Нээлттэй өдөрлөгөөр иргэд хүссэн мэдээллээ авч чадав уу?

Хуучирсан мэдээ: 2012.05.14-нд нийтлэгдсэн

Нээлттэй өдөрлөгөөр иргэд хүссэн мэдээллээ авч чадав уу?

“Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт 17,3 хувьд хүрч, ядуурал 10 орчим хувиар буурлаа. Эдийн засгийн үзүүлэлт, өрсөлдөх чадвараараа олон улсын төвшинд байр сууриа ахиулсан нь манай Засийн газраас авч хэрэгжүүлсэн ажлын бодит үр дүн юм”. Энэ бол өнгөрөгч баасан гаригт Сүхбаатарын талбай дээр болсон “Ардын засаг-Ард түмэнтэйгээ хамт” аяны нээлтэд хэлсэн үг. Сүүлийн хэдэн хоног халуун нар төөнөж байсан уур амьсгал хүйтэн салхи, нойтон цасаар солигдсон энэ өдөр бүх л өдрийн турш яам, агентлагынхан өдөрлөг зохион байгуулсан юм. Хэдийгээр гүйцэтгэх засаглалын тэргүүн нээлтийн үгэндээ амжилтаа бахдан ярьсан ч, ард иргэдийн дунд асуулт хэвээрээ үлдсэн олон зүйлс байгаа гэдгийг сануулъя.

Би сонгуульд санал өгөхгүй гэж үү

Цэнхэр майханд “тухалсан” Улсын бүртгэлийн ерөнхий газрын хэсэг бусад хэсгүүдээс хүний хөл хөдөлгөөнөөр илүү байлаа. Хүн ихтэй байгаагийн учир нь иргэний үнэмлэхээ гээсэн, хугацаа нь дууссан хүмүүс лавлагаа авах гэж дугаарлаж байсанд оршино. Хэдийгээр тэд лавлагаагаа авсан ч сонгуульд санал өгөх эсэх нь эргэлзээтэй байгаа. Яагаад гэвэл Засгийн газраас ч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ч тодорхой шийдвэр гараагүй байгаад оршино. “Би иргэний үнэмлэхээ хаячихсан юм. Хүмүүсийн хэлж байгаагаар бол иргэний үнэмлэхээ хаясан хүн сонгуульд санал өгөхгүй гээд байгаа. Харин сая лавлагаа авах хүмүүсийн дотор нэрээ бичүүлчихлээ. Сонгууль өгөх, өгөхгүй нь одоогоор тодорхойгүй байгаа юм биш үү” гэж Сонгинохайрхан дүүргийн иргэн Л.Данзан ярилаа. Энэ хүний хэлж байгаа үнэн. Түүнтэй ижилхэн лавлагаа авсан иргэд саналаа өгөх боломжгүй. Гэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий газрынхны хэлж буйгаар иргэний үнэмлэх зайлшгүй авах ёстой 40 мянган хүн байгаа ажээ. Тиймээс сонгуулиас өмнө эдгээр хүмүүсийн иргэний үнэмлэхийг түрүүлж гаргахаар ажиллаж байгаа аж. “Зайлшгүй үнэмлэх авах шаардлагатай хугацаа нь дууссан, хаяж үрэгдүүлсэн 40 гаруй мянган хүн бий. Энэ хүмүүсийн үнэмлэхийг яаралтай хэвлэх талаар Засгийн газар дээр яригдаж байгаа. Харин тухайн хүн сонгогчдын жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ регистер болон иргэний үнэмлэхний дугаараа оруулж шалгах боломжоор манай байгууллагын сайт хангагдсан. www.burtgel.mn гэсэн хаягаар ороод шалгаад, баталгаажуулах боломжтой” гэж УБЕГ-ын дарга Л.Амарсанаа ярьсан юм.

Ажилгүйдэл буурсан юм уу

Гүйцэтгэх засаглалын тэргүүн Сү.Батболд хэлсэн үгэндээ ажилгүйдэл 7,7 хувиар буурсан гэж байсан бол эдийн засагчдын хэлж байгаагаар 24,9 хувиар өссөн гэсэн таагүй мэдээлэл дурайж байгаа гэх. Цас, бороо, хүйтэн салхинаас болоод цөөхөн цугласан иргэд ч энэ үгийг сонсоод гайхаж байсныг нуух юун. Хөдөлмөрийн газрын майхан хүний хөлд дарагдсан дараагийн хэсэг байлаа. Ажилд орохыг хүссэн олон залуус анкетаа бөглөж, хүссэн мэдээллээ авч байсан юм. “Ямар ч байсан би анкетаа бөглөчихлөө. Уг нь ингээд ажилд орчихдог бол гоё л байна. Сургуулиа төгсөөд гурван жил болж байгаа ч одоог хүртэл ажилд орох боломжгүй л явна. Намайг хэд хоног хүлээх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд хэлж байна лээ” гэж Чингэлтэй дүүргийн иргэн С.Энхжин хэлж байлаа. Зөвхөн энэ өдөр л гэхэд 50 гаруй залуус ажилд орох анкет бөглөсөн ажээ. Тэд бүгд хурдан ажилтай болохыг хүсч, түүнийгээ дахин, дахин асууж байсан юм. Өмнө нь хоёр, гурван удаа анкет бөглөсөн ч ажилд ороогүй залуус олон байлаа. Ерөнхий сайдын хэлж буйгаар бол талбайд болсон нээлттэй өдөрлөгт анкет бөглөсөн хүмүүс нэн даруй ажилтай болох аж. “Ямар ч байсан эдгээр хүмүүсийг нэн даруй ажлын байраар хангах хэрэгтэй. Анкет бөглүүлээд орхичихож болохгүй” гэж Сү.Батболд анхааруулсан юм.

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцах хүсэлтэй хүмүүс олширчээ

Сүхбаатарын талбай дээр өдөрлөг хийж байсан тэр өдөр талбайн нөгөө талд нь их, дээд сургуулиа төгссөн залуусын баяр болж байлаа. Харин МСҮТ-д суралцах хүсэлтэй хүүхдүүдэд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас мэргэжлийн зөвлөгөө өгч байсан юм. “Тэтгэлэг өгдөг болохоор МСҮТ-д оръё гэж бодсон. Бас төгсөгчдийн дйилэнх нь ажлын байраар хангагддаг гэж сонсоод гэр бүлээрээ зөвлөлдөж байгаад МСҮТ-д шинэ хичээлийн жил эхлэхээр элсэе гэж бодож байна. Өнөөдөр өгч байгаа зөвлөгөө нь ч надад маш их таалагдлаа. Өмнө нь би зүгээр л өнгөц мэддэг байж” гэж Сүхбаатар дүүргийн иргэн Л.Нямжаргал ярьсан юм. Мэргэжилтнүүдийн мэдээлж буйгаар сүүлийн гурван жилд МСҮТ-д элсэгчдийн тоо 10-20 хувиар нэмэгджээ. Мөн сүүлийн хоёр жилд төгсөгчдийн бараг 80 гаруй хувь нь ажлын байраар хангагдсан гэсэн таатай мэдээлэл байна. Харин зарим залуус “Юун тэнэг юманд орох гэж дурладаг юм билээ дээ” гэж амандаа бувтнаж байсныг нуух юун.

Зургаан хувийн зээлд хамрагдах хүсэл…

Сүүлийн хэдэн сарын хугацаанд Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт ачаалал үүсгээд байсан энэ асуудал талбай дээр цугларсан хүмүүсийн сонирхлыг ч бас татаж байсан юм. Иргэд ямар ч байсан бүрдүүлсэн бичиг баримтынхаа дагуу лавлагаагаа авч байсан бол энэ талаар мэдээлэлгүй хүмүүст Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамнаас тодорхой мэдээллийг өгч байсан юм. Гэсэн ч тэдний чухам хэдэн хувь нь хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авч чадахыг таашгүй. “Өгч байгаа мэдээллээс нь үзвэл цалингийн босго гэдэгт манай гэр бүлийнх л лав хүрэхгүй юм байна. Уг нь сайн хөөцөлдөе гэж бодож байсан юм” гэж Чингэлтэй дүүргийн иргэн Х.Сайнжаргал ярьсан юм. Угтаа яг энэ хүн шиг бодож байгаа хүмүүс олон. Харин Засгийн газрын тэргүүн энэ ажлыг хамгийн үр дүнд хүрч болох ажил гэж нээлтийн үгэндээ онцолсон юм. Гэхдээ боломжийн босготой юм байна гэж сэтгэл өндөр гарах хүмүүс ч олон байсан билээ. Харин нарийн мэдээлэл авч чадалгүй үлдсэн олон хүн байгааг сануулах нь зүйтэй.

Суурь өвчтэй хүмүүс олон байна

Талбай дээр зохион байгуулагдсан өдөрлөгийн үеэр иргэдийн хөлд багагүй дарагдсан газар нь Улсын клиникийн төв эмнэлгийн хэсэг. Иргэдэд үнэгүй үзлэг хийж, шинжилгээнд хамрагдах хүмүүст шинжилгээний бичиг өгч, яаралтай эмчилгээ хийлгэхийг зөвлөж байсан юм. Энэ өдөр л гэхэд 40 гаруй хүн үзүүлсний дийлэнх нь зүрх судас болоод амьсгалын замын үрэвсэлтэй байсныг эмч нар хэлж байлаа. “Иргэдийн дунд ийнхүү өвчлөл нэмэгдэж байгаа нь чанарын шаардлага хангаагүй хоол, хүнс ялангуяа агаарын бохирдол, ногоон байгууламжийн хангалтгүй байдал хамгийн их нөлөөтэй. Уг нь иргэд жилдээ нэг удаа ерөнхий шинжилгээнд хамрагдаж байвал өвчин хүндрэх, хавдар болох эрсдэл маш бага” гэж “Мон-Мэс” эмнэлгийн зөвлөх эмч Б.Жамбалжав ярьж байсан юм. 0-16 насны хүүхдүүд төрсний гэрчилгээгээрээ эрүүл мэндийн даатгалын тусламж авна. Нийгмийн даатгалын ерөнхий газрын хэсэгт иргэдэд эрүүл мэндийн даатгал болоод тэтгэвэрийн итгэлцүүр, нийгмийн даатгалын дэвтрийн талаар ерөнхий мэдээллийг өгч байсан юм. Энэ үеэр нэгэн баяртай мэдээлэл дуулгасан нь 0-16 насныхан эрүүл мэндийн даатгалын дэвтэр авалгүй төрсний гэрчилгээгээр эрүүл мэндийн үйлчилгээ авах байлаа.

Нийгмийн даатгалын ерөнхий газраас эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг шинэчлэх ажлыг эхлүүлж эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь төрөөс хариуцдаг иргэдийн даатгалын гэрчилгээг бусад албан ёсны баримт бичигтэй хамтатгах мөн даатгуулагч эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй авахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 16 хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг төрсний гэрчилгээтэй адилтган үзэж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхийг Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн 2012 оны тавдугаар сарын 8-ны өдрийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлсэн байна. Дээрх шийдвэр албан ёсоор хэрэгжиж эхэлснээс хойшхи хугацаанд шинээр төрсөн хүүхдүүдэд эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг олгохгүй бөгөөд өмнө нь даатгалын гэрчилгээгээ гээсэн болон дахин авч чадаагүй байгаа 0-16 насны хүүхэд гэрчилгээ дахин авалгүй төрсний гэрчилгээгээрээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломж бүрдэж байна. Ийнхүү дээрх шийдвэр гарснаар 0-16 насны хүүхдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд тулгардаг шат дамжлага багасаад зогсохгүй иргэдийн ажил хөнгөвчлөгдөх боломж бүрдэх юм. 

Ийнхүү өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гүйцэтгэх засаглалын Монголын эдийн засгийн өсөлт гээд бүх л амжилтыг дагуулсан гэдгийг онцолсон нэг өдөр Сүхбаатарын талбайд болж өнгөрөв. Жирийн өдөр иргэдэд хаалттай байдаг энэ олон байгууллагууд нэг өдөр олноороо нээлттэй байж, мэдээлэл өгч байсан нь иргэдийг сандаргахад хүрэв. Зарим байгууллага нь мэдээллээ хангалттай өгч байсан бол зарим нь тухайн хүнд эргэлзээ төрүүлэх мэдээлэл өгч байсныг хэлэх хэрэгтэй. Хэдийгээр салхи сэвэлзэж, цасаар шуурч байсан ч хүмүүс чамгүй цугларсан юм. Гэхдээ тийм ч их биш. Талбайн нөгөө талд сургууль төгсөгчид оргилуун дарс буудуулж, найр ид дундаа нижигнэж байлаа.

Цаашид бүх яам, агентлагууд тусгайлсан нэг өдөр талбай дээр нээлттэй өдөрлөг зохион байгуулах ажээ.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж