Үүний дагуу холбогдох байгууллагууд бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн байна. Тухайлбал, иргэдийн саналыг авах үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг комиссыг ГХЯ-ны дэргэд, салбар комиссуудыг нийт 40 дипломат төлөөлөгчийн газарт байгуулсан байна. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өгсөн юм.
-Гадаад оронд амьдарч байгаа сонгогчдыг бүртгэх ажил эхэлж байна. Бүртгэл хэднийг хүртэл үргэлжлэх вэ?
-Гадаад оронд байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн санал авах өдрийг ирэх зургадугаар сарын 10-ны өдрийн ням гаригт байна гэж УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсаас хилийн чанадад суугаа нийт дипломат төлөөлөгчийн газруудад энэ сарын 11-30-ны өдрийг дуустал орон нутгийн цагаар 09.00-18.00 цагийн хооронд сонгуулийн эрх бүхий иргэдийг бүртгэх ажлыг эхлүүлсэн байгаа. Иргэд өөрийн оршин суугаа оронд байгаа Элчин сайдын яам, Байнгын төлөөлөгчийн газар, Ерөнхий консулын газар, Консулын газарт өөрийн иргэний үнэмлэх, эсвэл гадаад паспортаа түүний хуулбарын хамт авчран санал өгөхөө урьдчилан мэдэгдэж бүртгүүлэх юм.
-Саналыг тухайн улсад нь тоолох уу?
-Үгүй. Саналыг сонгогч зохих ёсоор нь тэмдэглэсний дараа дугтуйнд хийж битүүмжлэн саналын хайрцагт хийнэ. Энэ нь дотоодод өгч байгаа саналаас ялгаатай. Холбогдох журамд битүүмжилсэн хайрцгийг нэн даруй Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.
-Саналын хуудсыг хэвлэхэд ажиглагчид нь ямар хүмүүс байх вэ?
-Үүнийг хэвлэхэд намуудын ажиглагч оролцож болно. Төрийн бус байгууллагуудын ажиглагчид оролцоно. Мөн Сонгуул ийн ерөнхий хорооноос ажлын хэсгийн ажилтан оролцох юм. Түүнээс гадна санал тоолох машиныг нийлүүлсэн АНУ-ын компанийн мэргэжилтнүүд энэ үйл ажиллагаанд хяналт тавина.
-Нам эвслүүд сонгуулийн сурталчилгаагаа хэрхэн хийх вэ. Дипломат төлөөлөгчийн газарт хийх үү?
-Дипломат төлөөлөгчийн газар болон тухайн оронд явуулахыг хориглоно. Харин цахим хуудсаар дамжуулан сурталчилгаагаа хийхийг зөвшөөрсөн байгаа.
-Консулын газар байхгүй мужид ажиллаж амьдарч байгаа монголчууд яаж саналаа өгөх вэ?
-Ийм бэрхшээл гарч байна. Манай дипломат төлөөлөгчийн газруудаас ч асуудлыг тавьж байна. Жишээ нь, Турк улсад гэхэд манай улсын Элчин сайдын яам Анкара хотод байрладаг. Гэтэл Анкарагаас 500 гаруй километрийн зайд байрлах Истанбул хотод иргэдийн нэлээд хэсэг нь амьдарч, сурч байх жишээтэй. Тийм учраас манай комисс энэ асуудлыг авч үзээд Сонгуулийн ерөнхий хороонд албан тоот явуулсан. Сонгуулийг консулын газраас өөр газар зохион байгуулна гэхээр хүн хүч, байр савны асуудал үүсч байгаа. Сонгуулийг заавал салбар комиссын гишүүн очиж зохион байгуулах ёстой. Гэтэл манай зарим Элчин сайдын яаманд 4-5 хүн л байдаг. Үүнд сонгуулийн ерөнхий хороо хариулт өгөх байх.
-Хууль бусаар амьдарч байгаа иргэд сонгуульд саналаа өгөх боломжтой байгаа юу?
-Тэд санал өгөх эрх нь нээлттэй, гол нь иргэний үнэмлэхтэйгээ ирэх ёстой. Дээр нь урьдчилан бүртгүүлсэн байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа.
-Иргэний шинэчилсэн бүртгэл гадаадад явагдсан. Тэгвэл урьдчилсан байдлаар сонгуулийн насны хэчнээн иргэн гадаадад байна вэ?
-Манай консулын газрын мэдээллээр бол гадаадад байгаа иргэдийн тоо 112 мянга 862 хүрчээ. Хамгийн их нь АНУ, БНСУ-д амьдарч байна. Тэгвэл өнгөрсөн жил хийсэн шинэчилсэн бүртгэлийн үр дүнд 27735 иргэн бүртгэгдсэн. Нийт иргэдийн 24.5 хувь нь л шинэчилсэн бүртгэлд хамрагдсан. Шинэчилсэн бүртгэл үргэлжилж байгаа. Хамгийн сүүлийн буюу энэ сарын 1-ний мэдээллээр бүртгэлд 35 мянган иргэн хамрагдсан байна. Сонгууль өгөх гээд бүртгэл хийлгэхдээ ч иргэд шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаж болно.
Эх сурвалж: "НИЙСЛЭЛ ТАЙМС" сонин