Газрын асуудлыг шийдвэл орон сууцны үнэ буурна

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

Газрын асуудлыг шийдвэл орон сууцны үнэ буурна

“Шинэ бүтээн бай­гуу­­­лалт”, “100 мянган ай­лын орон сууц” хөтөлбөр хэрэгжих талаар сүүлийн гурван жил яригдаж, хү­лээлгэсэн боловч барилгын салбарт ямар ч ахиц өөрчлөлт гарсангүй. Засгийн газраас хэрэгжүүлж буй дээрх хө­төлбөрүүдтэй зэрэгцэн олон асуудал гарч байгаа. Ту­хайлбал, орон сууцны үнэ сүүлийн хоёр жилд огцом өсч, иргэдийн худалдан авах чадвар хүрэхгүйд тул­лаа. Энэ өсөлтийг зохиомол хөөрөгдөл гэж эдийн засаг­чид үздэг. Харин барилгын салбарынхан эрс үгүйсгэдэг.

Барилгын салбарт орон сууцны зах зээлд үйл ажил­лагаа явуулж байгаа гүй­цэтгэгч, хөрөнгө оруулагч 30 гаруй компанийн удирдах ажилтнуудын уулзалт өн­гөрсөн бямба гарагт боллоо. Уулзалтын зорилго нь Монгол Улсын барилгын сал­барт үүсээд буй нөхцөл байдал нь энэ салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд хэр­хэн нөлөөлж байгааг су­далж, болзошгүй эрсдэлээс хамгаалах явдал ажээ.

Өнөөгийн байдлаар ба­рилгын үнэ ханш хөө­рөгдлийн байдалтай байгааг Шударга өрсөлдөөн, хэрэг­лэгчийн төлөө газар, Мон­голын барилгачдын хол­бооныхон нотолсон. Энэ үүднээс Засгийн газар “100 мянган айлын орон сууц”-ны нэг метр кв-ыг нь 1,1 сая төгрөг байхаар тогтоод буй. Гэхдээ барилгын компаниуд үүнийг “сонгуулийн шоу” хэмээн тайлбарлаж ня­цаа­сан. Иймэрхүү маягаар хэн хэнийгээ няцаасаар багагүй хугацаа өнгөрсөн ч чухам хэнийх нь зөв гэдгийг иргэд ялгаж чадсангүй. Гэвч орон сууцтай болохыг хүссэн хэнбугай ч Засгийн газрын үгэнд үнэмшихээс өөр аргагүй.

Харин барилгын ком­па­ниудын зүгээс “Барилгын үнэд хамгийн их нөлөөлж буй зүйл нь газар. Газрын зөвшөөрөл хөөцөлдөхөд ба­гагүй мөнгө зарцуулдаг, эдгээр зардлуудыг тусгаагүй, өдөр ирэх тутам барилгын материалын үнэ нэмэгдэж байгаа учраас Засгийн газ­раас санал болгож буй үнэтэй санал нийлэхгүй. Хэрвээ газ­рын асуудлыг шийдээд өгчихвөл бид байрны нэг метр кв-ын үнийг нэг сая төгрөгөөс доогуур үнэлж болно” гэв.

Дээрх уулзалтын үеэр “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт тулгамдаж буй асуудлын нэг нь шинээр баригдах цахилгаан, ду­лаа­ны тав дахь эх үүсвэрийг ашиглалтад ортол хүлээх болж байна. Мөн “100 мян­ган айлын орон сууц” хө­төлбөрт хамрагдсан ком­паниудтай гэрээ хийсэн иргэд зээлээ авч чадахгүй удаж байгаагаас хугацаа алдах, барилгын компани, иргэн хоёрын хооронд үл ойлголцох байдал үүсч байгааг онцлон дурдаж байсан.

Үүнээс гадна Зас­гийн газ­­раас санал болго­сон нөх­цөл байдалд тохи­руу­лаад тус хөтөлбөрт хамраг­дах хү­сэлтэй жижиг ком­па­ниудад боломж тун бага бай­гааг зарим компанийн тө­лөөллүүд хэлж байлаа. Ин­­гээд энэ удаагийн ба­рил­­гын компаниудын удирд­­­лагуудын уулзалт өндөрлөлөө.

Орон сууцны эргэн тойронд

Барилгын материалын ханш­ны нэмэгдэл орон сууц­ны үнэ өсөх шалгаан биш. Одоогоос арваад өдрийн өмнө болсон барилгынхны зөвлөгөөний үеэр энэ оны гуравдугаар сарын байдлаар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд баригдаж ашиглалтад орсон болон захиалга авч байгаа орон сууцны барилгын нэг метр.кв талбайн худалдан борлуулах дундаж үнэ нэг сая 570 мянган төгрөг болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 292,5 мянган төгрөгөөр өссөн үзүүлэлт гэдгийг хэлсэн. Гэвч “Орон сууцны зах зээл” уулзалтын үеэр үнэ өсөх болсон шалтгаан нь барилгын материалын ханш нэмэгдсэнтэй холбоотой гэв. Харин ОССК-ийн зүгээс ба­рилгын материал үнэтэй бай­лаа гээд орон сууцны бодит үнийг огцом өсгөх шалтгаан биш гэнэ. Ингээд Гаалийн Ерөнхий газар болон МХЕГ, ШӨХТГ-ын судалгааг танилцуулсан юм. Барилгын гол материал болох цементийн тухайд 2011 онд 1,2 сая мянган тонн це­мент зах зээлд нийлүүлсэн байна. Үүний 790 мянган тонныг нь БНХАУ-аас оруулж иржээ.

Харин дотоодын үйлд­вэрүүдийн цементийн дун­даж үнийг сүүлийн гурван жилээр авч үзвэл, 2011 онд нэг тонн цемент 138,2 мянган төгрөг байгаа нь 2010 оноос 3.4 хувиар өссөн үзүүлэлт аж. Арматурын тухайд, 2011 онд улсын хэм­жээнд 2.6 сая тонн арматур буюу ган туйван зах зээлд нийлүүлэгдсэний 1,9 сая тонныг нь Орос, Хятад хоёроос авсан байна. Дээрээс нь дотоодын үйлдвэрүүд нийт зах зээ­лийн 27,16 хувийг гангаар хангадаг учраас үнэ нь харь­цангуй тогтвортой байгааг шалгалтынхан онцолжээ. Тэгэхээр барилгын гол нэр төрлийн материал ган туй­ван, цементийн ний­лүүлэлт сүүлийн гурван жилийн судалгаагаар тасралтгүй өс­сөн, үнийн хувьд харь­цангуй тогтвортой байгаа нь орон сууцны үнийн өсөлтийн шалтгаан болохгүй.

Барилгын материал, ажил­лах хүчний хөлс, бу­сад зардал зэргийг нарийн тооц­соны үндсэн дээр орон сууцны нэг метр.кв талбайн дундаж өртөг 830.3 мянган төгрөг болж байгаа ажээ. Энэ өртөг дээр барилгын гүйцэтгэгч, захиалагч ком­паниудын ашгийг 20 орчим хувиар тооцож үзэх юм бол орон сууцны нэг кв.метрийн дундаж үнэ 996.3 мянган төгрөг байх боломжтой гэд­гийг эдийн засагчид, хол­богдох алба­нынхан үздэг ч хэтэрхий явцуурхсан судалгаа, дүг­нэлт гэдэг.

Энэ талаар Монголын барилгачдын холбооны дарга М.Батбаатар “Ерөнхийдөө барилгын материалын болон бусад бараа, үйлчилгээний үнэ тариф, инфляцийн өсөлт орон сууцны үнэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн ч эрэлт хэрэгцээг далимдуулан барилгын захиалагч, гүй­цэтгэгч аж ахуйн нэгжүүд үнийг хөөрөгдсөн гэж хэлэхээр байна.

Үндсэндээ өсөн нэмэгдэж байгаа эрэлтийг нийлүүлэлт нь гүйцэхгүй байгаа явдал бол хамгийн гол хүчин зүйл. Нийслэлд оршин суугчид, айл өрхийн тоо жил тутам нэмэгдэж, бусад аймаг, хо­тоос шилжин ирэгсдийн тоо гадагш шилжиж байгаагаас 2-3 дахин их байгаа нь орон сууцны эрэлтийг улам бүр өсгөдөг. Нөгөө талаар барилга угсралтын ажил буюу барилгын бизнес нь улирлын шинж чанартай үйл ажиллагаа явуулдаг. Хавар урин дулаан болж, барилгын ажил ид эхлэх үеэр орон сууцны эрэлт улам нэмэгддэг нь үнэ өсөхөд нөлөөлсөн байна.

Одоогийн байдлаар ийм тодорхой судалгаа гарчихаад байна. Харин хэрэгжилтийн тухайд Засгийн газрын шийдвэрийг барилгын ком­паниуд дагаж мөрдөх л болно. Барилгын компаниуд үнийн хязгаарлалтын хү­рээнд үнээ тогтоохгүй бол “100 мянган айлын орон сууц”-ны хөтөлбөрт хам­рагдахгүй гэсэн үг” гэлээ.

Д.БАЯРЖАРГАЛ

“ӨГЛӨӨНИЙ СОНИН”


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж