Намуудын жагсаалт юу илэрхийлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

Намуудын жагсаалт юу илэрхийлэх вэ?

УИХ-ын сонгуулийн шинэ хуу­лийн дагуу энэ удаад тойргоос 48 гишүүн, намын саналаар 28 гишүүнийг сонгохоор болоод буй.

Нэр дэвшигчид энэ сарын 28-нд эцэслэн тодрох бөгөөд өнөөдрийн байдлаар хэн аль тойрогт дэвших болон намын жагсаалтад хэн, хэн бичигдэх бол гэсэн асуулт улс төр ажиглагчдын анхаарал, сонгогчдын сонирхлыг татаж байна. Улс төрийн намууд 28 нэрийг жагсаалтаар гаргах ба тухайн намын сонгогчдоос авсан саналын хувиар тэдгээр нэр дэвшигчдээс парламентад сонгогдох юм. Тухайлбал, нам нь 30 хувийн санал авсан бол жагсаалт дахь 28 нэр дэвшигчийн эхний 30 хувь буюу энэ тохиолдолд эхний 10 хүн парламентад намаа төлөөлөх эрхтэй болно. Жижиг гэгдэх намууд сонгогчдоос доод тал нь таван хувийн санал авч байж парламентад төлөөлөлтэй болох юм. Сонгогчид өөрийн тойрогт нэр дэвшигчдээс мандатын тоогоор дэмжиж буй хүндээ санал өгөхөөс гадна аль нэг намыг сонгон санал дугуйлах ёстойг энэ дашрамд хэлэх нь зүй.

Улс төрийн намуудын гаргах 28 нэр дэвшигчийн жагсаалтад бичигдэх эрхмүүд ямар шалгуураар сонгогдох вэ, тэднийг хэрхэн эрэмбэлэх вэ гэсэн асуулт яг одоо аль ч намын эрх барих байгууллагын толгойн өвчин болж байна. Учир нь энэ асуултын хариуг бэлэн гаргаад өгөх байсан “гулсдаг” заалт УИХ-ын сонгуулийн тухай хуулиас саяхан хасагдсанаар асуулт улам хурцдаад байгаа гэж болно.

“Гулсдаг” заалт анхнаасаа л олон нийтийн дэмжлэг авалгүй шүүмжлэлийн бай болсоор яваад сүүлдээ Үндсэн хуулийн Цэц дээр бүдэрч нэг мөр “устсан” ч ач холбогдол нь өнөөх 28-ын жагсаалтын хариуг гаргаж өгөхөд оршиж байсан юм. Өөрөөр хэлбэл, бүх нэр дэвшигчид тойрогт өрсөлдөж, тэндээс бүдэрсэн нь тойргийн сонгогчоос авсан сана­лынхаа хувиар нам төлөөлөх 28-ын жагсаалтад бичигдэх байлаа.

ХБНГУ болон Японд яг энэ жишгийг мөрддөг. Учир нь нам төлөөлөх жагсаалтын эрэмбийг намын удирдлага, удирдах байгууллага эрэмбэлэх нь явцуу тул сонгогчдоор эрэмбэлүүлэх нь илүү шударга гэж үздэг аж. Нэгэнт “гулсах” заалт үйлчлэхгүй нь тодорхой болсон тул намууд жагсаалтаа яаж гаргах, хэрхэн эрэмбэлэх нь тухайн намын л мэдэх хэрэг болоод байна. Гэхдээ намынхаа бодлого, төлөвшил, дүр төрх буюу имижийг илтгэх хамгийн шилдгүүд нь жагсаалтад байна гэсэн ерөнхий жишиг аль ч намд бий болжээ. Онцлоход, МАН-ын хувьд “гулсах” заалтыг анхнаас нь эсэргүүцэж байсан бөгөөд ялангуяа улс төрд удсан ч өнөөдрийн цаг үедээ манлайлал нь бүдгэрсэн лидерүүд нь үүнийг эрс эсэргүүцэж байсан. Уг заалт хуулиас хасагдсанаар манлайлал нөлөө нь буурч, улиг болсон хууччуул одоо жагсаалтад найдлага тавьж буй. “Үхсэн буурын толгойноос амьд ат айна” гэдэгчлэн хууччуул жагсаалтыг өнгөлнө гэдэгтээ итгэлтэй байгаа аж.

Юуны өмнө намын дарга жагсаалтын нэгдүгээрт буюу албан тушаалын эрэмбийг харгалзах, хоёрдугаарт, улс төрийн туршлага, УИХ-д удаа дараа сонгогдсон байдлыг үнэлэх, гуравдугаарт … гэсэн шалгуур аль ч намд үйлчлэх бололтой. Ерөнхийдөө нам доторх болон улс төр дэх нөлөө, нийгэмд танигдсан байдлаар нь жагсаалтын эрэмбийг гаргана гэсэн үг. Харин гурав, дөрөвдүгээр шалгуур юу байх вэ гэдэгт нам болгон өөр, өөр хариу хэлэхээр байна. Нэг үгээр бол гурав, дөрөвдүгээр шалгуураа юу гэж үзэж байгаагаас тухайн намын үнэт зүйл, чиг хандлага, ёс зүй илэрхийлэгдэхээр байна.

МАН-ын хувьд жагсаалтын нэгдүгээрт намын дарга Сү.Батболд биш, харин Ерөнхийлөгч асан Н.Багабанди бичигдэх нь тодорхой болжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон, Улсын Бага хурал, УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга хийж байсан түүнийг энэ намд лидер гэж үзэхээс өөр аргагүй. Нийгэмд танигдсан төдийгүй хүлээн зөвшөөрөгдсөн улстөрчийн нэг. С.Батболд намын даргын хувьд жагсаалтын хоёрдугаарт, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх гуравдугаарт, дараа нь Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж гэх зэрэг туршлага, нөлөө бүхий улстөрчдөө эрэмбэлэх болов уу. Мөн аль ч нам тухайн тойрогт баталгаатай ялалт байгуулах лидерүүдээ жагсаалт руу оруулж, тойрог дахь орон зайг нь өрсөлдөгчдөдөө үлдээхийг бодохгүй л болов уу. Иймд жагсаалтад лидер болгон багтах албагүй юм.

Ардчилсан намын хувьд жагсаалтын эхэнд намын дарга Н.Алтанхуяг бичигдэнэ. Хоёрдугаарт бичигдэх хүн нь Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат лав биш. Түүний хувьд жагсаалтын тавдугаарт эрэмбэлэгдэх саналаа намынхаа дарга болон шийдвэр гаргах хүрээнд илэрхийлээд байгаа аж. Учир нь Д.Эрдэнэбат хэдийгээр генсек боловч намын ҮЗХ-ноос сонгогдсон хүн, тэгэхээр ард түмнээс мандат авсан гишүүд, лидерүүдийг өөрийнхөө өмнө эрэмбэлэгдэх ёстой гэж үзэж байгаа гэнэ. Тухайлбал, Р.Амаржаргал, Х.Тэмүүжин, З.Энхболд нарын гишүүд, Баабар нарын лидерүүд түүний өмнө бичигдэх ёстой. Д.Эрдэнэбатын энэ санал жагсаалтад тусгалаа олбол Ардчилсан намын жагсаалтын эхний 10-ын эрэмбэ дараалал тун өөрөөр эргэхээр байгааг ажиглагчид хэлж байна. Бусад намын хувьд намын дарга, намын Ерөнхий нарын бичгийн дарга, тэгээд тэрнээс хойшхи нь хэн ч байж болохоор байгаа бол Ардчилсан намын хувьд генсек нь тавдугаарт эрэмбэлэгдэх тохиолдолд түүний өмнө жагсах хүмүүс дурын нөхөд биш жинхэнэ бодит шалгуурыг илтгэх чансаатай лидерүүд байх ёстой болно. Нэг ёсондоо эхний арвын шалгуурыг өндөрсгөх хаалт тавьж буй хэрэг аж. Жагсаалтын эрэмбийг ийм хаалтаар хашсан тохиолдолд олон зүйл өөрчлөгдөх нөлөөтэй юм байна. Жишээлбэл, нам дахь албан тушаалын эрэмбэ баримтална гэвэл намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, гуравдугаарт, Нийслэлийн Ардчилсан намын дарга бичигдэхээр харагдаж буй. Тэгвэл Д.Эрдэнэбат тавдугаарт бичигдэх тохиолдолд нийслэлийн намын даргын эрэмбэ зургаа дээр буух болно. Үнэндээ ч Р.Амаржаргал, З.Энхболд, Х.Тэмүүжин, Баабар нарын өмнө Ш.Түвдэндорж бичигдэнэ гэдэг зүй ёсонд арай л нийцгүй.

Мөн Ардчилсан намын хувьд хамтарсан Засгийн газарт ажилласан экс сайд нараа жагсаалтад оруулахгүй, тойрог руу илгэхээр бараг тогтжээ. Түүнчлэн жагсаалтын эхний аравт нэгээс илүү эмэгтэй нэр дэвшигч орохгүй гэдэг асуудал ч яригдаж буй юм байна. Хамгийн гол нь эхний аравт тэрбумтнууд бичигдэхгүй гэдэг зарчим фракциудын тохироогоор баталгаажсан гэх. Чухам үүгээрээ МАН-аас ялгарч, цэвэр харагдана гэж үзэж байгаа ажээ. Мөнгөний хүчин зүйл, шалгуураар албан тушаалын хуваарилалт, эрэмбэ хийдэггүй цэвэр улс төрийн хүчин гэсэн имижийг бүрдүүлэх нь жагсаалтын нэг онцлог байх болно гэж Ардчилсан нам үзжээ. Иймэрхүү байдлаар улс төрийн намуудын өөрсдийнхөө үзэл баримтлал, үнэт зүйлээ дам утгаар илэрхийлэх жагсаалтдаа гойд анхаарал хандуулж байгаа аж.

З.БОРГИЛМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж