хонхны баяр болох өдрийг хуруу даран хүлээдэг. Гэхдээ энэ баярыг өргөн дэлгэр тэмдэглэх гэж хэчнээн эцэг, эхийн сэтгэл хэдэн сарын турш шаналж, зарим нь нойргүй хонох нь ч бий. Хүүхдээ бусдаас дутаахгүй байлгахын тулд хэдэн төгрөг олох гэж ийнхүү шаналдаг аж.

Уг нь 2010 оны хавар БСШУЯ-наас бүх их, дээд сургуулийн төгсөгчдийн хонхны баярыг албан ёсоор эрдмийн баяр болгох тухай журам гарсан. Энэ нь хонхны баяраа өргөн дэлгэр, хавтгайран тэмдэглэх бус эрдмийн баяр болгон хүндэтгэл, ёслолын маягаар, өөрөөр хэлбэл даруухан тэмдэглэх тухай журам.

Гэтэл сүүлийн жил­үүдэд хонхны баяр нь архидан согтуурах томоохон шалтгаан бол­сон нь харамсалтай. Хонхны баярын өглөөнөөс эхлэн оргилуун дарс, архины бөглөө мултлах дуу энд тэндгүй гарч, 50 төгрөгийн цаасан аяга сурамгай гэгч тараах нь охид, залуус дипломоо угааж эхэлснийг илтэгэнэ.

Сургуулийн захирал үг хэлэх, багш нар нь сургаалаа хайрлах, эцэг эх нь баярын мэнд хүргэхээр ирэх зэргийг баяр тэмдэглэгсэд даанч үл тоох аж. Энэ л өдөр хонхны баяр тэмдэглэж буй оюутнуудаас өөр гоё ганган, өнгө төгөлдөр хүмүүс байхгүй. Гэсэн хэдий ч баяр эхлээд удаагүй байхад л оргилуун дарсанд хөлчүүрхсэн оюутнууд дээл, хувцасныхаа хормойг гишгэлж, залуусын энгэр дэх гоёмсог зангиа суларч эхэлдэг нь нүдэнд хэдийнэ дасал болжээ.

Сургууль дээр эхэлсэн хонхны баяр Сүхбаатарын талбайд хүрээгээ тэлэх бөгөөд энд бусад сургуулийн хөл­чүү оюутнуудтай нийл­дэг. Ин­гээд л өргөн хэм­жээний хонхны “архи­далт” эхэлнэ. Энд цаг орчим болох бөгөөд эцэст нь сүр бараат хонхны баярын хамгийн том ул мөр болох архи, дарсны шил, цаасан аяга, чихрийн хайрцаг, гологдсон цэцгийн баглаа, бүр энгэрийн хонх нь хүртэл хог болон үлдэнэ. Оюутнуудын зарим нь энд хэтэртлээ согтож авдаг бололтой, хага шидсэн лонхнууд ч энд тэндгүй хэвтэж харагддаг.

Сүхбаатар дүүргийн ТҮК-ийн ажилчин Ц.Бям­басүрэн “Ер нь жил бүрийн хонхны баярын дараа бид шөнө хүртэл цэвэрлэгээ хийдэг. Оюутнуудын сэтгэл хөөрдөг л байх. Гэхдээ арай ч ийм байж болохгүй” гэж байлаа.

Бид нийслэлийн төв талбай дээр баяраа тэм­дэглэж буй оюутнуудтай тааралдсан юм. Цаг агаарын байдал тогтворгүй, цас бороо холилдон орсон өдөр байсан ч анзаарах сөхөөтэй хүн алга. Улсын нүүр царай болсон их, дээд сургуулийг төгсөж буй дээд боловсролтой, сэхээтэн залуусын дүр төрх тэднээс харагдсангүй. Оронд нь бүдүүлэг харанхуй, ёс суртахуунгүй, боловсролын үнэр ч үгүй нөхөд л гоё хувцас өмсөн архидаж байх мэт. Хамгийн эмгэнэлтэй нь ар гэрийнхэн нь үүнд нэгэнт дасал болж, баяраа тэмдэглэж буй хүүхдэдээ цэцэг бэлэглэхийн оронд гоё гэгчийн хайрцганд хийсэн “Алтан Чингис”, “Болор”, “Советское” аваачиж өгөх бөгөөд үр хүүхэдтэйгээ хундага тулгадаг нь ёс болж.

Уг нь дээд боловсрол эзэмшихийн тулд их сургуульд дөрвөн жил номын дуу төдийгүй, эрдэмтэн багш нараас сургаал сонссон хүмүүс арай өөр баймаар. Нийслэл хотын өнгө төрхийг сайхан байлгаж, хог хаягдаас салгах талаар нэг хэсэг нь анхаарлаа хандуулан ажиллаж байгаа. Тэгтэл эх орны ирээдүй болсон залуус нь ийм соёлгүй зан гаргаж байна. Баяраа тэмдэглэж байгаа зарим залуусаас яа­гаад хог хаягдлаа ил задгай хаяад байгаа талаар асуухад “Баяраа тэмдэглэж яваа болохоор хогоо буцаагаад авч явах хэцүү шүү дээ. Тэглээ ч хогийн сав алга байна. Энд хаяхаас өөр арга байхгүй байна даа. Тэгээд ч ганц удаа зүгээр өнгөрөөж болохгүй байна уу. Эцсийн эцэст энэ баярыг ганц удаа л тэмдэглэх болохоор биднийг тайван байлга” гэлээ. Яах аргагүй уусан архиндаа ухаанаа алдтал согтсон хүний үг. Эх орны ирээдүйг авч явах залуус их, дээд сургуулиас ийм л сэтгэл зүрхтэй, боловсон хүчин болж нийгэмд гарч байна.

Энэ мэтээр хонхны баяр үргэлжилнэ. Дахиад л хогон дундаа. Үүнээс гадна их, дээд сургуулийн хонхны баярын хажуугаар дунд сургуулийнхан төгссөнөө тэмдэглэж байгаа. Сураг­чийн дүрэмт хувцас, хоёр салаа гэзэг гээд хүүхэд насыг нь илтгэх гоёлоор гангарсан сурагчид өдгөө үзэгдэхээ байжээ. Тэднийг оюутнуудаас ялгахын арга­гүй. Өндөр өсгийт, үнэтэй даашинзаар гангарч, үсээ гоёлын хэлбэрээр засуулсан сурагчид ч архидалтаас хол байдаггүй болж. Арай л Сүх жанжны талбайд хундага тулгахгүй ч хөл дээрээ тогтож чадахгүй болтлоо гуйвалж, үг хэл нь ээдэрсэн хүүхдүүд нөгөө согтуу болжморын үлгэр шиг санагдсан. Согтуу хүүхдүүд төв талбай дээр зургаа татуулаад дараа нь ресторанд орно, тэгээд амралтын газар очих тухайгаа ярихыг хажуугаар нь өнгөрч яваад сонссон юм.

Хүний баяр хөөрийг хэмжих хэмжүүр гэж байхгүй ч, үүнийг зохиц­уулах­гүй бол горьгүй нь. Үгүй тэгээд Хонхны баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай хууль батлалтай нь биш дээ.

О.Номин-Эрдэнэ

Эх сурвалж: “Өглөөний сонин”
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж