“Этихад” цэнгэлдэхэд болсон “Квинс Парк Рейнжерс” болон “Ман Сити”-гийн тоглолтын үндсэн цаг өндөрлөхөд зарим үзэгчид нүдэндээ нулимстай цэнгэлдэхийг орхин гарч яваа нь харагдсан. Гэтэл шүүгчийн мэдлийн нэмэлт таван минутын хугацаанд “Сити” хоёр ч гоол оруулж, ер бусын гэмээр ялалт байгуулж, цомын эзэд болсон. Эдин Жеко тооны харьцааг тэнцүүлж, Агуэро багтай ялалтын гоол авчирчээ.
Хөлбөмбөгийн “театр” дахь сая сая үзэгчдийг хамгийн ихээр догдлуулсан, Премьер лигийн түүхэн дэх хамгийн ээдрээтэй төгсгөл гэж болох тэрхүү тоглолтын дараа Роберто Манчинигийн баг 1968 оноос тэдний хүрч чадаагүй аваргын цом гардсан юм.
Тоглолтын эхний хагас өндөрлөхийн өмнөхөн Пабло Забалета тооны харьцааг нээж, “Сити”-д тэргүүлэл авчирсан. Улмаар хоёрдугаар хагас эхэлсний дараа, 48 дахь минутад “Квинс Парк Рейнжерс”-ээс Жибриль Сиссе тооны харьцааг тэнцүүлж, “Этихад” цэнгэлдэх хэсэг нам гүмд автсан. Гэтэл 66 дахь минутад Жейми Макки “Сити”-гийн хаалгыг гоолоор мялааж, тоглолтын хувь заяаг эргүүлсэн юм. Тоглолт цаашид үргэлжилж, үндсэн цаг өндөрлөхөд шүүгч таван минут сунгасан. Энэ үед “Сандерланд”-ыг 1:0-ээр хожчихоод байсан “Юнайтед” түүхэн дэх 20 дахь цомоо гардахаар “биеэ бэлтгэж” байлаа.
Гэтэл шүүгчийн нэмэлт цагт Жеко бөмбөгийг мөргөж оруулснаар тооны харьцааг тэнцүүлж, залгуулаад Агуэро багтаа түүхэн ялалт авчирсан гоолыг оруулсан юм. Энэ бол тоглолтын сүүлийн гурван минутад болсон үйл явдал байлаа. Цэнгэлдэх тэр аяараа баясан цэнгэж, багийнхаа дэндүү гэмээр гайхалтай, ээдрээтэй ялалтыг тэмдэглэв.
Шүүгч Майк Дийн эцсийн удаа шүгэл үлээснээр энэ мөчийг тэсгэлгүй хүлээсэн “Сити”-гийнхэн талбайд гарч, ялалтын баяраа тэмдэглэсэн юм.
Тоглолтын дараа Манчини сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Ийм байдлаар ялалт байгуулна гэдэг үнэхээр ер бусын. Бидэнд ялагдах эрх байгаагүй. Бидэнд маш олон боломж байсан, энэ тоглолтод ялж, аваргын цом хүртэх олон боломж тохиосон. 44 жилийн дараа цом хүртлээ. Багийн хувьд ч, хөгжөөн дэмжигчдийн хувьд ч гайхалтай хэрэг. Дэндүү галзуу улирал байлаа, ялангуяа тоглолтын эцсийн минут галзуу байлаа” хэмээжээ.