Дэлхийн эдийн засгийн түүхэнд нэг хүнд ногдох ДНБ нь хамгийн богино хугацаад 2 дахин өссөн улсуудыг Англи улс 1800-гаад оны дунд хүртэл тэргүүлж байжээ. 1700-1854 оны хооронд Англичууд нэг хүнд ногдох ДНБ-ээ 2 дахин өсгөж чадсан ба үүндээ тэд бүхэл бүтэн 154 жилийн зарцуулжээ. Тухайн хугацаанд энэхүү улсын хүн ам 9 сая байсан байна. Дараа нь АНУ 1800-аад оны эхнээс сүүл хүртэлх 53 жилийн хугацаанд мөн нэг хүнд ногдох ДНБ-ээ 2 дахин өсгөж тухайн үеийн 10 сая хүнээ баясгаж байжээ. Цаг хугацааны үечлэлээр Герман улс дараа нь бичигдэх агаад 65 жилийн хугацаанд 28 сая хүнийхээ нэг хүнд ногдох ДНБ-ээ 2 дахин өсгөсөн байна.
Хамгийн сонирхолтой нь 1900 оны эхнээс энэхүү давалгаа Ази тив рүү шилжин орж ирсэн байх юм. Ази тивийг түүчээлэн Япон улс 20-р зууны эхний хагаст 33 жилийн дотор 48 сая хүнийхээ нэг хүнд ногдох ДНБ-ийг 2 дахин өсгөж чадсан бол Солонгос улс үүнд 16-хан жилийг зарцуулж 22 сая хүндээ хүргэж чадсан байна. 20 ба 21-р зууны зааг дээр Хятад улс гайхамшигтай амжилт гарган 12 жилийн дотор л тэрбум гаруй хүнийхээ нэг хүнд ногдох ДНБ-ийг 2 дахин өсгөсөн бол Энэтхэг улс 16 жилийг зарцуулжээ.
Монгол улсын хувьд энэхүү мэдээллийг эх сурвалжаар аван тооцож үзэж болохоор санагдав. 1990-2010 оны хооронд Монгол улсын нэг хүнд ногдох ДНБ-ийн өсөлтийн дунджийг тооцвол 5% л гарч байх юм. Харин 2002-2010 оны өсөлтийн дундаж нь бараг 10% дөхөж байна. Огцом өсөлт 2004 оноос үүссэн байх бөгөөд 2010 он хүртэлх тоог харвал 8 жилийн дотор Монголчуудын нэг хүнд ногдох ДНБ 2 дахин өсчээ. Катар энэ тэрийг харсангүй ч Хятад, Энэтхэгийн амжилтыг аль хэдийн даваад гарчээ.
Улс үндэстний баялаг, орлогын тэгш хуваарилалтыг хэмждэг ЖИНИ индекс гэж буй. Энэхүү үзүүлэлт 0 рүү тэмүүлэх тусам бүх ард иргэдэд баялаг тэгш хуваарилагдаж байна гэж үзэх боловч амьдрал дээр ийм байх боломжгүй. Хамгийн бага ЖИНИ индекс бүхий улсууд болох баруун европын хэдхэн улсуудад л энэхүү индекс нь 20 орчим байх юм. Харин Монгол улсын хувьд жилээс жилд энэхүү индекс өсч буй баян ядуугийн ялгаа нэмэгдэж буй гэж дүгнэж болох. Гэхдээ хамгийн сонирхолтой нь Монголтой ойролцоо ЖИНИ индекс бүхий орнуудыг гүйлгэн харвал Австрали, Канад, нөгөө өндөр хөгжилтэй баруун европын зарим орнууд хүртэл байх юм. Бусад улсуудыг сайн мэдэхгүй, гэхдээ Австрали улсад хэсэг байсных, Австраличууд хэрхэн хөдөлмөрлөж, цалингаа сараар, долоо хоногоор, үйлчилгээний газрууд бүр цагаар хэмжиж хуваарилдаг болохыг мэднэ. Баялаг бүтээхэд хөдөлмөрийн чадвартай бараг хүн бүр оролцож байх шиг байгаагаас гадна Австрали улсын ажилгүйдлийн түвшин 5 орчим хувьтай байх аж. Гэтэл Монгол улсын хувьд ажилгүйдлийн түвшин 11 орчим хувьтай байгаа атлаа Австрали болон Канадын иргэдтэй бараг адил хэмжээнд орлогын хуваарилалттай байна.
Тэгэхээр баялаг, үнэ цэнийн тэгш хуваарилалт гэж ярих нь утгагүй хэрэг болох нь. Харин баялаг, үнэ цэнийн шударга хуваарилалт гэж байх ёстой болох нь. Халаас нь цоорхой архичин нөхрийн 21,000 төгрөгийг илүү цагаар хагас, бүтэн сайн өдөргүй ажиллан татвараар дамжуулан өгч буй залуус ЖИНИ индексийг багасгаж байна гэж бодоод байдаг. Ажилгүй, бэлэнчлээд сууж байгаа идэр насны залуусын тоог цөөлөхгүйгээр (механик бууралт буюу нас баралт энэ тэрийг хэлээгүй юм шүү) олон улсын тавцанд ЖИНИ индекс яагаад ч буурахгүй билээ. Монгол улсын эдийн засгийн үсрэнгүй хөгжил яагаад надад наалдахгүй байна гэдэг асуултыг төрөөс биш, гудамжинд орилж буй нөхдүүд өөрсдөөсөө асууж, шалтгаанаа хайвал зохилтой. Гэхдээ согтуу биш эрүүл үедээ!