Дэд сайд Г.Тэнгэр ЭКСПО-гийн нээлтэд оролцов

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

Дэд сайд Г.Тэнгэр ЭКСПО-гийн нээлтэд оролцов

БНСУ-ын Ёсү хотноо энэ тавдугаар сарын 11-12-нд “ЭКСПО 2012” дэлхийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Тавдугаар сарын 11-нд болсон үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд БНСУ-ын Ерөнхийлөгч, Перугийн Ерөнхийлөгч, Данийн хунтайж зэрэг дээд хэмжээний төлөөлөгчид оролцов. Энэ удаагийн үзэсгэлэнд дэлхийн 105 улс албан ёсоор оролцож байгаа бөгөөд “Далайн болон далайн эргийн амьдрал” ерөнхий сэдвийн дор зохион байгуулагдаж байна. Монгол Улсын үзэсгэлэнгийн танхим Номхон далайн орнуудын хэсэгт байрлаж байгаа бөгөөд нээлтийг Гадаад харилцааны дэд сайд, тус үзэсгэлэнгийн Монголын хэсгийн ерөнхий комиссар Г.Тэнгэр хийлээ. Танхимд Монголын байгаль, соёлыг харуулсан үзмэрийг дэлгэн үзүүлж байна. “ЭКСПО 2012 Ёсү” үзэсгэлэн нийт 93 хоногийн турш үргэлжлэх бөгөөд оролцогч улс орон тус бүр өөрсдийн үндэсний өдрийн арга хэмжээг зохион байгуулах юм. Монгол Улсын үндэсний өдрийн арга хэмжээ ирэх 7 дугаар сарын 3-нд болохоор товлогдсон байна. Үзэсгэлэнг 3 сарын турш нийт 8 сая орчим хүн үзэж сонирхоно гэж зохион байгуулагчид тооцоолж байгаа юм байна. Дашрамд дурдахад БНСУ-ын Ёсү муж нь 317 орчим жижиг арлаас бүрдсэн, далайн боомт хот бөгөөд нийт 300 мянга орчим оршин суугчтай ажээ гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж