Одоогоос хагас мянган жилийн өмнө буюу дэлхийн түүхэнд Дундад зуун хэмээн нэрлэгдэх болсон тэр цаг үед Европын хүн ам илүүтэй төвлөрч суурьшсан орнуудад тухайн үедээ ямар ч урьдчилан сэргийлэх боломжгүй байсан тахал өвчнөөр улс орнууд ээлж дараалан нэрвэгдэж олон сая хүн хүн амь үрэгдэж байсан билээ. Нэг үгээр хэлбэл анагаах ухааны хөгжил сул дорой байсны уршгаар дээрхи бактериологийн халдвараар улс үндэстнийг дамжсан гамшиг Европыг туйлдааж байсан эмгэнэлт түүх бий. Түүнээс хойш анагаах ухаан өдгөө хүртэл маш өндөр амжилтад хүрч тэрхүү олон зууны өмнө европчуудыг сая саяар нь хөнөөж байсан тахал өвчинг бараг л мартагдахад хүргэж чадсан төдийгүй сэргийлж, хамгаалах өч төчнөөн боломжийг бий болгож чадсан билээ. Гэтэл шинэ мянганы босго давмагц иргэншлийн хувьд хөгшин гэгдэх тивийг дахин шинэ халдвар нөмрөх болжээ. Энэ бол санхүүгийн хямрал буюу эдийн засгийн салбарын маш хүнд сорилт, энэ салбарын хувьд жинхэнэ тахал болсон эмгэг юм. Хүн төрөлхтний хувьд судалж, сурч, амьдралдаа хэрэгжүүлж эхэлсэн хугацаагаараа бол хамгийн залуу шинжлэх ухааны нэгэн болох эдийн засгийн хөгжил нь анагааах ухааны хөгжлөөс дутуугүй гэдэг ч өнөөдөр Европыг нэрвэж байгаа санхүүгийн хямралын өмнө өвдөг сөхөрч байгаа бололтой. Дээр нь их эртнээс хөгжиж ирсэн гэх боловч харамсалтай нь хоруу чанар нь улам л идэвхтэй болж ирсэн “улс төр” хэмээх өөр нэг салбарын нөлөө эдийн засгийг хамгийн таагүй “мутаци”-д оруулж байгаагийн илрэл нь энэхүү Европын орнуудад ээлж дараалан халдварлаж буй санхүүгийн хямрал болж байна. Тиймээс Европыг санхүүгийн хямралаас ангижруулах нь эдийн засгийн ухааны шийдэл гаргахаас илүүтэй улстөрийн зөв арга зам олохыг шаардаж байгаа гэлтэй.
Харин ХХI зууны аюултай тахал болж байгаа санхүүгийн хямралыг амьдрал дээрээ амсч байгаа олон сая европчууд тэрхүү улстөрийн шийдлийг хүлээж тэвчихгүй болжээ. Анх Грек улсаас эхэлсэн санхүүгийн хямрал өнөөдөр зөвхөн Олимпийн эх орныг төдийгүй Португаль, Ирланд, тэр ч байтугай Европын “грандууд” гэж тооцогдож байсан өндөр хөгжилтэй Итали, Испанийг ч бас хамрах болсноор урьд өмнө нь нэг бол жуулчид,эсвэл хөлбөмбөгийн фанатуудаар дүүрдэг байсан хотуудын гудамж өдгөө тэмцэгчдийн армид бүслэгдэх болсон байна. Өчигдөр гэхэд л Испанийн нийслэл Мадрид хотын гудамжинд олон арван мянган тэмцэгчид жагсаал хийж, мадридчуудаас гадна эргэн тойрны хотын иргэд ч хүрэлцэн ирж жагсаалд нэгдсэн байна. Жагсагчид өнгөрөгч ням гаригийг “Эгдүүцлийн хөдөлгөөн”-ий нэг жилийн ой хэмээн зарлаж тус улсын өнөөгийн эрх баригчдын арчаагүй байдал болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй эдийн засгийн эрс хатуу бодлогыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Мадридын төвд орших Пуэрто дэ Сол хэмээх алдартай талбайд жагсагчид эсэргүүцлийн жагсаалын гол цэгийг байгуулан улмаар засаг захиргааныхны тогтоож өгсөн цаг хугацааг дагахгүй гэдгээ илэрхийлж байлаа. Гэвч цагдаа нар жагсагчдын ихэнхийг тэр талбайгаас чөлөөлсөн гэж мэдээлж байгаа ч урьд шөнийн байдлаар жагсагчид Мадридын гудамжинд байсаар байна гэх мэдээлэл олон улсын агентлагуудад ирсээр байжээ.
Нэгэн цагт дэлхийн томоохон колоничлогчдын нэгэн болж байсан Испани орон шинэ зууны эхнээс эдийн засаг болон хөгжлөөрөө Европын “гранд” орон байх тэргүүллээ алдсаар ирсэн билээ. Өнөөдөр нүүр тулчихаад байгаа санхүүгийн гүн хямралын суурь үндсийг сүүлийн арав гаруй жилийн хугацаанд бий болгосон гэж испаничууд улс орныхоо удирдлагуудыг буруутгасаар байгаа юм. Тус улсад маш тод мэдрэгдэж байгаа санхүүгийн хямралын шинж тэмдгүүд тэдний уур цухлыг барж байгаа учраас жирийн испаничууд засгийн эрхэнд байгаа болон өмнө нь байсан хэн бүхнийг буруутгасаар байгаа ажээ. Үүний дээр өнөөгийн эрх барьж байгаа баруун төвийн хүчний засгийн газар эдийн засгийн маш хатуу зохицуулалтыг тун удахгүй хэрэгжүүлж эхлэхээр зарласан нь халуун хурц авиртай испаничуудын уур бухимдал дээр “тос асгасан”-тай адил зүйл болсон байна. Олон арван мянган испаничуудын жагсаал цаашид ч үргэлжлэх бөгөөд Мадрид хот бослогын төв болоход ойрхон байна гэж зарим ажиглагчид үзэж байгаа юм. Үнэндээ бол Испанийн бараг дөрвөн хүн тутмын нэг нь ажилгүй байгаа учраас тэдэнд урагшгүй засгийн газрын бодлогыг эсэргүүцэн гудамжинд жагсахаас өөр хийх зүйл үлдээгүй ажээ. Ажилгүйдлийн энэ үзүүлэлт өнгөрөгч дөрөвдүгээр сарын хамгийн өндөр тоо хэмжээг ч даван гарсан байгаа гэнэ. Эсэргүүцлийн жагсаалд зөвхөн мадридчууд төдийгүй бусад Испанийн хотын иргэд ч нэгдэн нийлжээ. Спортын талбар дээр үргэлж мадридчуудтай сөргөлдөж байдаг Барселона хотынхон энэ удаа эсэргүүцлийн жагсаалд тэдэнтэй санаа нэгдэн орж байгаагаа тод харуулж байгаа гэнэ. Барселона хотод 45 мянган хүний жагсаал болсон бөгөөд харин энэ тоо бол засаг захиргааныхны нөхцөл байдлыг дэвэргэхгүй гэж “дарж” зарласан тоо гэж жагсаал зохион байгуулагчид хэлж байгаа юм. Тэдний үзэж байгаагаар бол жагсагчид 100 мянгаас хол давсан гэж байгаа юм.
Жагсагчдын ихэнх нь ажилгүйдлийн өндөр төвшин болон ирээдүйдээ санаа зовж байгаа нь илт байна гэж тэдний төлөөлөлтэй газар дээр нь уулзаж ярилцсан ВВС зэрэг олон улсын мэдээллийн сувгуудын сэтгүүлчид хэлж байна. Тухайлбал, испанийн биологич эрдэмтэн Хосе Эльмандез ВВС-д өгсөн ярилцлагадаа “Ажил олдохгүй байгаа учраас маш олон испаничууд эх орноо орхиж байгаа. Хэдийгээр тэд хангалттай боловсрол мэргэжил эзэмшсэн ч ажил олохын тулд л явж байна. Би гэхэд хоёр жилийн өмнө Францаас буцаж ирээд одоо хүртэл хагас цагийн ажлаас өөр юу ч олоогүй л явж байна” гэжээ. Өөрөөр хэлбэл, Испанийн ажилчин, сэхээтэн гээд нийгмийн бүх л төлөөлөл эсэргүүцлийн жагсаалд оролцож байгаа бөгөөд үнэхээр өргөн олныг хамарч байгаа нь Испанийн улстөрд нөлөөлөх хэмжээнд хүрнэ гэж үзэх ажиглагчид байгаа аж. Харин зарим нэг нь эдгээр жагсаал хөдөлгөөн үнэн хэрэгтээ Исланийн улстөрчдөд огтхон ч нөлөөлдөггүй гэж үзэж байгаа юм. Учир нь эсэргүүцлийн хөдөлгөөн Испанийг бүхэлд нь хамраад бүтэн жил болсон ч тус улсын улстөрийн дээд хүрээнд дорвитой ахиц гарахгүй л байгаа гэнэ.
Өнгөрсөн оны сүүлээр Испанийн Засгийн газрыг тэргүүлэх болсон консерватив Марианно Рахой мөрийн хөтөлбөрөө танилцуулахдаа хэт үрэлгэн төсвийг танахын зэрэгцээ татварыг нэмнэ гэж зарлаж байжээ. Гэвч удалгүй Испанийн Засгийн газар хөдөлмөрийн зах зээлийг хяналтаасаа гаргаж, улмаар зохицуулж чадахгүй болсноо зарласан нь испаничуудпын болон Испанийн үйлдвэрчний эвлэлүүдийн уур бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн байна. Тиймээс сүүлийн үед эсэргүүцлийн хөдөлгөөнийхний дунд одоогийн засгийн эрхэнд байгаа бүрэлдэхүүнийг өөрчлөх тухай зорилтын талаар ярих болсон гэж ажиглагчид хэлж байгаа юм. Гэвч Испанийн одоогийн улстөрийн бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөх нь тийм ч амар биш ажээ. Мадридын эсэргүүцлийн хөдөлгөөнийг төлөөлдөг байсан нэгэн эмэгтэй улстөрч хэлэхдээ “Испанийн өнөөгийн улстөрийн бүтэц бүрэлдэхүүнийг богинохон хугацаанд өөрчилж чадах хэн ч байхгүй” гээд энэ бүхэнд нэг өдөр битгий хэл нэг жилийн хугацаа ч багадна гэжээ.
Мэдээж нөхцөл байдал муудаж,санхүүгийн хямрал өдөр тутмых нь амьдралд нөлөөлсөөр байгаа тул испаничууд өнөөгийн Засгийн газарт хамаг бухимдлаа илэрхийлж, өнөө маргаашгүй болох зүйлийн талаар илүүтэй санаа зовж байгаа нь ойлгомжтой. Харин газарзүйн байрлалын хувьд болон эргэн тойрон дахь хүчтэй зах зээл зэргийг нь бодолцоход эдийн засаг нь гайгүй байж болмоор Испани орон чухам ямар “дархлаа” нь суларснаас болж Европ даяар шахуу халдварлаад байгаа санхүүгийн хямралд өртчихөв өө гэдэг бол бусдад илүү сонин байж болно. Сонирхох төдийгүй тухайлбал манайх шиг орны хувьд бол сайн судалж үзэхэд ч хэрэг болж магадгүй.
Учир нь Испанийн эдийн засгийг унагаасан гол шалтгааны түүх өнөөгийн Монголд газар аваад байгаа зарим үзэгдэлтэй тун төстэй гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, орон сууцны моргейжийн зээл зэрэг үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээрхи огцом өсөлтөөс болсон байдаг аж. Евро анх гарч эхэлж байсан үе буюу 1999 онд зах зээл дээрх зээлийн хүү маш бага болж буурч байсныг ашиглан Испанийн банкууд болон үл хөдлөх хөрөнгийн наймаа эрхлэгчид, мөн орон сууц худалдан авахыг хүсэгчид асар их хэмжээний зээл авч эхэлсэн байна. Энэ нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг улам бүр хөөсрүүлэн хөөргөж байжээ. Нэг талаас бага хүүтэй зээлийн олдоц их байсан бөгөөд энэ нь эрэлтийг огцом нэмжээ. Эрэлт их болсон нь үл хөдлөх хөрөнгө, түүн дотроо орон сууцны үнийг ч хөөргөсөн байна. 1996-2007 оны хооронд Испанийн үл хөдлөх хөрөнгийн үнэ гурав дахин нэмэгдсэн байдаг аж.
Тун удалгүй үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээрхи “хөөс” хагарсан байна. Зах зээл ханаж ирэх үед эрэлт огцом багасчээ. Үүний дээр Испанийн банкуудаас эхлээд гинжин цувралаар хөвөрсөн зээлийн хэмжээ ч ихэсч, эргэн төлөх хүү болон үндсэн зээлийн дарамт нэрвэж эхэлсэн байна. Дээрх шалтгаануудаас болж үл хөдлөх хөрөнгийн үнэ огцом буурч эхлэв. Энэ нь барилгын маш олон компаниуд хаалгаа барихад хүргэн улмаар олон мянган ажилгүйчүүд бий болжээ. Орон сууц эзэмшигчдийн ихэнх нь нэг бол авсан зээлэндээ шатаж, эс бөгөөс сууц түрээслэгчдийн байнга нэмэх хөлсийг төлөх гэж хоосорч эхлэхэд хүрсэн аж. Үл хөдлөх хөрөнгө эзэмшигчид болон түрээслэгчид түрээсийн хөлсөө нэмж байж асар их зээлийн дарамтаас гарах гэж зорьсон нь нийгмийн байдлыг улам ч хүндрүүлсэн байна. Хэдийгээр 2008 он гэхэд Испани улс төсвийн хувьд бас ч гэж Евробүсийн орнууд дотроо тун давгүй байдалтай байсан ч эдийн засагт нь “булсан” дээрхи далд “мина” хэзээ хэзээгүй тэсрэхэд бэлэн байсан хэрэг. Ердөө гурав дөрөвхөн жилийн өмнө буюу 2008 онд Исданийн төсвийн өр нь нийт ДНБ-нийхээ 36 хувь болж байсан бөгөөд энэ үзүүлэлтээрээ Европтоо хамгийн хэмнэлттэй төсвийн нэг нь болж байжээ. Тухайн үед Герман гэхэд л төсвийн өр нь ДНБ-ийхээ 65 хувьд хүрч байсан гэхэд испаничууд үнэхээр гайхалтай хэмнэж байж. Тэгээд дараа нь Герман төсвөө эрс хэмнэн, ухаантай алхмуудыг ээлж дараалан хийж асуудлаа шийдэж байсан бол Испани тэгсэнгүй. Тэдний төсвийн гайхалтай сайн үзүүлэлт ч удаан тэссэнгүй. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээрхи зээлийн буруу хөөрөгдөлтийн уршгийг дарахын тулд Испанийн Засгийн газар маш их өр тавьж байж асуудлыг шийдэх гэж оролдсон. Гэвч эцэстээ Засгийн газар нь ч, жирийн иргэд нь ч өрийн дарамтаас гарах гарцгүй болж орхисон байна.
Яг одоо бол Испанийн эсэргүүцлийн нөхцөл байдлыг алдарт Мигель дэ Сервантесийн “Дон Кихот”-той зүйрлүүлж байгаа аж. Өнөөгийн Испанийн засаглал зүйрлэвэл хүрэхтэй үгүйтэй багахан гурил тээрэмдэх гэж байгаа салхин тээрэмтэй адил байгаа бөгөөд эсэргүүцлийн салхи түүнийг унагаалаа гэхэд дараа нь хэр удаж байж дахин баригдах нь тодорхойгүй болж мэдэхээр байна. Тэгвэл энэ хооронд жагсагч, тэмцэгчдийг хэнд ч хэрэггүй баатарлалын жишээ болсон Дон Кихоттой ч зүйрлүүлж болохоор байна. Чухам ийм гарцгүй байдал л магадгүй Марианно Рахойг суудалд нь байлгаад байгаа бололтой.
PS: Дон Кихотийн түүхтэй адил зохиол Монголд байдаггүй шиг санагдаж байна. Гэхдээ бид иймэрхүү түүхийг бичих хэрэггүй биз. Гэтэл бидний амьдралд ч дээрхийн адил “сюжетүүд” байгаад байх шиг…