Нэг сая төгрөгийг энэ сард багтаан олгоно

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

Нэг сая төгрөгийг энэ сард багтаан олгоно

Эх орны хишиг нэг сая төгрөг,
хувьцааг иргэдэд хэсэгчлэн тараах  талаар Засгийн газрын тогтоол гарсан.
Ингэхдээ Нэг сая төгрөгийг эхний ээлжинд хөгжлийн бэрхшээлтэй болон
өндөр настай иргэдэд гурав хувааж олгохоор болсон. Эхний ээлжний мөнгийг
дөрөвдүгээр сарын сүүлийн хагаст олгож эхэлнэ гэж албаныхан хэлж байсан
ч одоо болтол олгоогүй байгаа. Иргэдэд хүлээлт үүсгээд байгаа эх орны
хишиг болох нэг сая төгрөгийг хэзээ олгох талаар Сангийн сайд
Д.Хаянхярваагаас тодрууллаа.

-Өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлийн хагасаас өндөр настан болон
хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэг сая төгрөгийн эхний хагасыг олгоно гэж
байсан. Яагаад энэ мөнгө олгогдохгүй байгаа юм бэ?

-Засгийн газраас шийдвэр гарч, өндөр настан болон хөглжийн бэрхшээлтэй
иргэдэд нэг сая төгрөгийн гурав хувааж олгохоор болсон. Эхний хоёр сар
334, дараагийн сар 336 сая төгрөгийг олгоно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
болон өндөр настнуудад олгох нэг сая төгрөгийг сонгуулийн өмнө ямар ч
байсан өгнө гэж амласан, энэ зорилгоор 334 тэрбум төгрөг төсөвт нэгэнт
суусан байсан. Гэтэл санхүүгийн нөхцөл байдлаас болоод дөрөвдүгээр сард
олгож амжаагүй. “Эрдэнэс Тавантолгой”-н урьдчилгаа төлбөр болон
Эрдэнэтийн ногдол ашгаас орох мөнгөөр энэ ажлыг санхүүжүүлэх байсан.
Эдгээр байгууллага энэ сарын 15 гэхэд эхний мөнгөө оруулна гэсэн. 
Үлдсэн иргэдийн авах хувьцааг мөнгөжүүлэх ажил тодорхой цаг хугацаа
шаардана гэдгийг иргэдэд хэлж байгаа тул ойлгож байгаа. Одоогоор
нийслэлийн иргэдийн 24 тэрбум төгрөгийг шилжүүлсэн. Хөдөө орон нутгийн
иргэдийн мөнгийг удахгүй шилжүүлнэ.  Энэ тавдугаар сард багтаан нэг сая
төгрөгийн эхний ээлжний 334 сая төгрөгийг олгоно.

-Өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс гадна бусад иргэд нэг сая төгрөг эсвэл хувьцаагаа хэзээ авах вэ?

-Бусад иргэдээс санал авч байгаа. Иргэдээс бэлэн мөнгөө авах уу эсвал
хувьцаагаа авах уу гэдэг дээр оршин суугаа хороогоор нь дамжуулан санал
асуулга явуулж байгаа. Гэхдээ эдгээр иргэдийн мөнгийг 2012, 2013 он
дамжин тараах болно. Хэдэн хүн нэг сая төгрөгөө бэлнээр авах хүсэлтэй
байгааг нь харгалзан үзэж төсвийг нь тухайн үед нь зохицуулна.

-Хүний хөгжил сангийн 21 мянган төргрөгийн хөрөнгө мөнгө байхгүйгээс тараахгүй байна гэж яриад байгаа?

-Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөгийн долдугаар сар хүртэл олгох
ёстой. Өнгөрсөн сард хэд хоногоор саатсан. Одоо хэвийн олгогдож байгаа.

-Бэлэн мөнгө тараах сургаар инфляци өсч байна гэх шүүмжлэл араасаа
дагуулаад байна л даа. Тухайлбал, мах, орон сууц, бензин шатахууны үнэ
өсөх гээд?

-Махны үнийг олон жил ярьж ирсэн, он дараалсан зуд турхнаас болоод
таваарын мал хомстсон нь махны эрэлт нийлүүлэлтэд нөлөөлсөн. Инфляци
өссөн нь  махны үнээс болсон. Үнэ зургадугаар сараас бага зэрэг
тогтворжих хандлагатай болдог тул өнөөгийн нөхцөлд жил бүр махны
тодорхой хэмжээний нөөц бүрдүүлснээр үнэ хөөрөгдөлтийг барих боломжтой,
харин түүхий эд нь байсаар атал гаднаас бүгдийг нь авч байгаа барилгын
материалыг эх орондоо үйлдвэрлэснээр орон сууцны үнэ хямдрах боломжтой
юм. Энэ бүгдийг тухай бүрт нь зохицуулахаар ажиллаж байгаа.

-Оны дараа төрийн албан хаагчийн цалин нэмсэн. Гэтэл үүнийгээ дагаад
өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ч мөн өссөн. Энэ нь цалин
нэмснээс ялгаагүй зүйл болсон гэдгийг шүүмжлэх хүн олон байгаа?

-Цалин нэмснээс инфляци өсч байгаа эсэхийг холбогдох албаныхан судалж
байгаа. Төрийн албан хаагчийн цалинг он гарснаас хойш хоёр үе шаттайгаар
нэмэгдүүлсэн. Мөн иргэдэд олгох эх орны хувь хишиг болон нэг сая
төгрөгийн мөнгийн энэ сардаа багтаан олгоно гэх сургаар өргөн
хэрэглээний барааны үнэ нэмэгдэж байна уу, байрны мөнгө нэмэгдэж байна
уу гэдгийг судалж байгаа. Орон сууцны үнийн хувьд бид барилгын
материалаа дандаа гаднаас авдаг. Ингэхдээ тухайн компани гаалийн татвар,
замын зардал гээд бүх зардлаа байрныхаа үнэд шингээж худалдаалдаг.
Тиймээс барилгын материалыг дотооддоо үйлдвэрлэх гарцуудыг хайж байгаа.
Дотооддоо үйлдвэрлэснээр барилгын үнийн зардлыг хэмнэх боломжтой.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж