Шударга ёс бол нийгмийг гэрэлтүүлэгч бамбар юм

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

Шударга ёс бол нийгмийг гэрэлтүүлэгч бамбар юм

АН-ын ҮЗХ-ны гишүүн, хууль зүйн ухааны доктор Ж.Батзандантай түүний  саяхан хэвлүүлсэн “Шударга ёсны эрэлд” номных нь талаар ярилцлаа.

-Таны “Шударга ёсны эрэлд” нэртэй ном мэндэллээ. Номныхоо агуулга, нэрний талаар тодруулна уу?
 
-Энэхүү номондоо оюутан ахуй цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл бичсэн нийтлэлүүдээсээ шилж 10 гаруйг нь орууллаа. Ардчилал, эрх чөлөө, амьд явах эрх, иргэний нийгэм, төрийн эрх мэдэл, хуулийн амин сүнс, авлигатай тэмцэх тухай бүхий л нийтлэлүүд маань эцсийн дүндээ шударга ёсны тухай ойлголтон дээр тулгуурласан тул номоо “Шударга ёсны эрэлд” хэмээн нэрлэсэн юм.

-Шударга ёс гэдэг их өргөн ойлголт. Таны хувьд?

 
-Шударга ёс бол аливаа нийгмийг гэрэлтүүлэгч бамбар юм. Шударга ёс хаана байна тэнд хөгжил дэвшил ирдэг, шударга ёс хаана байна тэнд эрх мэдэлтнүүд бус эгэл түмэн хождог гэдэгт би итгэдэг.

-Таны бодлоор Монгол Улсад шударга ёс хангагдаж байна уу?

-Манай нийгэмд шударга ёс сураггүй болоод удаж байна. Шударга ёс бол аливаа нийгмийн үнэт зүйл нь юм. Тийм болохоор нийгэм дэх шударга ёсны үнэлэмжийг дээшлүүлэх шаардлагатай байна. Үүний тулд нийгэм дэх шударгаар хөдөлмөрлөдөг, шударга ёсыг эрхэмлэдэг, шударга ёсны төлөө тэмцдэг хүмүүсийг дэмждэг байх ёстой.
 
-Та удахгүй болох УИХ-ын сонгуульд нэр дэвших үү, нэр дэвших бол сонгуулийн зардлаа хэрхэн босгох вэ?

-Надад итгэл хүлээлгэвэл нэр дэвшинэ. Би мянга, мянган шударга ёсыг дээдэлдэг, шударга ёсыг эрхэмлэдэг хүмүүсийн дэмжлэгт итгэж байна. Мэдээж хуулийн хүрээнд сонгуулийн зардлаа босгоно. Энэхүү номныхоо борлуулалтын орлогоор ч гэсэн сонгуулийн зардлын тодорхой хувийг бүрдүүлнэ гэж бодож байгаа.

Б.ГЭРЭЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж