Барилгын салбарт орон сууцны зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа гүйцэтгэгч, хөрөнгө оруулагч 30 гаруй компанийн удирдах ажилтнуудын уулзалт өнгөрсөн бямба гарагт боллоо. Уулзалтын зорилго нь Монгол Улсын барилгын салбарт үүсээд буй нөхцөл байдал нь энэ салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд хэрхэн нөлөөлж байгааг судалж, болзошгүй эрсдэлээс хамгаалах явдал ажээ.
Өнөөгийн байдлаар барилгын үнэ ханш хөөрөгдлийн байдалтай байгааг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монголын барилгачдын холбооныхон нотолсон. Энэ үүднээс Засгийн газар “100 мянган айлын орон сууц”-ны нэг метр кв-ыг нь 1,1 сая төгрөг байхаар тогтоод буй. Гэхдээ барилгын компаниуд үүнийг “сонгуулийн шоу” хэмээн тайлбарлаж няцаасан. Иймэрхүү маягаар хэн хэнийгээ няцаасаар багагүй хугацаа өнгөрсөн ч чухам хэнийх нь зөв гэдгийг иргэд ялгаж чадсангүй. Гэвч орон сууцтай болохыг хүссэн хэнбугай ч Засгийн газрын үгэнд үнэмшихээс өөр аргагүй.
Харин барилгын компаниудын зүгээс “Барилгын үнэд хамгийн их нөлөөлж буй зүйл нь газар. Газрын зөвшөөрөл хөөцөлдөхөд багагүй мөнгө зарцуулдаг, эдгээр зардлуудыг тусгаагүй, өдөр ирэх тутам барилгын материалын үнэ нэмэгдэж байгаа учраас Засгийн газраас санал болгож буй үнэтэй санал нийлэхгүй. Хэрвээ газрын асуудлыг шийдээд өгчихвөл бид байрны нэг метр кв-ын үнийг нэг сая төгрөгөөс доогуур үнэлж болно” гэв.
Дээрх уулзалтын үеэр “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт тулгамдаж буй асуудлын нэг нь шинээр баригдах цахилгаан, дулааны тав дахь эх үүсвэрийг ашиглалтад ортол хүлээх болж байна. Мөн “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан компаниудтай гэрээ хийсэн иргэд зээлээ авч чадахгүй удаж байгаагаас хугацаа алдах, барилгын компани, иргэн хоёрын хооронд үл ойлголцох байдал үүсч байгааг онцлон дурдаж байсан.
Үүнээс гадна Засгийн газраас санал болгосон нөхцөл байдалд тохируулаад тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй жижиг компаниудад боломж тун бага байгааг зарим компанийн төлөөллүүд хэлж байлаа. Ингээд энэ удаагийн барилгын компаниудын удирдлагуудын уулзалт өндөрлөлөө.
Барилгын материалын ханшны нэмэгдэл орон сууцны үнэ өсөх шалгаан биш. Одоогоос арваад өдрийн өмнө болсон барилгынхны зөвлөгөөний үеэр энэ оны гуравдугаар сарын байдлаар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд баригдаж ашиглалтад орсон болон захиалга авч байгаа орон сууцны барилгын нэг метр.кв талбайн худалдан борлуулах дундаж үнэ нэг сая 570 мянган төгрөг болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 292,5 мянган төгрөгөөр өссөн үзүүлэлт гэдгийг хэлсэн. Гэвч “Орон сууцны зах зээл” уулзалтын үеэр үнэ өсөх болсон шалтгаан нь барилгын материалын ханш нэмэгдсэнтэй холбоотой гэв. Харин ОССК-ийн зүгээс барилгын материал үнэтэй байлаа гээд орон сууцны бодит үнийг огцом өсгөх шалтгаан биш гэнэ. Ингээд Гаалийн Ерөнхий газар болон МХЕГ, ШӨХТГ-ын судалгааг танилцуулсан юм. Барилгын гол материал болох цементийн тухайд 2011 онд 1,2 сая мянган тонн цемент зах зээлд нийлүүлсэн байна. Үүний 790 мянган тонныг нь БНХАУ-аас оруулж иржээ.
Харин дотоодын үйлдвэрүүдийн цементийн дундаж үнийг сүүлийн гурван жилээр авч үзвэл, 2011 онд нэг тонн цемент 138,2 мянган төгрөг байгаа нь 2010 оноос 3.4 хувиар өссөн үзүүлэлт аж. Арматурын тухайд, 2011 онд улсын хэмжээнд 2.6 сая тонн арматур буюу ган туйван зах зээлд нийлүүлэгдсэний 1,9 сая тонныг нь Орос, Хятад хоёроос авсан байна. Дээрээс нь дотоодын үйлдвэрүүд нийт зах зээлийн 27,16 хувийг гангаар хангадаг учраас үнэ нь харьцангуй тогтвортой байгааг шалгалтынхан онцолжээ. Тэгэхээр барилгын гол нэр төрлийн материал ган туйван, цементийн нийлүүлэлт сүүлийн гурван жилийн судалгаагаар тасралтгүй өссөн, үнийн хувьд харьцангуй тогтвортой байгаа нь орон сууцны үнийн өсөлтийн шалтгаан болохгүй.
Барилгын материал, ажиллах хүчний хөлс, бусад зардал зэргийг нарийн тооцсоны үндсэн дээр орон сууцны нэг метр.кв талбайн дундаж өртөг 830.3 мянган төгрөг болж байгаа ажээ. Энэ өртөг дээр барилгын гүйцэтгэгч, захиалагч компаниудын ашгийг 20 орчим хувиар тооцож үзэх юм бол орон сууцны нэг кв.метрийн дундаж үнэ 996.3 мянган төгрөг байх боломжтой гэдгийг эдийн засагчид, холбогдох албанынхан үздэг ч хэтэрхий явцуурхсан судалгаа, дүгнэлт гэдэг.
Энэ талаар Монголын барилгачдын холбооны дарга М.Батбаатар “Ерөнхийдөө барилгын материалын болон бусад бараа, үйлчилгээний үнэ тариф, инфляцийн өсөлт орон сууцны үнэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн ч эрэлт хэрэгцээг далимдуулан барилгын захиалагч, гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд үнийг хөөрөгдсөн гэж хэлэхээр байна.
Үндсэндээ өсөн нэмэгдэж байгаа эрэлтийг нийлүүлэлт нь гүйцэхгүй байгаа явдал бол хамгийн гол хүчин зүйл. Нийслэлд оршин суугчид, айл өрхийн тоо жил тутам нэмэгдэж, бусад аймаг, хотоос шилжин ирэгсдийн тоо гадагш шилжиж байгаагаас 2-3 дахин их байгаа нь орон сууцны эрэлтийг улам бүр өсгөдөг. Нөгөө талаар барилга угсралтын ажил буюу барилгын бизнес нь улирлын шинж чанартай үйл ажиллагаа явуулдаг. Хавар урин дулаан болж, барилгын ажил ид эхлэх үеэр орон сууцны эрэлт улам нэмэгддэг нь үнэ өсөхөд нөлөөлсөн байна.
Одоогийн байдлаар ийм тодорхой судалгаа гарчихаад байна. Харин хэрэгжилтийн тухайд Засгийн газрын шийдвэрийг барилгын компаниуд дагаж мөрдөх л болно. Барилгын компаниуд үнийн хязгаарлалтын хүрээнд үнээ тогтоохгүй бол “100 мянган айлын орон сууц”-ны хөтөлбөрт хамрагдахгүй гэсэн үг” гэлээ.
“ӨГЛӨӨНИЙ СОНИН”